Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрээр "Халдвартай өвчтөний эмчилгээнд барьж буй хамгийн гол зарчим бол ДЭМБ-аас гаргаж өгсөн зөвлөмжийг дагаж байна. Мөн манай эмч нарын өөрсдийн чадвар мэдрэмжээр бүгдийг эмчилнэ. Вирусийн эсрэг гол эм авиган, арбидол, ремдизивир зэрэг эмийг авсан. Дэлхий нийтэд яг одоо хэрэглэж буй эмийг Монгол улс цаг хугацаандаа татаж авсан. Эмчилгээнд бүр нарийн тайлбар өгөх нь зохимжгүй. Учир нь хүн болгоны хувийн онцлогт тохируулж, архаг суурь өвчинд нь тааруулж эмчилгээ хийж байна. Эмч болгон эмчилж буй хүнийхээ онцлог, нөхцөлд тааруулж байгаа учраас эмчилгээг дэлгэрэнгүй тайлбарлах аргагүй. Мөн эмчилгээг дандаа лабораторийн суурь хяналтад хийдэг. Эмчилгээний үр нөлөөг дандаа хянаж, харьцуулж явдаг. Эмчилгээ оновчтой явж байна. одоо бид хүнд хүмүүсээ алдахгүй байх тала онцгой анхаарч байна. Эмчилгээний зардал 6,7-8.9 сая хүртэл байна гэж гарсан. Эм, оношлуур, компьютер томограф зэрэг олон төрлийн шинжилгээ, тухайн хүнд эмчилгээ хийж байгаа 4-5 хүний бүрэлдэхүүнтэй багийн хувийн хамгаалах хэрэгсэл гэх мэт зардлууд орсон байдаг. Хэрэв өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдолд амьсгалын аппарат болох ЭКМО бэлэн байдалд байна. 18 хүний халдвар 14 хоногийн нууц хугацааг даваад 18-20 хоног дээрээ илэрсэн" гэв.