Ардчилсан нам хоёр хэсэг байсан бол одоо гурав болж хуваагдсан. АН-ын гурван хэсэг бүр тус тусдаа намын дарга сонгох тухай ярьж, нэгэн зэрэг, нэгэн цагт өөр өөр газарт хэвлэлийн бага хурал зарлаад байна.
Тухайлбал, С.Баярцогтын талын АН-аас намын даргад сонгогдсон Л.Гантөмөр өнөөдөр /2023.01.27/ 11:30 цагаас Улсын дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх материалаа хүргүүлнэ. Тус намынхан 2023.01.19-ний өдөр ҮБХ болон Намын их хурлаа хуралдуулж, Л.Гантөмөрийг Намын даргаар сонгож, баталсан юм.
С.Эрдэнийн АН намын даргад нэр дэвшигчиддээ батламж гардуулна
Харин Лу.Гантөмөр нарыг намын дарга гэж огт хүлээн зөвшөөрдөггүй АН-ын хоёр дахь тал бол С.Эрдэнэ нар. Тэд харин өчигдөр/2023.01.26/-өөс эхлэн намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, тэмцэгч Т.Энхсайхан, тус намын Санхүү хариуцсан НБД Т.Ганбаяр нар намын даргад нэр дэвших батламжаа авчээ. Нэмж 7 хүн нэр дэвшихээ мэдэгдсэн бөгөөд тэдний батламжийг өнөөдөр/2023.01.27/ 11:40 цагаас гардуулж байна.

Женко талын АН нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийнэ
Харин АН-ын гуравдагч тал болох "Женко" Х.Баттулгын талын АН-ынхан өнөөдөр мөн л 11:40 цагаас С.Зориг агсны хөшөөтэй АН-ын байранд хэвлэлийн хурал зарлаад байна. Тэд Монголчуудын боломжийг хулгайлсан АВЛИГАЛЧ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН улсад учруулсан хохирлын хэмжээг энэ хурлаараа зарлах аж.
Ийнхүү АН-ын гурван тал, гурван өөр тийш харж, гурван өөр мэдэгдэл хийж, гурван дарга сонгохоор тус тусдаа хичээж байна. Хамгийн чухал нь нийгэм тэднийг "байдаг л зүйл, АН эвлэрэхгүй нь" гэх хандлагаар хүлээн авч, үл ойшоодог болсон нь үнэн юм.
https://tsahiur.mn/n/s/13098