1977 онд АНУ болон Канадад автомашины арлын дугаарыг илтгэсэн ISO 3779 стандарт бий болсон түүхтэй. Энэ стандарт бий болсноор автомашиныг төрөлжүүлэх, хулгайчаас хамгаалах энгийн бөгөөд найдвартай аргыг олж чадсан гэж үздэг. Одоогоор дэлхий дахинд ISO 3779-1983 стандартыг мөрдөж байгаа бөгөөд нийт автомашин үйлдвэрлэгч 24 улс багтдаг. Автомашины vin code бичигдсэн тусгай таблиц нь автомашины салдаггүй эд анги болох кузов, эсвэл арал дээр байрлана.
VIN CODE-ийн 17 тэмдэгт нь ихэвчлэн нэг шугаманд /зарим тохиолдолд хоёр шугаманд/ хоорондоо ямар нэгэн зай авагдахгүй, дунд нь ямар нэгэн тэмдэгт /цэг таслал гэх мэт/ хэрэглэхгүйгээр бичигдсэн байна. VIN CODE нь гаргацтай тод, автомашины ашиглалтын хугацаанд бүдгэрч арилахгүй, өөрчлөхөд төвөгтэй буюу дууриалган хийх боломжгүй нөхцөлөөр хийгдсэн байна.
Энэхүү системийг 30 жилийн дотор нэгэн утга агуулга бүхий тоо болон үсэг давхцахгүй байхаар тооцжээ.