Олонхийн нэг болсон шарк Г.Амартүвшин цар тахлын үед иргэд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор банк, ББСБ-аас олгосон “ЗЭЭЛИЙН ХҮҮГ” 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан байна.
Энэ төслөөс болоод Г.Амартүвшин гишүүн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болж, энэ талаар хэвлэлүүд шуугиж эхэллээ. Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнөхөн Хөгжлийн банкны захирлаар томилогдон, хагас жил хүрэхгүй хугацаанд ажиллаад ажлаа өгөхдөө нийт 327 тэрбум төгрөгийн зээлийг өөрийн мэдлээр өгсөн гэж байгаа юм. Хачирхалтай нь энэхүү томоохон зээл авсан эрхмүүд нь МАН-ын гишүүнчлэл бүхий албан хаагч, удирдах албан хаагчдын хамсаатан байгаа юм. Тэр дундаа 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх гурван хувьцаа эзэмшигчтэй компанийг хэвлэлүүд онцолж байна. Тус компани нь автомашин засвар үйлчилгээ, тоног төхөрөмжийн худалдаа чиглэлээр байгуулагджээ. Хувь эзэмшигчид нь МАН-ын гишүүн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авсан “Глобал майнинг сервис” ХХК, “Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар аж.
УИХ-д сонгогдож гарснаас хойш Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар маш олон сэдвийг хөндөн дуугараад байгаа нь одоо худлаа попролт байсан уу гэдэгт иргэд сонгогчид эргэлзэж эхлэв. Анхнаасаа эрх ашгийн төлөө нэгдсэн үү гэмээр эдгээр гишүүдэд эгдүүцэж буй олны сэтгэгдэл, баримт бүхий мэдээлэлд баттай хариу байр суурь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан бол Х.Ганхуяг түрүүлж ам нээхдээ “Улс төрч болсноосоо хойш нэг ч зээл авч үзээгүй юм байна” гэсэн энгийн тодорхой боловч тохирсон хариултыг өгсөнгүй.
Хэвлэлүүдийн мэдээлснээр Х.Хашчимэг нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг юм байна.
Цаашид энэ асуудал хэрхэн өрнөхийг тэдэнд итгэл хүлээлгэсэн сонгогчид анхааралтай ажиглаж, итгэл алдарсан сэтгэгдэлүүдээ ээлж дараалан илэрхийлсээр байна.