Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн бэлтгэн хүргэдэг “Улаан бал” нэвтрүүлгийн зочин Буянтогтох гэх хүний ярианд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы талаарх чих дэлдийлгэм ярианууд цухас дурдагдсан нь олны анхаарлыг татаад буй юм.
Тэр бээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг өөрийн томилсон хүнээрээ буюу тухайн үеийн ашигт малтмал газрын тосны газрын дарга Баатарцогтоороо дамжуулан том том газрын лицензүүдийг өөрийн компани дээрээ аваад дараа нь өөр компани дээр шилжүүлдэг байсан.
Швейцарийн дээд шүүхээс том хэмжээний хээл хахуулийн хэргээ нуун дарагдуулахын тулд бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр 300-аад мянган еврогийн торгууль мөн 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн гэх. Энэ асуудлын талаар нэхэн санавал:
“Монгол Улс саарал, хар жагсаалтад орсноор эдийн засаг элгээрээ хэвтэж сөхрөхдөө тулаад байгаа. Европын олон улсын байгууллагаас энэхүү жагсаалтад оруулсан гол учир шалтгаан нь Монгол Улс бохир мөнгө угаадаг, санхүүгийн систем нь ил тод биш, татварын орчин нээлттэй биш мөн оффшор бүсэд данс нээж мөнгөө угаасан байж болзошгүй гэх шалтгаанууд нөлөөлсөн.
Тодруулбал, оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумынхан мэдээлж байсан удаатай. Монголын уул уурхай, баялгийг тэгш бус байдлаар хувьдаа олж авсан эрх мэдэлтэн, төрийн өндөр албан тушаалтнууд ихэвчлэн оффшор бүсэд данстай байгаа нь анхаарал татдаг. Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы оффшор дансны шалгагдсан хэргийн талаар гаднын хэвлэлд бичигдсэн баримтуудаас хүргэж байна.
2017 оны 05.24. Швейцарийн Холбооны эрүүгийн хэргийн давж заалдах шатны ... - ний өдрийн шүүхийн шийдвэрийн мэдээллийг хүргэдэг сайтын мэдээллээс...
2016 оны наймдугаар сарын 18-нд Швейцарийн Холбооны прокуророос мөнгө угаасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Холбооны прокурорын газраас 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар Д-ийн /Б.Дэлгэрсайхан/ нэр дээрх дансан дахь 1.85 сая ам.долларыг битүүмжилж. Энэ асуудлаар Д /Б.Дэлгэрсайхан/ нь Швейцарийн Дээд шүүхэд би Монгол Улсын Төрийн өндөр албан тушаалтан. Миний хөрөнгийг хураах эрхгүй гэж албан тушаалаараа данхалзсаныг нь, тус шүүхийн шийдвэрийн найман бүлэгт “Ийм зүйл байхгүй” гэдгийг нь ойлгуулжээ. Улмаар Швейцарын Холбооны шүүхийн Дээд шүүх 2018 оны гуравдугаар сарын 2-ны̆ өдрийн шийдвэрээр 1,85 сая ам долларыг хахууль өгч, мөнгө угаасан хэрэгт буруутгаж хураан авах шийдвэр гаргасан байна. Швейцарийн Холбооны эрүүгийн хэргийн Дээд шүүхийн шийдвэрийн мэдээлэл.
Б.Дэлгэрсайхан нь Швейцарийн Холбооны Улсын дээд шүүхэд давж заалдан мэдүүлэхдээ “Би 200 сая швейцарь франкийн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна. Энэ нь 700 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө бөгөөд Монгол Улсын оффшорын хөрөнгийг буцаан оруулах хүрээнд хамрагдсангүй вэ гэдэг асуудал сөхөгдөж байгаа юм.
Швейцарийн дансан дахь 1,85 сая долларын хөрөнгө хураах шүүхийн тогтоол гарлаа
Швейцарийн шүүхийн мэдээллийг долоо хоног тутамд хэвлэдэг сайтын мэдээллээс:
2018 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Холбооны шүүхийн шийдвэр (Борхүү овогтой Дэлгэрсайхан)-ийг хүргэе.
Монгол Улсын өмнөх Элчин сайдтай холбоотой Швейцарийн прокурорын мөрдөн байцаалт ил боллоо. Монгол Улсын бизнесмен бөгөөд парламентын гишүүн Борхүү овогтой Дэлгэрсайхантай холбоотой Швейцарийн дансан дахь 1,85 сая долларын хөрөнгө хураах шүүхийн тогтоолыг Швейцарийн Дээд Шүүхээс 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр баталсан. Б.Дэлгэрсайхан нь хахууль өгөхөд оролцсон хэргээр сэжиглэгдэж байсан.
Улсын Ерөнхий Прокурорын Газраас 2016 оны наймдугаар сард мөрдөн байцаалтыг эхлүүлсэн ч гэсэн Монголын уул уурхайн салбарын нууц өнөөдрийг хүртэл илрээгүй хэвээр байна.
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдсэн үл таних этгээд энэ хэргийн анх эхлүүлсэн ч гэсэн Швейцарийн мөрдөн байцаалтын эх сурвалж хараахан ил гараагүй байна.
Гэсэн хэдий ч Монгол Улсын Байгаль орчны Хуульчдын Холбооны төлөөлөгчид болох хуульч Туяацэцэг овогтой Цэдэв, байгаль орчны идэвхтэн Энэбиш овогтой Цэрэн гэх хоёр Монгол эмэгтэйн оролдлогын талаар 2017 оны нэгдүгээр сард “Tribune De Geneve”-д мэдээлсэн.
Мөрдөн байцаалт эхэлснээс хойш гурван сарын дараа бизнесмен, уурхайн эзэн, Монгол Улсын парламентын гишүүн Борхүү овогтой Дэлгэрсайхантай холбоотой 1,85 сая ам.долларын дансыг хаасан.
Борхүү овогтой Дэлгэрсайхан нь 2007 мөн 2008 онуудад нууц “Хятад хөрөнгө оруулагч”-аас Швейцарийн дансаар дамжуулан 45 сая ам.доллар хүлээн авсан болохыг гуравдугаар сарын 2-ны тогтоолоор ил болгосон.
Борхүү овогтой Дэлгэрсайхан нь дансаа хаалгасны эсрэг давж заалдсан. 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Холбооны Эрүүгийн Шүүх давж заалдах хүсэлтийг татгалзсан. Борхүү овогтой Дэлгэрсайханыг “Streichenberg”-хуулийн байгууллагын Ремо Бусслингэр болон Мануел Бадэр нар төлөөлсөн гэжээ.
Монголд түгсэн мэдээллээс хүргэе
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан оффшор данстай холбогдсон асуудлаараа 2016 оны сүүл үед Таны оффшор дансан дахь ам.долларын хэмжээ гэвэл? гэж сэтгүүлч асуухад Б.Дэлгэрсайхан: -Миний оффшор дансанд мөнгө байхгүй гэж хариулж байсан байна.
Мөн “Юу гэж ярьж, хүлээж авна, надад хамаагүй. Би оффшортой нь үнэн. Би бизнес хийж байсан. Оффшороо ил тод мэдүүлчихсэн. Сонгуульд өрсөлдөхдөө бүх зүйлээ ил тод мэдээлээд орсон” гэж мэдээлж байсан нь ч бий. Б.Дэлгэрсайхан нь 2005 оны есдүгээр сард оффшор данс нээлгэсэн байна. Үүнээс гадна "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ. Тэрээр 2008 онд мөн оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байна.
Оффшор данс нь ил болсон Б.Дэлгэрсайхан нь бизнесийн салбарт нөлөө бүхий хөрөнгө хүчтэй нэгэн байж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Ийнхүү Б.Дэлгэрсайханд холбогдох Швейцарийн хууль, шүүхийн байгууллагаас 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн, мөн 2017 оны тавдугаар сарын 24-ний шүүхийн шийдвэрээр мөнгө угаасан, авлигал хээл хахууль өгөлцөж авсан гэмт хэрэг гэдгийг тогтоожээ. Давж заалдахад 2018 оны гуравдугаар сарын 2-нд Дээд шүүхээс дахин шинжилгээ хийж гүйлгээ хийсэн шилжүүлгүүд нь мөнгө угаасан, авлига өгсөн үйлдэл мөн байна, бүх үндэслэлээр нь нотоллоо, дахин давж заалдах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ” гэх мэдээллүүд тухайн үед хэвлэл мэдээллийнхний нүүрийг дүүргэж байсан юм.
Үүнээс гадна хамгийн их түгшээсэн мэдээлэл нь “Б.Дэлгэрсайхан нь Монгол улсыг Чингис бондоос илүү их хэмжээний өрөнд оруулсан. Тэр хэргийнх нь шүүхийн шийдвэр гарсан байгаа” хэмээсэн нь юм.
Дээр дурьдсан мэдээллүүд үнэхээр үнэн бол Монгол улс нэгхэн хүний шуналын золиос болох уу?