Үүний улмаас авто зам дээр түгжрэл бий болж, нислэгүүд саатаж, нийтийн тээврийн үйл ажиллагаа зогссон байна. Мөн цэвэр усны хангамж, халаалт тасалдаж, шатахуун авах боломжгүй болж, интернэтийн холболт тасарчээ.
Галт тэрэг хонгилд гацаж, эмнэлгүүд нөөц генератор ажиллуулахад хүрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Дээрх гурван улсын эрчим хүчний түгээх дэд бүтэц Оростой холбогдсон нэг ерөнхий шугам дээр нэгддэг ажээ. Уг шугам нь Казахстаны нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын эрчим хүчний сүлжээтэй холбогддог байна.
Гурван улсын аль нэгэнд эрчим хүчний хомсдол үүсэхэд энэхүү шугамаар Оросоос нөхөж хангагддаг ажээ.
Гэвч өчигдөр гурван улсын эрчим хүчний дэд бүтцэд ачааллын томоохон хэлбэлзэл үүссэн нь нөөц шугамыг унагахад хүргэсэн тухай мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
Тасалдал Казахстаны хамгийн том хот Алматы болон Киргизстан, Узбекистаны хэд хэдэн хотыг хамарчээ.
Узбекистаны нийслэл Ташкент хотод гэрлэн дохионууд ажиллахгүй болсноос авто зам дээр томоохон түгжрэл бий болсон байна.
Мөн тус улсын хамгийн том цанын бааз Амирсойд агаарын дүүжин тээврээр зорчиж явсан хүмүүс замдаа гацжээ.
Энэ удаагийн тасалдал 1970-аад оны үед буюу Зөвлөлт Холбоот Улсын үед байгуулагдсан эрчим хүчний дэд бүтэц хуучирч, найдваргүй болсныг харуулж байна.
Төв Азийн “стан” орнууд усан цахилгаан станцаар эрчим хүчнийхээ зарим хэсгийг үйлдвэрлэдэг ч ган гачиг тохиолдоход усны нөөцгүй болж тасалддаг ажээ.
Эх сурвалж: BBC