Шинээр 16 тохиолдол илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 16 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны 9 хүн. Монос ХХК-ийн оффист ажилладаг хүмүүстэй холбоотой гэр бүлийн халдвар 2 хүн байна. Бусад нь ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүс. ХӨСҮТ-ийн 1 ажилтнаас халдвар илэрсэн. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 756 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй. Дотоодын халдвар 1082 байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1584, эдгэрсэн 1046, эмчлэгдэж байгаа 526 байна. Үүнээс 462 хөнгөн, 55 хүндэвтэр, 7 хүнд, 2 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" гэлээ.