Нэр бүхий Шүүгч, өмгөөлөгч, АТГ-ын ажилтны бичлэг задарсан асуудлаар тэдний өмгөөлч нар өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хандаж байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн хууль хяналтын байгууллагынхны бичлэгийг байрны СӨХ алдуулаагүй, харин мөрдөн шалгах байгууллагаас тагнасан байж болзошгүй хэмээсэн юм. Тодруулбал, Өмгөөлөгч Д.Баттулга “2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд БЗД-ийн нэгэн байрны орцны бичлэг цацагдсан. Нэр бүхий шүүгч нар, төрийн байгууллага эрх бүхий албан тушаалтан холбогдох хүмүүсийн хамт гарсан. Нэр бүхий шүүгч нар болон төрийн албан тушаалтнуудыг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаа эрх бүхий албан тушаалтан дагасан,
тагнасан, мөрдсөн үйл баримтууд байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 21.13-д заасан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөлд байдал байгаа юм. Энэ гэмт хэргийг шалгуулахаар өмгөөлөгч нарын зүгээс ТЕГ-т гомдол гаргалаа.
Бичлэг дээр дурдагдаад байгаа эмэгтэйчүүдийн зүгээс хууль зүйн туслалцаа авъя гээд хандсан. Үйлчлүүлэгч нарын өгч байгаа мэдээллээр эмэгтэйчүүдийг цагдаагийн албан тушаалтнууд олноороо амралтын өдөр ажлын бус цагаар гэрээс нь баривчилж 10 гаруй цаг тайлбар мэдүүлэг авсан. Эрүү шүүлт тулгасан нөхцөл байдал үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулаад өмгөөлөгч нарын зүгээс хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд НПГ, УЕПГ, ЦЕГ-ын харьяа Тусгай субьект мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргаад байгаа.
Мөн дансаар мөнгө шилжүүлсэн асуудал яригдсан. Миний үйлчлүүлэгч хэлэхдээ “Тухайн дансны мэдээллийг бүрэн авсан бол ийм үйл баримт болохгүй байсан” гэж мэдэгдэж байгаа. Найзуудын дундын өр авлага зээлийн асуудал байсан. Тэдгээр хүмүүсийн уулзсан цаг үе хөл хорио суларсан байх үеийн уулзалт байсан.
Бичлэг задарсан тухайд СӨХ алдаагүй. Харин ч “Цоожтой байсан” гэж байсан СӨН мэдүүлдэг. Бид нарын хардаж байгаагаар бол мөрдөх шалгах байгууллагуудын зүгээс шүүгч нарын зүгээс тагнасан дагасан мөрдөн байж болзошгүй байгаа юм” гэлээ.

Харин хэрэгт холбогдсон гэх эмэгтэй болох иргэн "Д" хэвлэлд ярилцлага өгсөн юм. Тэрээр "Намайг нийгэм даяараа үзэн ядаж байна. Би одоог хүртэл гэртээ очиж чадахгүй, ар гэр хамаатан садныхаа царайг харж чадахгүйд хүрээд байна. Эмэгтэй хүнийг ийм хүнд байдалд оруулдаг нийгмээс үнэхээр айж байна. Найзтайгаа уулзаж, хоол идэн зүгээр ярилцаад өнгөрсөн зүйл дээр намайг болон миний найз нарын биеэ үнэлэгч болголоо. Найз нөхөдийн хооронд мөнгө төгрөгний зээл өгөлцөж, авалцах зүйл байдаг л шүү дээ" хэмээж байсан юм.
BOLOD.MN