2012-10-01Телевизийн ярилцлагын алдарт хөтлөгч Ларри Кингийн хамгийн сүүлийн зочноор бүх цаг үеийн шилдэг дууны эзэн

Селин Дион уригджээ. Алдарт хөтлөгчийн дуучинтай хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь толилуулъя.
-Сайн уу, Селин Дион. Танд энэ өдрийн мэнд хүргэе!
-Баярлапаа. Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.
-Илүү дутуу асуултгүй шууд ярилцлагадаа оръё. Нэг хэсэг биднийг орхиж уран бүтээлээсээ хөндийрсөн шалтгаан юу вэ?
-Би урлагийн ертөнцдөө дэндүү хайртай хүн юм гэдгээ энэ хугацаанд ойлгосон. Надад амьдралдаа зориулах цаг хугацаа хэрэгтэй байсан. Миний нөхөр хүндээр өвчилсөн нь намайг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн юм. Би нөхөртөө хайртай. Түүнийгээ эрүүл болгохын төлөө бүхнээ зориулна.
-Тун таагүй. Энэ бүх хүндрэлийг даван туулахад бид туслах болно оо.
-Баярлалаа, Ларри. Намайг дэмждэг, сонсдог хүмүүсийн урмын үг бидэнд маш их тус дэм болж байгаа.
-Та хоёр учирсан хүндрэлээ хэрхэн даван туулъя гэж бодож байна?
-Заримдаа ч шантрах үе надад байсныг би нуухгүй. Гэхдээ эмэгтэй хүний зориг, тэвчээртэй зан энэ бүхний ард гарахад тус болсон. Мөн бурхан бүх л хэцүү зүйлийг даван туулахад тусалдаг юм билээ. Бүхий л хүнд “Би юу хийх ёстой вэ", “Яагаад заавал надад энэ хүндрэлүүд учир нь вэ” гэсэн ойлгомжгүй олон асуулт гарч ирнэ. Энэ бүгдийг “би бол аугаа амьдралтай”, “Би хүчтэй”, “Би хамгийн сайн нь” гэж өөрийгөө хурцалж давах нь зөв.
-Попын хаан, домогт дуучин Майкл Жексонтой Таныг холбож ярих юм. Үнэхээр Та хоёрын дунд хайр сэтгэлийн холбоо байсан уу?
-Би Майклд хайртай байсан. Гэхдээ энэ хайр зүрх сэтгэлийн хайр биш анд нөхрийн хайр байсан юм. Тэр бол үнэхээр аугаа дуучин байлаа. Түүнгүйгээр орчин цагийн хөгжмийн урлагийг төсөөлөхөд бэрх. Анх би Майклтай таарч түүний гараас атгахад “Бурхан минь гэж. Би түүнтэй гар барьчихлаа” гэж өөртөө хэлж байсан. Тэгэхэд “Чиний хоолой үнэхээр чадалтай юм. Надтай холбоотой байгаарай” гэсэн нь надад үнэхээр том урам болсон. Тэр цагаас би Майклтай дотно байж амьдралынх нь нэг хэсэг болсоор ирсэн. Үүнийг хүмүүс хайртай байсан гэж андуураад байх шиг байна.
-Тэгвэл жирэмсэн болоход чинь хүмүүс хэрхэн хүлээж авав?
-Бүх хүн л баяр хүргээд шагнал авчихсан юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан. Фэнүүдээс минь мянга мянган баярын үгтэй ил захидал ирсэн. Энэ бүгдийг эргээд дурсахад сайхан байна, Ларри.
-Нэг хэсэг Таныг хүүхэд үрчилж авах гэж байгаа гэсэн яриа гарч байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Нэг хүүхэд үрчилж авъя гэж бодож байснаа би хэнээс ч нуудаггүй. Тэр байтугай хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүртэл дурдаж л байсан. Хүүхэд үрчилж авах чинь тийм муу үйлс биш шүү дээ. Харин ч сайхан үйлс гэж би бодцог юм.
-Мэдээж хүүхэд үрчилж авна гэдэг үнэхээр гайхалтай үйлс. Одоо энэ бодлоо орхисон биз дээ?
-Яалаа гэж дээ, Ларри. Хүүхэд бол хүн төрөлхтний эхлэл. Би нэг нууцаа дэлгэх үү
-Бололгүй яахав. Энэ бол чөлөөт ярилцлага.
-Санаагаар болдог бол би 11 хүүхэдтэй больё гэж бодож байгаа /инээв/.
-Бурхан минь гэж. Хэзээ амжуулж дуусах ажил вэ?
-Өөрөө төрүүлж амжихгүй бол өрөөлөөс үрчлээд авчихаж болно шүү дээ. Манай нөхөр бид хоёр дэлхийн аваргад түрүүлэх хэмжээний хөлбөмбөгийн баг бүрдүүлнэ гэж ярилцсан шүү /инээв/.
-Сайхан мөрөөдөл байна.
Энэ мөрөөдөл танай гэр бүлийг улам аз жаргалтай болгож байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Энэ бол мөрөөдөл биш. Биелэх боломжтой зүйл гэдгийг хэлэх нь зөв. Ийм зүйлийг бодох болсноос хойш манай нөхрийн бие улам сайжирч байгаа. Тийм болохоор энэ бодлоо ажил хэрэг болгоно гэж зүтгэж байгаа шүү.
-2001 оны есдүгээр сарын 11-нд Та хаана байсан бэ?
-Би Монреалийн хажууханд орших Росмертэд байсан. Аав, ээжийнхээ нутагт байсан гэсэн үг.
-Гунигт үйл явдлын талаар яаж мэдэв?
-Телевизээр үзэж мэдсэн.
-Тухайн үед сэтгэлд чинь юу бодогдож байв?
-Хар үүл сэтгэлийг минь бүрхэх шиг л болсон. “Ингээд бүх зүйл дууслаа” гэж ярьдаг биз. Яг үүнтэй ижил. Амьдрал зогсож байгаа юм шиг таагүй сэтгэгдэл төрсөн.
-Жаахан таагүй асуултууд тавьчихлаа. Бүх цаг үеийн шилдэг кино “Титаниктай” хэрхэн холбогдсон тухайгаа дурсаач?
-Тухайн үед ЛасВегаст тоглолтоор явж байлаа. Тэгээд “Титаник” киноны хөгжмийн зохиолч Жеймс Хорнертой нэг буудалд байрлаж таарсан. Санаандгүй учрал гэх үү дээ. Жеймс Хорнертой кафед таарч өдрийн цай хамт уусан юм. Тэгэхэд Ж.Хорнер надад “Би нэг кинонд дуу хийх санаатай. Гэхдээ найруулагч нь дуу хийлгэхийг хүсэхгүй байгаа юм. Жеймс Камероныг чи танина даа” гэж байсан.
-Тэгээд юу болов?
-Жеймс Камерон мундаг найруулагч болохоор тухайн үеийн киноны арга барилаас татгалзаж дуу хийлгэхийг хүсээгүй байх. Гэхдээ Хорнер “Чи энэ дууг заавал сонсох ёстой” гээд өрөөндөө дагуулж ороод төгөлдөр хуур дээр тоглож сонсгосон. Эхлээд сонсоход чихэнд нэг л наалдаж өгөхгүй байсан шүү. Тэгээд Хорнерт дахиад нэг тоглоод өгөөч гэж гуйсан. Түүнийг дахиж тоглоход үнэхээр сайхан аялгуугай дуу юм гэж бодсон.
-Өнөөдрөөс өнгөрсөн үерүүгээ харахад алдсан, оносны аль нь их байна ?
Ний нуугүй хэлэхэд энэ тухай би бодож байгаагүй юм байна. Гэхдээ алдсанаасаа оносон нь их байх. Хэрэв урлагийн ертөнцөд хөл тавиагүй бол энэ миний алдаа болох байсан. Хэчнээн аав минь эсэргүүцэж байсан ч би зөрсөөр байгаад л дуучин болсон. Миний шийдвэр зөв байсан гэдэгтэй хожим аав минь эвлэрэх болсон шүү.
-Аав тань яагаад дургүйцдэг байсан юм бол?
-Түүний хийх дургүй зүйлийн нэг нь дуулах байсан юм. Уг нь дуулбап сайхан дуулна. Даанч тэр урлагт биш өөрийнхөө эзэмшсэн мэргэжилд бүх зүйлээ зориулсан хүн. Зөвхөн өөртөө зориулж л дуулдаг байсан.
-Дуучин хүнд тохиолддог хамгийн том бэрхшээл?
-Өөрийнхөө дуртай бүх зүйлээс татгалзах. Би хоолойгоо гамнахын тулд шоколад, кофе, жигнэмэг зэргээс татгалздаг. Гэтэл энэ бүгд миний хамгийн дуртай зүйл шүү дээ /инээв/. Хааяа өөрөөсөө нуун байж хэдэн жигнэмэг идчихдэг юм.
-Өөрөөсөө нууна гэхээр сонин санагдаж байна?
-Яахав дээ. Өөрийгөө хуурч байгаа нэг хэлбэр. Намайг хүн хараагүй, би өөрийгөө хараагүй. Тэгээд л жигнэмэг дуусчихаж байгаа юм чинь /инээв/.
-Тантай мөр зэрэгцэн урлагт зүтгэж яваа андуудынхаа талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Мариян Кери, Уитни Хьюстон нар бол бүх цаг үеийн алдартнууд. Бид бүгд урлагийн ертөнцөд зэрэг хөл тавьсан. Дуулах бол бидний ажил. Гэхдээ дуулах нь эрүүл бизнес биш шүү дээ. Осолтой бизнесийн жагсаалтад гуравдугаарт орсон байсныг үзэгчид санаж байгаа байх. Гэтэл нөгөө талаараа урлаг бидэнд гайхалтай амьдралыг бэлэглэж чаддаг. Хамгийн үнэтэй машин, хувийн орон сууц, нэр хүнд гээд тоочоод байвал барагдахгүй. Энэ гайхамшигт ертөнцөд биеэ зөв авч явахгүй бол дампуурал гэдэг дайсан үргэлж чамайг анаж байх болно. Хамгийн чухал нь янз бүрийн үдэшлэг, хар тамхи, архинаас хол байх хэрэгтэй.
-Би бүх л амьдралынхаа туршид телевизтэй холбогдсон. Хамгийн сүүлийн ярилцлагыг Тантай хийж байна?
-Миний хувьд Таны сүүлийн зочин байна гэдэг нэр төрийн хэрэг. Гэхдээ амьдрал мөнх эргэдэг хүрд учраас ингээд дуусчихгүй. Би Тантай үүнээс ч олон удаа ярилцана гэж боддог шүү.
-Сэтгэлийг минь сэргээсэнд баярлалаа. Үзэгчдээ энэ бол бүх цаг үеийн шилдэг дууны /”Му heart will go on”/ эзэн Селин Дион байлаа. Ингээд сүүлийн асуулт. Та амьдралыг ямар өнгөөр төсөөлдөг вэ?
-Би амьдралыг цагаан өнгөөр төсөөлдөг. Учир нь бүх хүний сэтгэлд жаахан ч гэсэн сүүний дусал байдаг юм. Тийм болохоор л хүн уйлж, инээдэг байх.
-Миний урилгыг хүлээн авч “Ларригийн шоу”-нд оролцсон Танд баярлалаа. Мөн миний шоутай хамт байж урмын үг хайрладаг үзэгчдэдээ баярлалаа. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Р.Оюунгоо
Эх сурвалж: unen.mn