Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамд руу хүргүүлсэн гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Н.Энхбаяр ЭСЯ-дад тараасан гэдэг асуудлыг хэвлэлээс олж мэдсэн. Монгол Улсын Засгийн газрын болон төр засгийн аливаа албан ёсны шийдвэрийг дипломат төлөөлөгчийн газруудад ГХЯ-аар дамжуулж өгдөг юм. Харин дээрх асуудлыг ГХЯ огт мэдээгүй, өгөөгүй. Зарим цөөн тооны ЭСЯ-ууд төслийг хүлээж авсан эсэх талаар манайхаас лавласан. Бидний зүгээс “Энэ бол Засгийн газрын байр суурь биш” гэдэг хариултыг өгсөн. Н.Энхбаярын хувьд, ер нь аливаа улс оронд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг дипломатууд хүлээн авч уулзах, хүндлэл үзүүлэх, санал бодлыг нь сонсох нь нээлттэй байдаг. Энэ бол практикт олон тохиолддог. Манай хилийн чанадад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газрууд, элчин сайд нар ч ийм тохиолдолд уулзаж, санал солилцох нь нээлттэй. Гэхдээ Монгол Улсад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газрууд тухайн асуудлыг Засгийн газрын байр суурь биш гэдгийг маш сайн ойлгож байгаа. Зарим нь лавлаж асуусан. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийсэн мэдээлэлтэй бид санал нэг байгаа гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийх үедээ Н.Энхбаярын боловсруулсан Шинэ үндсэн хуулийн төсөл яагаад ЭСЯ-дад хүргэгдсэн байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Засгийн газраас ямар нэгэн байдлаар хүссэн юм уу, зөвшөөрсөн, эс бөгөөс зөвлөсөн зүйл байхгүй. Харин яагаад гадны улсын ЭСЯ-дад хүргэж байгааг би бас асуумаар байгаа. Ер нь Үндсэн хуультай холбоотой асуудлыг ард түмэн эн тэргүүнд өөрсдөө л авч хэлэлцдэг байх ёстой. Энэ дээр ямар ойлголцол болж байгаа талаар надад мэдээлэл бага байна" гэсэн юм.