2012-09-10-Аланис Мориссетте бол Америк төдийгүй дэлхийн рок урлагийн нүүр царай болсон эмэгтэй.

Тэрбээр 60 сая цомог борлуулсан, долоон удаа “Грэмми”-ийн шагнал хүртсэн, тэгээд бас хэнз хүүхдүүдээ өсгөж буй сайн ээж. Би түүнтэй ярилцах гэж буйдаа баяртай байна. Энэ бол “Пирс Морганы үдэш”, тавтай морил, Аланис.
-Баярлалаа.
-Сайн уу, сонин сайхан юутай байна даа. “Нью-Йорк Таймс” таныг ууртай догшин, залуухан эмэгтэй гэж онцлон дурдсанчлан би нэг тийм, үймээн шуугиан тарьсан, тэсэрсэн, дэггүй, ууртай бүсгүйтэй уулзах байх гэж бодож байлаа?
-Тэр онцгой байдлыг мэдрэхийн тулд та надтай гэрлэх юм уу, эсвэл дотно харилцаатай байх ёстой болох нь дээ. Хэрэв бид бие биенээ арай илүү мэддэг болбол өөр хэрэг шүү.
-Тэгж чадахгүй л болов уу, гэхдээ би таны дуулахыг сонсоод үнэхээр тэсрэлтийг мэдэрдэг.
-Үнэхээр хүндэтгэлтэй хандаж байна шүү. Рок дуучид бид ер нь их томоотой, зохистой хүмүүс л дээ. Бусдыг хүндэлж, анхаарал хандуулж чаддаг. Бас бид жинхэнэ доргио байж чадна.
-Та Америк, Канадын иргэн байх аа. Тэгэхээр АНУ-ын сонгуульд оролцох боломжтой гэсэн үг үү?
-Яг тийм.
-Та сонголтоо хийчихсэн үү?
-Би аялан тоглож явахдаа амьдралаас их зүйлийг сурдаг. Тэр утгаараа хэдийнэ сонголтоо хийчихсэн. Гэхдээ би улс төрийн идэвх муутай хүн шүү дээ. Би өөрийгөө бичил сансрын хүн гэж боддог. Би бусдын л адил өөрийн хүслээр, хэн нэгнээс хамааралгүй, тусгаар байхыг илүүд үздэг.
-Энэ бол дэндүү хувиа бодсон, ичгүүргүй байдал гэж би бодож байна. Танд дутагдаж, гачигдах зүйл гэж үгүй. Бүх зүйлийг тань төлөвлөж, өмнөөс тань хийгээд өгчихдэг тусгай алба ажиллаж байна. Энэ бүхэн төрөхөөс л заяасан хувь тавилан уу?
-Та хошигнож байгаа байлгүй дээ. Надад ч бас бусдын төлөө санаа чилээдэг асуудал байдаг юм шүү. Ойр дотнынхныхоо өмнө хүлээсэн үүрэг ч бий.
-Та дэлхийн олон орноор аялан тоглодог хүн. Тэгж явахад орчин цагийн Америкийн даяаршлын талаар хүмүүс ямар бодол, санаатай байгааг мэдэрдэг биз?
-Дэлхийн аль хэсэгт амьдарч байгаагаас үл хамааран хүмүүс Америк орныг, америкчуудыг хэт их хувиа бодсон, үндсэрхэг, дээрэнгүй гэж дүгнэдэг юм билээ. Заримдаа энэ нь бүр өвчин болтлоо ужгирсан гэх нь бий. Тэр ч бүү хэл, дэлхийн хэмжээнд түгээдэг соёл урлагийн сэтгүүлд ч энэ нь тусгалаа олж, зөвхөн бие махбодийн тав тухыг чухалчилж, энэ л талаар сурталчлаад байгааг хүмүүс их гайхдаг.
-Энэ байдал хүүхдийн хүмүүжилд ч нөлөөлж байгаа, тийм үү?
-Тийм шүү. Миний бодлоор америкчуудын дунд, ялангуяа охид, бүсгүйчүүдийн хувьд жирийн, ердийн, бусадтай адил байх, ижилсэх гэдэг ойлголт үгүй болоод байна уу даа. Охид бүхнийг зөвхөн өөрийн хувилбараар, өөрийн болгохыг хүсэх болж.
-Та хоёр хүүтэй байх аа. Тэднийгээ хөхөөрөө хооллосон уу. Таван нас хүрсэн охиноо хөхөөр нь хооллосоор байгаа америк ээж шиг та ч гэсэн хүүхдийг дөрөв, тавтай болтол нь хөхүүлэхийг зөвшөөрөх үү. Үүнийг боломжтой асуудал гэж бодож байна уу?
-Би одоо цагт амьдарч байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад хүүхдээ хөхөөр хооллож байгааг үгүйсгэхгүй ч, өөрөө бол тэгэхгүй л болов уу. Тэгээд ч хөхний сүүний бүтэц, тэжээллэг байдал тухайн ээжийн насыг дагаад хөгширдөг. Тэгэхээр тэжээллэг байж чадахгүй л болов уу.
-Сонирхолтой байна шүү. Гэрлэлт, хүүхдийн хүмүүжил таныг тайван болгосон уу?
-Би ер нь айхтар хурц зантай хүн биш. Гэхдээ л дотор минь тийм нэг буцалсан зан, уур хилэн байдаг. Энэ бол шунал, бүтээх туурвих хүсэл юм. Зураачдыг өдөөдөг тийм нэг зүйл шиг. Түүгээр би хөглөгддөг.
-Үнэний ортой байх шүү. Миний мэдэхээр, хайрлаж, хүндэлж явдаг зураачид маань энгийн хүн ойлгохын аргагүй хачин сонин зүйлд шаналж, зовж байгаа харагддаг. Тэр зовлонгийн цаана харин сэтгэл хангалуун байлгах ямар нэгэн зүйл байгаад байх шиг?
-Миний бодлоор шунал хүсэл ямар нэгэн зүйлийг над руу түлхдэг. Хэрэв би шунан дурлаж, шаналахад ч мөн шунаж байвал тэрхүү шунал хүсэл миний төлөө хөдөлж эхэлдэг шиг байгаа юм.
-Ямар шунал хүсэл таныг дуу бичихэд хүргэдэг бол?
-Энэ бол зөвхөн миний бодол шүү, уур хилэнд дэлхийг ч хөдөлгөх хүч бий.
-Та хэзээ хамгийн их асаж, дүрэлздэг вэ. Тэр үедээ ямар дуу зохиосон бол гэдэг нь сонирхол татаж байна шүү?
-Ер нь бүтэлгүй дурлал хүнийг дүрэлзүүлэхгүй, зүгээр орхидоггүй байх. Эрэгтэй, эмэгтэй хэн байх нь хамаагүй, тэрэнд өдөөгдөхгүй хүн байх уу?
-Та үнэхээр сонирхолтой зүйл ярьж байна. Та ямар ч сэтгэл хөдл өлийн үзүүрт амьдрал байдаг гэх гээд байна даа?
-Тийм. Ямар ч цаг хугацаа, нөхцөл байдалд сэтгэл хөдлөлийг бид барьж, захирч чадахгүй. Тэр юуг ч нэвтэлж чаддаг, яг л долгион шиг. Аз жаргал гэдэг түр зуурын, хувьсамтгай зүйл гэж боддог. Ер нь аз жаргалтай мөч гэж байхаас дандаа аз жаргалтай амьдрал гэж үгүй байх. Харин харуусал, гуниг гэдэг чамайг хяналтаас гаргадаг хэцүү зүйл. Эдгээрийг харин сүсэг бишрэл талаас нь харвал хоёул өөр утгаар тайлбарлагдах байх. Бидний өдөр тутмын амьдралд өс хонзон, хар талын мэдээлэл олон байдаг ч бүгд л хоосон чанартай, хоосны тайлал юм.
-Та хэдэн удаа дурлаж байсан бол?
-Би бараг сая удаа дурлаж байсан. Тэгж дурласан мөч бүртээ би хайртай.
-Үнэхээр үү?
-Гэхдээ дурлалын талаар би хатуу дүрэмтэй л дээ.
-Тэгж олон удаа дурласан зүрх тань хэдэн удаа шархалсан бэ?
-100 удаа.
-Та ч засрахгүй романтик хүн юм даа?
-Хар тамхинд дурлагч хүн шиг би дурлалд нэвт шувт орчихсон юм л даа.
-Гайхалтай юм. Бэлгийн харьцааны хувьд бусдаас хамааралтай байсан хүнтэй би ярилцаж байсан юм. Гэхдээ таны ярьж байгаагаас энэ бол тэс өөр асуудал байх л даа.
-Тэгэлгүй яах вэ, тэс өөр асуудал.
-Та католик шашинтай юу?
-Үгүй, би сүсэг бишрэлтэй байхаар төрсөн хүн биш шиг байгаа юм.
-Та бурханд итгэдэггүй хэрэг үү?
-Би бурханд хайртай.
-Тэгэлгүй яах вэ, та бүгдэд л хайртай.
-Би үнэхээр бусдыг хайрладаг. Тэр хүнийг би үзэн ядаж байсан ч хайрлана.
-Та хэрхэн залбирдаг вэ?
-Би цаг үргэлж залбирдаг. Одоо ч гэсэн залбирсаар байна.
-Тийм үү, юуны төлөө. Ярилцлагыг хурдан дуусгаасай гэж үү?
-За үгүй дээ.
-Тэгвэл яриа цааш улам их өрнөөсэй гэж үү. За тэгвэл үргэлжлүүлье. Олны танил байх танд ямар санагддаг вэ, таалагддаг уу?
-Олны танил байх нь надад таалагддаг. Хүмүүс намайг танихад би дуртай байдаг. Гэхдээ өмнө нь энэ байдлыг үзэн яддаг байсан. Одоо бол өөр.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа, Аланис. Бурхны авралаар (инээв) ярилцлага өндөрлөж байна. Удахгүй гарах шинэ цомгийн тань нэр “Havoc и Bright Lights” байх аа. Заавал сонсоно оо. Баярлалаа.