Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсоны араас “унасан дээр нь өшиглөх” гэсэн оролдлогыг зарим улс төрийн хүчнээс хийж эхэлжээ.
Таван жил ажилласан Засгийн газрын алдаа дутагдалыг шүүж, хариуцлага тооцох асуудал байж болох ч үүрэгт албандаа томилогдоод таван сар ч болоогүй хүний ажлыг дүгнэхэд энэ хугацаа хэтэрхий ахархан юм.
Хотын захирагч Д.Сумъяабазарыг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрохыг ХҮНамаас шаарджээ. Түүний ажлыг ийм богино хугацаагаар дүгнэх нь өрөөсгөл гэж үзэх олон нийт ХҮНам-д шүүмжлэлтэй хандаж эхэлсэн байна. Монголчуудад анх удаа тулгарч буй цоо шинэ нөхцөл байдлыг тэнцвэр алдалгүй даван туулах зам амаргүй тул бодит үнэлгээ, дүгнэлт өгөх гэж байгаа бол хотын даргад илүү хугацаа өгөх нь шударга ёсонд нийцнэ гэж олон нийтийн сүлжээ хэрэглэгчид хэлэлцэж байна.
Төрийн өндөр албан тушаалтнуудаас гүйцэтгэх албатад хариуцлага тооцвол “бусдаар туг тахиж өөрсдөө бултаж, мултарч үлдлээ” гэдэг. Өөрсдөө огцрох хүртэл хариуцлага хүлээсэн байхад “үлдсэн хүн байна” гэж гоншигонох. Унасан дээр нь өшиглөхийн муухайг ХҮН-ынхан үзүүлэхийн учир юун?
Сонгуулиар олон нийтээс “овоо” очковтой гарч ирсэн ч ийм поп ажиллагаа тэдний үнэн төрх юм бол цаашдын замнал нь хол үргэлжлэхгүйн жишээ цөөнгүй бий гэдгийг санах учиртай. Энэ попролоо зогсоохгүй бол улс төржилт нь эргэж өөрсдөд нь уршиг тарьж мэдэхээр болжээ.