2013-03-16Уулс юм гэвэл холдоо бараатай, ойрдоо нөмөртэй, хажуу толгоддоо ээлтэй, нутаг усны нөөлөг болон дүнхийх хайрхан юм болов уу.
Уг нь би "тактик Түмэн" гэж Зэвсэгт хүчинд алдаршсан эрхмийн тухай л онож хэлэх үгээ олж ядаж байгаа нь энэ. Уулзах гэхээр сүрдээд, ярилцах гэхээр балчирдаад хэсэгтээ л ээрч гуйсны эцэст орлогч эрхлэгчээраэ бамбай барьж очив. Мань хоёр ч эртний танилын ёсоор уулзаж, мэнд мэдэн яриа дэлгэлээ.
Цаад далд хүсэл минь биелж байгаа нь энэ. Амнаас гарах үг Бүрийг нь сонирхож, алдалгүй буулгаж, Түмэн гэдэг хүнийг өөрийнхөөрөө "зурах нь" миний зорилго. Та чинь аль аймгийнх билээ гэж орлогчийг асуухад, Түмэн багш "Дорнодын Баян-Уулынх" гэхэд
-Өө тэгвэл та чинь буриад юм уу
-Үгүй шүү, жинхэнэ халх. Удам угсаа маань Богдын зарлигаар томилогдсон хилийн харуул байсан юм гэж ирээд л яриа өрнөлөө. 1947 онд малчин ард Батын хоёрдугаар хүү болон мэндэлж, бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж, сумын 10 жилийн сургууль дүүргэж, 1968 онд ЦЕС-ийг улаан дипломтой төгсөн сургуульдаа курсын даргаар томилогдон ажлынхаа гарааг эхэлжээ.
1971-1973 онд Хүндэт харуулын дарга, 1973-1976 онд Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1976-1981 онд 126 дугаар нэгтгэлд оператив тасгийн дарга, штабын дарга, 1981-1983 онд ЦНДС-д тактикийн тэнхимийн эрхлэгч, 1983-1995 онд 186 дугаар нэгтгэлд штабын дарга, хорооны захирагч, 1995 оноос БХИС-ийн БХУА-д багш, тэнхимийн эрхлэгч, дэд захирал зэрэг албан тушаалыг хашсан. Б.Түмэн гэдэг хүний товч намтар энэ.
Бидний яриа Хүндэт харуулын даргаар томилогдсон тухайд үргэлжилж байна. Сургуулиа онц төгссөн тэрээр өөрийн хүсэлтээр сургуульдаа курсын даргаар үлдэж 2 жил ажиллаж байтал Ж.Ёндон генерал дуудаж, өрөөндөө рапорт өгүүлжээ. Генералын өөдөөс харж ч зүрхлэлгүй, хоолой ам нь чичрээд арай гэж л өгсөн болж.
Ингэж Хүндэт харуулын дарга болсон түүхтэй. Хамгийн анхны угтсан зочин нь Хятадын элчин. Бэлтгэлийн үеэр хоолой нь гардаггүй, хал цэргүүддээ шоолуулж байсан хөгжилтэй түүх чимх инээд болж, тухайн үед Хүндэт харуулынхан хуучнаар Сийлэнпүүгийн пүүс буюу бидний сайн мэддэг Манлай баатар Дамдинсүрэнгийн босоогоороо үхдэг тэр газарт байсан түүх ч бас сонин байв.
Удалгүй бас Афганистаны Шах ирэх болж ахмад цолтой хүнээр рапорт өгүүлнэ гэж дэслэгчийг голоход нь мань хүн Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ж.Ёндон руу утасдаж "Хүнийг хүнээр сольж байхаар, нэг таван хошуу нэмж өгөөд рапорт өгүүлж болохгүй юу" гэж хэлээд тавьчихаж. Энэ нь ч бас учиртай.
Өмнөх хүндэт харуулын дарга иймэрхүү асуудлаас болж цэргүүдийнхээ дунд ч үл тоогддог болсон байж. Буурал хурандаа "Таныг хүндэтгэн угтаж Нийслэл Улаанбаатар гарнизоны хүндэт харуул жагссан. Хүндэт харуулын дарга Түмэн" гэж тэртээх он жилүүдэд өгч байсан илтгэлээ хэлэхдээ ч цаанаа албаараа омогшиж байгаа нь ч илт.
Үүний дараа түүний Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академид суралцсан он жилүүд үргэлжлэв. Очингуутаа шалгалт өгч хэлний бэлтгэлд суулгүй шууд үндсэн ангидаа орсон гэж сонсоод орос хэлэндээ шаггүй нөхөр байж гэх зурвас бодолтой минь зэрэгцэн "Надад англи хэл сурах шаардлага байхгүй ээ.
Би орос хэлээр хангалттай мэдээлэл авчихдаг" гэсэн нь нотолгоо болов. Төгсөж ирээд шууд Зүүнбаян. Эндээс ч сонин хачин их сонсоно доо гэж дотроо хорхойсч "Та Зүүнбаянгийн он жилүүдийг эргээд дурсахад хамгийн түрүүнд юу бууж байна вэ? гэж үг өдөж асуулаа. Гэтэл мань эр "Байлдааны бэлтгэл гэхээс өөр зүйл буухгүй байна" гэдэг байгаа.
"Үнэхээр хүнд хөдөлмөр, цаг наргүй он жилүүд байсан. Үргэлж хээрийн сургууль дадлагатай. Машин техник дүүрэн цэнэгтэй, буу, зэвсэг сумтайгаа. Хамгийн сүүлд л гэхэд дивизийг бүрэн дэлгэсэн юмдаг. 10000 цэрэг, 5000 офицер, ахлагч, 6 хороотой гээд чи боддоо. Дивиз жагсахад зах нь харагдахгүй. Карантинд гэхэд л 5000 цэрэг хүлээж авна.
Өдөрт 500 хонь хоолонд. Ингээд л төсөөл дөө. Ёстой бужигнадаг байсан нь харагдаж байгаа биз" гэж ярьсан нь, эдгээр тоо ч намайг багагүй "ангайлгав". Та ч нэлээд зоддог дарга байсан байх аа гэж цааш нь үргэлжлүүлэхэд "ёстой үгүй. Ерөнхий төрх, зангаргаараа л айлгадаг байсан байх. Би чинь дуу ихтэй, хүн загнахдаа сайн.
Ууж хөлчүүрхсэн нөхдүүдийг үүднийхээ хонгилд хийчихээд л авгайд нь хүлээлгэж өгнө. Шийтгэлээ гээд, мөнгө төгрөгийг нь хаслаа гээд яахав дээ. Ямар ч хэрэггүй" гэсэн нь түүний бас нэг зан чанарыг харуулна. Гавъяат эмч Жамбалжав шинэхэн дэслэгч очиж агсам тавиад үсээ хусуулж байсан хөгжилтэй явдал ч энэ үеэр яригдав.
Цэргүүд оргож явахдаа төөрч багагүй адал явдал болдог байж. Элсэнд төөрөөд үхчихсэн цэрэг дээр Агваан гэж прокурорын хамт очиход өнөөх нь наранд хөөгөөд босоод суучихсан, биенд нь дөнгөж хүртэл дэлбэ үсрээд хэсэгтээ л өмхий үнэр нь гараагүй тухай ярьж чихүүдэс хүргэв. Үнэхээр ч оргодол цэргүүд шар махтай нь хатаадаг байсан аж.
Ярилцлага эхлэхийн өмнө л аман дээр гараад байсан асуултаа асууж орхилоо. "Та чинь хурандаа цолыг 2 билүү 3 удаа хураалгасан гэж сонссон" гэж. Эрээгүй асуултыг маань Түмэн хурандаа сонсчихоод хүд хүд инээж "Хураалгасан биш ээ. Бүр 3 удаа хүртсэн гээч. Би чамд гоёор ярьж өгнөө" гэхэд нь хэрдээ л баярлаж суулаа.
Ярихгүй байхыг хэн байг гэхэв. "Би хошууч цолыг 2-хон cap зүүгээд 1979 оны 3 дугаар сард Хятад Вьетнам руу довтлоход бригад хээрийн сургуульд амжилттай оролцсон учраас 5 дугаар сард штабын даргаар томилогдож дэд хурандаа цол хүртсэн. 1990 онд Эрдэнэтийн дивизийн штабын даргаар томилогдож хурандаа цолоо авсан юм.
Дараа жил нь захирагч болчихоод цэрэг турж үхсэн хэргээр арга хэмжээ авахуулж, эргээд дэд хурандаа болдог юм байна. Үүнээс 6 сарын дараа Жанжин штабын шалгалтад сайн үнэлгээ авч хурандаа цолоо эргүүлэн авсан. 1995 онд Ш.Жадамбаа сайдад өргөдөл гаргаж, насаараа хөдөө явлаа.
Би одоо сурсан мэдсэнээ хэдэн хүүхдэд хэлж өгье гэж, тэгээд л багшлах болсон юм. Гэтэл 1996 оны өвөл тэтгэвэрт гарч буй хүмүүст тэтгэмж өгөөд эхлэв ээ. Аав, ах хоёр маань ойрхон өнгөрч, өр ширтэй хэцүүхэн байсан учраас мөнгөнд нь болж тэтгэвэртээ гарсан. 7 сарын дараа эргээд багшлах санал ирж, хурандаа цолыг минь сэргээсэн.
Ийм л намтартай юм даа" гэхэд нь "Тэр цэрэг үнэхээр тураад үхчихсэн юмуу эсвэл..." гэж үгээ гүйцээж амжаагүй байтал "Цэрэг алсан гэх гээд л байна аа даа гэж жуумалзан, үнэндээ надад ч хамаагүй шахуу л асуудал байсан. Амарчихаад ажилдаа иртэл тураалтай цэргүүд гээд тусгаарлачихсан хоол идээд л хэвтдэг хэсэг болчихсон байсан.
Тэр үе чинь их эгзэгтэй үе. Цэргийн алба 1 жил болчихсон чинь өвөө, эмээгийн "мах, айрагны" хүүхдүүд түргэхэн шиг алба хаах гээд бөөн бөөнөөрөө ирээд ногоо энэ тэрд дасахгүй байсан юм болов уу гэж одоо боддог юм. Хэд хэдэн ангид тийм байсан. Хошигнож хэлэхэд энэ явдлаас болж бид ч нэлээд турсан шүү.
Энэ үеэр нэг цэрэг нас бараад шөнө 12 цагт яамны коллеги хуралдаад л цол хураагаад, заримынх нь албан тушаалыг өөрчилсөн. Цолоо авахуулах ч онцгүй л юм байна лээ" гэж хүнгэнэтэл инээхийг нь хараад цаанаа л нэг тайван, бодь сэтгэл үнэртэх шиг. Мөрдэсээ өөдөөс нь шидээд гар гэж хэлэх хүн ч тэр үед цөөнгүй байж.
Гэхдээ тэр тэгсэнгүй. Хөдөө хөхөрч, гадаа гандаж, сайшаагдаж, шийтгүүлж явахдаа ч, орон гэр нь галд өртөж, өмссөн хувцастайгаа үлдэж байсан тэр хэцүүхэн өдрүүдэд ч Түмэн түвшин хэвээрээ л байсан. Түүний ноён нуруу хазайсангүй. 48 жил Зэвсэгт хүчинд Түмэн хурандаа, Түмэн багш хэвээрээ л явна.
48 жил алба хаахдаа та юутай болов, хөрөнгө хурааж чадсан уу гэхэд "Хэдэн ном, хэдэн арваар тоологдох шавь нар маань байна. Хаана ч, хэнд ч тэр бүр олдохгүй баялаг даа хөө. Эрх мэдэл, эд хөрөнгөнд шунаж явсангүй. Боломж бол байсан шүү. Одоогийн зарим залуус ч ичих булчирхайгаа бүгдийг нь авахуулчихсан юм шиг л байх юм" гэх.
Энхийг дэмжих ажиллагаа гэж хэт туйлшраад байх юм. Уг нь үндсэн үүрэг маань биш. Сургуулиа төгсөөд л хэлний дамжаа энэ тэрд хамрагдчихаад л хэд хэдэн ажиллагаанд явчих санаатай нь мэдрэгдээд байдаг гэж залуусын тухайд шүүмжлэлтэй хандсан. Бас бодох л асуудал. Та ер нь их юм ярьдаг нөхөр байсан байх.
Хүний дургүй хүргээд гэхэд "Хэлье гэснээ л хэлээд туучихдаг байсан. Ямар сайндаа л нэг муу дэслэгч Ёндон генерал руу утас цохиж байхав. Хожим нь Зүүнбаянд оперативын тасгийн дарга байхдаа хээрийн сургуулийн үеэр Ёндон генералтай таарсан юм. Мань хүн бидний шийдвэрийг буруу байна гээд л загнаж гарав аа.
Тэгэхээр нь тэсэлгүй "Буруу, зөвийг байлдааны. талбарт шийднэ. Зөв нь хаана байна гаргаад ир" гээд л хэлчихсэн. Удалгүй даралт нь ихдээд онгоцоор явах гэж байна гэж дуулаад өрөөнд нь орж "Таныг уурлуулчихав уу даа" гэтэл "Үгүй үгүй. Та нар ажлаа сайн хийгээрэй" гэж билээ. Үүнээс хойш надад их сайн ханддаг болсон.
Ухаантай хүний л зан" гэж дурсамжаар хариулсан. Нээрээ ч түүний хэлснээр ажил, амьдралынх нь зам тийм ч дардан байсангүй. Гэр бүлээсээ салсан гэж намаас хөөхийг сануулж шийтгүүлсэн тухай, хойшоо цэргийн дээд академид явж чадаагүй шалтгаанаа ч буурал хурандаа нуулгүй ярьсан. Цаана нь учир бий аж.
Магадгүй сэтгэлдээ олон жил тээж, хүнд хэлдэггүй, ярьдаггүй зүйлс нь ч байж болох. Миний зорилго ч түүнийг магтан дуулж, хэдэн ном бичсэн, тийм ийм шагналтай гэж бичих байгаагүй. Энгүүн сайхан яриа өрнүүлж, олон сонин түүх, дурсамжийг хуваалцахыг хүссэн. Хүмүүсийн ам дамжин ярьсныг биш чихээрээ сонссон Түмэнг бичих гэсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэр үедээ "Улаан од" сонины залуухан дэслэгч "Түмэнтэй заавал уулзаарай" гэсэн нийтлэл бичсэн нь одоо ч алдартай юм билээ. Энэ ч бас намайг түүнтэй заавал уулзуулахад хүргэсэн шалтгааны нэг ч байж болох юм. Хобби, чөлөөт цаг гэх зэрэг "орчин үеийн" асуулт тавихад "Цаг гарвал үзэг цаас л нийлүүлдэг.
Загасчлах л дуртайдаа. Бас цаад нөхөрт чинь цаг гаргана" гэж ширээн дээрх шатраа заалаа. Энэ хавьдаа л түүнийг шатраар мадлах хүнгүй гэж "онгирсон" шүү. Бас шаггүй бүжигчин гэж байгаа. Одоо алхаа удааширсан, гэхдээ бүжиглэ гэвэл хөнгөхөн эргэчихнэ. Харин дуулж чадахгүй. Солгой гэж намайг л хэлнэ. Шүлэг бол уншчихна шүү.
Чи ч асууж өгч байнаа. Одоо асуух юм үлдэв үү гэж намайг цаашлуулна. Тэгэхээр нь алдарт "Тактик" овог хийгээд "Түмэн" гэдгийн утгыг асуучихлаа. Угтаа бол Түмэндэмбэрэл гэдэг нэрийг аав, ээж нь хайрласан ч нэг л мэдэхэд Түмэн гээд товчлогдчихсон гэнэ. Харин "Тактик"-ийн тухайд Зүүнбаянд л ийм тодотголтой болчихсон аж.
"Тактик гэдэгт арай гайгүй болохоор тэгсэн юм болов уу" гэж даруухан загнаж курсын даргынх нь ач гавъяа гэж тодотгосон. Курсын дарга нь Ш.Жадамбаа генерал. Өдөржин хээр "байлдуулж" орой нь зуруулаад, байлдааны тушаал бичүүлээд амар заяа үзүүлдэггүй байсны ачаар би "насныхаа хоолыг" олсон гэж талархан дурссан.
Тактик энэ тэр ярьж байснаа заримдаа ч тэгээд орос их бие дээр америк толгой залгаад монгол хүн хаачихав гэсэн эсэргэн бодол толгойд орж ирэх юм гэсэн. Энэ "айхтар" үгийн цаана бас л нэг зүйлийг хэлж байгаа нь тодорхой. Ухаж асуусангүй. Өөрсдийнхөөрөө л ойлго. Миний амьдралын хамгийн зөв шийдвэр бол багш болсон явдал.
Ёстой л байраа, нүдээ олсон гэж үргэлж дотроо баярлаж явдаг гэж Түмэн багш хэлсэн нь сэтгэлд их л ойр, дотно сонсогдов. Үнэхээр л тэр миний анхлан бодсон шиг ханхайж тогтсон нөмөр ихт уул юм. Түүний хэлснээр хамгийн сайхан мөч нь өглөө сургуулийнхаа хашаагаар орж ирэх. Өглөөний нартай уралдаж Түмэн гэх их уул бараагаа ойртуулж айсуй.
Ахмад Х.Ганзул
Эх сурвалж: "Соёмбо"