Улмаар зургаадугаар ангийн хүүхэд ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлснээр өчигдөр ухаан орсон байна. Хүүхдийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа хэдий ч тархинд нь цус харвасан байжээ. Энэ нь маск зүүж гүйсний улмаас хүчилтөрөгчийн дутагдлаас шалтгаалсан аж.
Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр тус хүүхэд 2022 оны тавдугаар сарын 15-ны орой хичээлээ хийж нойргүй хонон улмаар өглөө нь цайгаа уулгүй гарснаар 2022 оны тавдугаар сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээлийн үеэр ухаан алджээ. Харин тус сургуулийн эмч анхан шатны тусламжаа түргэн шуурхай үзүүлсний улмаас азаар амь наснаас нь холуур өнгөрсөн нь гэв.
Аравдугаар ангийн хүүхдийн хувьд мөн л адил биеийн тамирын хичээл дээр масктай гүйж ухаан алдсан бөгөөд төд удалгүй сэргэсэн. Биеийн байдал нь хэвийн байгаа гэдгийг холбогдох эх сурвалж мэдээлэв. Энэ мэдээллээс харахад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид биеийн тамирын хичээлдээ амны хаалттай оролцож байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учирч болзошгүйг харуулаад зогсохгүй, цаашлаад амь насаараа ч хохирч болзошгүй болоод байна.
Иймд ЕБ-ийн сурагчдыг биеийн тамирын хичээлд амны хаалтгүй оруулах, анги танхимдаа агаар сэлгэлтийг тогтмол хийх зэрэг шаардлагийг багш, эцэг эхчүүд ЭМЯ болон Боловсрол, Шинжлэх ухааны сайдад уламжилж, тодорхой зөвлөмж, чиглэл тогтмол өгөх хэрэгтэй болохыг харуулж байна.
Урин дулааны улирал ирж дасгал хөдөлгөөн хийх үедээ амны хаалт зүүх нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж эргээд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд норсон амны хаалтад нян үржих нөхцөлийг бүрдүүлэн, цаашлаад амь насанд хүрэх хүртэл аюул дагуулж байна. Харин Япон улсын нэгэн сургуульд дээрх шалтгааны улмаас хоёр сурагч амьсгал хураасан тохиолдол гарсан бол Хятадад амны хаалттай гүйсний улмаас хоёр сурагч нас барж байсан удаатай юм.