Өнгөрсөн өдрүүдэд нүүрсний хулгайн асуудал өрнөж, хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал төв талбай дээр одоо ч үргэлжилж байна. Тэгвэл энэ нүүрсний хулгай хаанаас эхлэлтэй, үүний ард хэн байгааг бид баримт нотолгоотойгоор цувралаар хүргэж байна. Юун түрүүнд Засгийн газар “Эрдэнэс таван толгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон удирдуулж байгааг та бүхэнд дахин сануулья. Үүний зорилго нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг ашигтай ажиллуулж, ам.долларын нөөцийг нэмэгдүүлэх юм. Цаашилбал “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг эзэлсэн “Нүүрсний бүлэглэл”-ийг зайлуулах явдал юм.
Хятадын “Norinco group”-ийн но-той гэрээнүүд
Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зарласан тендерийг харвал БНХАУ-ын “Norinco group”-ийн охин компаниуд ямар ч өрсөлдөгчгүй шалгарсаар иржээ.

БНХАУ-ын Ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч “China north industries Co Ltd” гэх энэ компанийг дэлхий дахинаа “Norinco group” нэрээр нь мэднэ. Пуужин, танк гэх мэт бүх төрлийн зэвсэг үйлдвэрлэгч тус компани БНХАУ-ын ардын армийн нийлүүлэгчээс гадна олон улсад худалдаалдаг. Харин зэвсгийн үйлдвэрлэлийн санхүүжилтээрээ олон улсад зам, гүүр, уул уурхай, төмөр зам, барилгын төсөл хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улсад автозамын төсөл хэрэгжүүлэгч, нүүрсний салбарын гол тоглогч, олборлогч, дамжуулагч, борлуулагч, нүүрс тээвэрлэгчийн хувиар орж ирсэн.
Хамгийн ноцтой нь, “Norinco group” компани охин компаниудаараа дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг “эзэлчихсэн” аж. Ингэхдээ бүр нэг удаа нүүрс аваад зогсох бус цаашлаад 20-30 жил Монголоос хямд үнээр нүүрс зөөхөөр автозам, кемп, боомтоо хүртэл бариад эхэлсэн. “Norinco group” компанийг ингэж амжилттай ажиллахад нь Монголын талаас, тэр тусмаа эрх баригч МАН-ын талаас хэд хэдэн хүн идэвхтэй дэмжиж ажилласан гэдэг.
Нүүрсний хулгайтай тэмцэх энэ үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн оффтейк гэрээ олны анхаарлыг татаад буй. Арга ч үгүй биз.
“Эрдэнэс тавантолгой” ХК өнгөрсөн хугацаанд дөрвөн оффтейк гэрээ байгуулсны хоёр нь “China north industries Co Ltd” буюу “Norinco group”-ийнх аж. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн гүйцэтгэгч шалгаруулах 956 тэрбум төгрөг буюу 314 сая ам.долларын санхүүжилттэй тендер зарласан ба уг тендерт “Norinco group”-ийн охин компани болох “Норинко интернэшнл” компани шалгарсан. Үүгээр ч барахгүй “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийг барьж өгснийхөө төлбөр болох 314 сая ам.долларыг нүүрсээр авахаар болжээ. Ингээд Засгийн газрын 2021 оны 113 дугаар тогтоол, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 14 дүгээр тогтоолоор “Норинко интернэшнл” компанитай 314 сая ам.долларын буюу 3.0 сая тонн нүүрс нийлүүлэх оффтейк гэрээ байгуулсан байна.

“Norinco group”-ийн Монголд байгуулсан дараагийн оффтейк гэрээ бол Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойн 1.3 их наяд төгрөгийн 3.0 сая тонн нүүрсний оффтейк гэрээ. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн түүхий эд болон нефтийг Дорнод аймгаас 580 км урт дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэсэн. Ингээд нефтийн дамжуулах хоолойн тендерийг нь УУХҮЯ-аас зарлаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлэхээр болсон. Тус тендерт “Норинко интернэшнл корперэйшн” компани шалгарсан. Ингэхдээ мөн л “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн төсөлтэй адил буюу төлбөрөө нүүрсээр авахаар болжээ. Ингээд “Норинко интернэшнл корперэйшн” компани 580 км дамжуулах хоолой барьсны төлбөр буюу 388 сая ам.доллароо 3.0 сая тонн нүүрсээр бодож авахаар оффтейк гэрээ байгуулсан байдаг.
Үүнээс харахад “Norinco group” Монголд өрсөлдөгчгүй тендрээр ажил авч, хийж өгсөн ажлынхаа хөлсөнд хэдэн сая тонн нүүрсийг маш хямд үнээр тооцож авдаг байна.
Үргэлжлэл бий...
Bolod.mn