Мөн Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөрт тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар болсон байна. Тус хуулийн төслүүдийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр “Ковидын өмнө Монгол Улс 580 орчим мянган жуулчин хүлээж авсан. 2019 оноос өмнө ДНБ-ний зургаа орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байсан. Цаашид аялал жуулчлалын салбарын ДНБ-нд үзүүлэх нөлөөллийг 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлж, Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарлаж байгаа. Тиймээс Аялал жуулчлалын багц хуулийг яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, арванхоёрдугаар сардаа багтаан батлуулна.
Ирэх оны нэгдүгээр сараас хойш Монгол Улсад ирж байгаа жуулчдад визний хамгийн сайн нөхцөлтэй, визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлана. Монгол Улсад ирэх онгоцны зардал хамгийн бага байх гэдэг мессежийг өгнө. Нийт 33 зүйл таван бүлэгтэй хуулийн төсөл байгаа. Энэ хуулийн төслийг дагуулж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Үүнийг дагуулж Казиногийн хууль, Морин бооцоот уралдааны хууль, Төлбөрт тааварт тоглоомын тухай хуулийг багц байдлаар өргөн барина.
Жуулчдыг ирүүлэхийн тулд улс орон бүхэн хоёр арга хэмжээ авдаг. Нэгд, визгүй, хоёрт, хамгийн хямд тийзтэй байх. Тур опретор гэж тусгай зөвшөөрөлтэй компани үйл ажиллагаа явуулна. Тухайн орон нутгаас аяллын маршрутыг батална. Аялал жуулчлалаас олсон орлогыг орон нутаг авна. Аялал жуулчлалын шинэ санг байгуулж, дөрвөн чиглэлээр төсвөө зарцуулна. Тодруулбал, аялал жуулчлалын салбарыг дотоод болон гадаадад сурталчлах, дэд бүтцийг бий болгох, агаарын тээврийн салбарыг дэмжих, улирлын хамаарлыг бууруулж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, хөгжүүлэхэд чиглэнэ. Сангийн орлого нь казиногийн нийт орлогын тав, морин бооцоот уралдааны орлогын тав, төлбөр тааварт тоглоомын таван хувиас бүрдэнэ. Сангийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшил хамтарч хянана. Хамгийн гол нь агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд ирсэн жуулчин болгоны тоогоор татаас олгож, үнэ тарифыг бууруулах чиглэлээр ажиллана. Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад хариуцуулж байгаа юм. Дэд бүтцийн салбараа шийдсэн аж ахуй нэгж байгууллагын татварт ногдох орлогоос хөнгөлөх зохицуулалтыг хийнэ.
УИХ 1998 онд Казиногийн хуулийг баталсан ч огт хэрэгжээгүй байж байгаад хүчингүй болсон. Олон нийт казино гэхээр авлига хээл хахууль гэж төсөөлдөг, гурван ч УИХ-ын гишүүн энэ асуудлаар ял авч байсан түүхтэй. Одоо аялал жуулчлалын салбарт энэ хуулийг цэнгээнт аялал жуулчлалын чиглэлээр оруулж ирэхгүй бол энэ салбарт доголдол үүснэ. Би энэ хууль дээр таван жил суусан хүн. Бид судалж үзэхэд Макаогийн казиногийн загвараар лиценз олгож, бодит хөрөнгө оруулалт босгож, өдөр бүр орлогын 40 хувийг улс хурааж авна. Тэр хүмүүстээ 30 жил өөр юм ярихгүй. Харин 30 жилийн дараа нийт ширээний 50 хувь Засгийн газрын өмчлөлд шилжиж ирнэ гэсэн нөхцөлтэй, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана. Харилцан визгүй зорчиж байгаа орнуудын жуулчдыг цахимаар гаргадаг болгохоор ажиллаж байна. Гадаадаас ирж буй нислэгийн тоог нэмэгдүүлэхээр сангаас татаас олгоно.
Бид эхний ээлжид Монголын иргэд казинод тоглохыг хуулиар хязгаарлаж байгаа. Дотоодын иргэдийг тодорхой хугацааны дараа тоглох, лицензийг оруулна. Байршлын тухайд Хөшигийн хөндийд ганц лицензийг олгож, таван жилийн дотор шинэ байршил олгох асуудлыг Засгийн газраас шийдэхгүй. Бид өндөр татвар тавьж байгаа. Бооцоот морин уралдаан дээр орлогын 70 хувь гэж тавьж байгаа. Казино 40, тааварт тоглоомын татвар 20 хувь байна" гэлээ.