Бид өмнөх нийтлэлдээ “Norinco group” “Эрдэнэс тавантолгой” ХК-д ямар төслүүд хэрэгжүүлж түүнийхээ төлбөрийг хэрхэн яаж авдаг талаар мэдээлсэн. Тэгвэл одоо “Norinco group”-ийн туслан гүйцэтгэгч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн талаар мэдээлье.
“Эрдэнэс тавантолгой” ХК 2021 оны арваннэгдүгээр сард “Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч шалгаруулах” 2.2 их наяд төгрөгийн санхүүжилттэй тендер зарласан. Тус тендерт “Norinco group” компанийн Сингапурт бүртгэлтэй “Стар Баннер Интернэйшн”-ийн охин компани болох “Нормаунт” ХХК болон “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн түншлэл шалгарсан байдаг.


Дээр дурдсан “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-д хэрхэн даам суусан талаар судлахад 2011 оны аравдугаар сарын 13-нд Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-г Сингапурын хөрөнгө оруулалттай “Macmahon Mongolia” ХХК болон Германы хөрөнгө оруулалттай “Оперта” ХХК-тай байгуулсан. Гэвч “Macmahon Mongolia” ХХК, “Оперта” ХХК-иуд таван сарын дараа буюу 2012 оны гуравдугаар сарын 25-нд дээрх гэрээний эрхээ Сингапурт бүртгэлтэй “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д шилжүүлсэн байдаг. “Эрдэнэс тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээгээ өөр компанид шилжүүлэх нэрээр зарж орхисон нь тухайн үедээ олон хууль зөрчсөн боловч хав дарагдаад, асуудал ард түмний чихэнд хүрэлгүйгээр өнгөрсөн гэх. Ингэж “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн суух эхлэл тавигджээ.
Улмаар 2012 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК Цанхийн зүүн хэсгийн олборлолтоо “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-иар гүйцэтгүүлж, их наядаар яригдах төлбөрийг нь төрөөс төлж, гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж явсаар 2016 оны хоёрдугаар сарын 02-нд гэрээгээ 38 сараар дахин сунгасан. Эл гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-нд дуусах ёстой байв.
Хамгийн ноцтой нь, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс дээрх гэрээ дуусахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээний тухай зөвлөмж хүргүүлж байв. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тус зөвлөмжид “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээ нь манай улсад илт хохиролтой байгааг дурдаж, дахин гэрээ байгуулахгүй байхыг анхааруулсан байдаг.
Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж ч эл гэрээг зогсоож чадаагүй. Тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын үед ийнхүү “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн 2019 оны хоёрдугаар сарын 28-нд дуусах байсан гэрээ 2021 оны хоёрдугаар сарын 28 хүртэл дахин “автоматаар” сунгагдсан байдаг. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 28-нд гэрээ дуусах мөчид дахиад л асуудал үүссэн. Тодруулбал, төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК гэрээний хүрээнд 450 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, эсрэгээрээ “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК хүртэх ёстой ашгаасаа 450 тэрбум төгрөгийн илүү ашиг хүртсэн нь тогтоогдсон гэдэг. Улмаар “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай дахин гэрээлэхгүй байх асуудал “уламжлал” ёсоор яригдсан.
Ингээд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг 2021 оны арваннэгдүгээр сард “Цанхийн зүүн хэсгийн гэрээт олборлогч шалгаруулах” 2.2 их наяд төгрөгийн санхүүжилттэй тендер зарлахад өнөөх л “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК тус тендерт дангаараа оролцож, дахин шалгарсан байдаг. Нэг удаагийн гэрээний төлбөр болох 2.2 их наяд төгрөг нь Монгол Улсын жилийн төсвийн 10 хуваасны 1-тэй тэнцэх асар их мөнгө. Гэтэл “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь яг ийм байдлаар “Эрдэнэс тавантолгой” ХК-тай бүтэн 10 жилийн турш хэд хэдэн удаа гэрээ байгуулж ирсэн гэхээр хүртсэн ашиг нь дуу алдахгүй байхын аргагүй.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨС “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-тай БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ДАХИН СУНГАХГҮЙ БАЙХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛСЭЭР БАЙТАЛ ТУХАЙН ҮЕИЙН УУХҮ-ийн САЙД Д.СУМЪАБАЗАР АВЧ ХЭЛЭЛЦЭЭГҮЙ ВЭ?
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...