2013-05-17Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуягтай дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар ярилцлаа.

-Нийслэлийн иргэдийн 75 хувь нь гэр хороололд аж төрдөг тул барилгажуулах төслийг нэлээн анхааралтай ажиглаж байгаа. Энэ ажил хэл амтай, маргаан дагуулаад байна уу. Эсвэл зарим хүний сонирхлоор улстөржүүлж эхэлсэн үү?
-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөөд, барилгажуулах төслийг л бид хэрэгжүүлж байна. Зөвхөн иргэд, хөрөнгө оруулагч хоёрын хоорондын зөв ойлголцлын төвшинд зохицох ёстой. Сонгууль дөхсөн үед хүмүүст ямар ч санаа байхыг үгүйсгэхгүй.
-Танай төслийн ажлын амин сүнс нь юу болж байгаа бол?
-Гэр хорооллыг барилгажуулах ажлыг төр зохицуулж, бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн хөрөнгөөр хийхээр эхлүүлсэн. Гол нь иргэдийн оролцоотойгоор энэ төслийг хийж байгаа. Нийгмийн сайн сайхны төлөө тэр хэсэг газарт дэд бүтэц барина. Бүтээн байгуулалтын ажлыг нь бид хянана. Таны амьдрах сууцыг нүдний чинь өмнө барьж байхад сэтгэл амарна биз дээ. Барилгын компани тодорхой хэмжээний ашиг унагахгүй бол тийшээ яалаа гэж зүглэх билээ. Нөгөө талд буй иргэд хөрөнгийн эрхээ яаж шилжүүлэхээ шийднэ. Хэн ч гэсэн аятайхан байр савтай болж өмчөө хүүхдүүддээ үлдээе гэж бодож байгаа. Хотын удирдлага энэ ажилд хутгалдаад л “Та хашаа байшингаа тэдэн төгрөгөөр зар. Барилгын компаниуд айлуудын газрыг тэдээр ав” гэж тулгахгүй. Газартай хүмүүстэй хөрөнгө оруулагч очиж уулзаад “ханцуй дотроо” тохиролцчихвол асуудал алга. Төсөл маань сүнстэй болоод ажиллах нь тэр.
-Иргэд манай байшинг нар үзэх боломжгүй болгож барилга босголоо гэх мэтээр гомдол гаргаад байгаа юм биш үү?
-Дахин төлөвлөлтөд оролцож байгаа компаниуд олон давхар орон сууц барих хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл тухайн хэсэг газрыг орон сууцаар тулж авч байгаа тул эздэд нь үнэ төлбөргүй байр өгнө. Тэр компани ажлын зардал гаргаж, дээр нь ашигтай ажиллахын тулд илүү гарсан сууцуудаа худалдана. Ингэхийн тулд өөрийн болгосон газрынхаа хамар хашааг суллаж томхон бүтээн байгуулалт хийхийг зорино. Өмнө нь тэд ийм маягаар гэр хорооллын газарт барилга барьсан туршлагагүй хэдий ч эрсдэлээ үүрээд энэ ажил руу орж байгаад харин ч иргэд баярлаж, дэмжих ёстой. Дээр таны өгүүлсэн тааруухан аж байдлыг сайжруулж орчин үеийн шинэ сууцтай болгох гэж байгааг санаарай. Ажил юм чинь, мэдээж хоёр талаас зовлон ярина. “Барилгын компаниуд шуналын тулам болчихож. Миний газрыг хямдхан авах гээд байна” гэж хэлэх хүн захаас аваад гарна. Нөгөөдүүл нь хийх ажилдаа урьдчилаад тооцоо, судалгаа хийсэн. Жишээлбэл, 100 айлын хашааны газарт манай компани 240 айлын орон сууц барьчихлаа. Тэд нэг өдрийн дотор орон суууудаа худалдаж чадахгүй. Мөнгө тааруу тул банкнаас зээлж авч барилгын материалаа татна, ажилтнуудаа цалинжуулж барилга барих зэргээр зовлон их.
Дэлхийн шилдэг эдийн засагч Эрнандо дэ Сото Монголд ирээд “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг нь зөв болгочихвол хөрөнгийн асуудал маргаангүй шийдэгддэг” гэж хэлж байсан. Гэр хорооллын айлуудыг хараад “Энд долоон тэрбум төгрөг байна” гэж газрыг үнэлж байсан. Бид тэд нар шиг эдийн засгаа чөлөөтэй, зөв замаар хөгжүүлж чадаагүй учраас өнөөдөр гэр хорооллын газрыг зах зээлд баймгүй өндөр үнээр худалдах гэж маргалдан цаг алдаж байна.
-Гаднынхан манайхан шиг гэр хороололтой байлгүй. Тэд газраа яаж үнэлж ирснийг та судлаж үзсэн үү?
-/Инээв/Гадаадад гэр хороолол гэж байдаггүй учраас ойлгоход бас бэрх. Тэнд газрыг маш бага үнээр худалдаж авдаг юм байна. Газар гэхээсээ илүү барилгажсан газрыг үл хөдлөх хөрөнгө гэж үзэн өндөр үнээр авах эсэхээ шийддэг. Бидний алсын хараа бол, газрын үнийг бага болговол гэр хороолол хурдан хөгжинө.
Хулгайч нар яагаад шинэ, сүүлийн үеийн загварын гар утсыг дэлсдэг юм бэ. Тэр нь хурдан эргэлтэд орж, их мөнгө болохоор харагддаг учраас тэр. Гадаадад бүртгэл, татвар, үнэлгээний систем нь нэгэнтэйгээ урвуу хамааралтай, яг цагны механизм, эд анги шиг зохицон хөгжсөн юм билээ.
-Үүнийг та тодорхой жишээн дээр тайлбарлаж болох уу?
-Тухайлбал, таны газрыг худалдаж авъя гэхээр та, “Гэр хорооллын нэгдүгээр эгнээнийх, байршил сайтай, автобусны буудал, худаг ус, дэлгүүртэйгээ ойр. Тэгш газар учраас нэг тэрбум төгрөг” гэж үнийн саналаа хэлнэ биз дээ. Газар сонирхож байгаа этгээд сөргүүлээд , “2012 онд та газрын төлбөрөө төлсөн үү. Таны газрыг нэг тэрбум төгрөг гэж үнэлбэл зохих татварыг нь төлсөн баримтаа үзүүлнэ үү” гэж шалгаадаг юм байна л даа, өндөр хөгжсөн оронд. Гэтэл манай иргэдэд ийм боломж алга. Амандаа орсон тоогоор газраа үнэлж байгаад тэднийг буруутгах арга алга. Манай хотоос хэрэгжүүлж байгаа бодлого Де Сотогийн хэлсний дагуу явчихсан. Гэр хорооллын хашааны газар өндөр үнэтэй болсон. Манайхан өмнө нь газраа банкинд барьцаалаад олигтойхон том зээл авч чаддаггүй байсан даа. Авлаа гэхэд маш бага хэмжээний зээл олдоно. Гэтэл одоо гэр хорооллын иргэд хүссэн ханшаа хэлээд л сууж байна. Гэр хорооллынхны аж амьдрал, газрын үнэ өөрчлөгдсөн. Энэ л бидний хийсэн ажлын үр дүн юм.
-130 га газрыг барилгажуулж, тохижуулах үүрэг хүлээсэн хүмүүс цааш ажиллахад бэрхшээл их биз?
-Бид бүх зүйлийг томоор харж, хийнэ гэдгээсээ салмаар байна. Бид нэг л өдөр гэр хорооллын газрыг тэгшилж 130 га газарт барилга босгож чадахгүй. Бага багаар асуудлыг шийднэ. Дор нь үр дүн шаардаж болдоггүй ажил энэ юм байна. Бэрхээл таарлаа гэж бид тойрч гүйх эрхгүй. Хялбар ажиллах боломж бүрийг эрэлхийлж байгаа. 130 га газраа дотор нь 22 хэсэг болгон хувааж бүтээн байгуулалтын ажлаа бид нэг захаас нь эхлүүлсэн. Эхлээд 9,2 га газарт байгаа айлуудын газрыг хэсэгчлэн төлөвлөсний дагуу барилгажуулна. Ингэхээр хүмүүст итгэл, үнэмшил илүүтэй төрдөг юм байна. Иргэд “Ямархуу ажил болох бол” гэж биднийг хараад хүлээж суугаа нь үнэн.
-Компаниудын хөрөнгө, хүчин чадал хэр байна вэ?
-Заавал том ажлыг барьж авахдаа биш гэдгийг компаниудад сануулж байгаа. Хэн ч гэсэн өөртөө итгээд зориглоод ажиллахад ямар ч ажлын ард гардаг. Яг л ийм байдлыг хотын захиргаанаас иргэд олон нийт, үндэсний үйлдвэрлэгч, компаниудад олгосон. Тэр мөнгөтэй, энэ хоосон гэх эрх бидэнд алга. Ажил хийх хүсэл, чадвартай нь гэр хорооллыг шинээр бүтээн байгуулахаар ажиллаж байна.
-Газраа чөлөөлсөн айлууд хаана толгой хоргодох вэ?
-Барилгын ажил эхлэнгүүт айлууд нүүх хэрэгтэй. Жишээлбэл, танд хөлсний байрыг сарын 150 мянгаар тооцоод шаардлагатай мөнгийг нь өгчихнө. Та айлын хашаанд түр амьдарна уу, түрээсийн өрөөнд орно уу, хамаатныдаа очно уу таны хэрэг. Гэр хорооллынхон бас онцлогтой хүмүүс юм. Дээр үед гуравдугаар хорооллыг барихаар болоход тэнд 500 айл аж төрж байлаа. Тэднийг нэг л өдөр “Танай хашаа газарт орсон. Өнөө, маргаашгүй нүү” гэж хөөчихсөн. Нөгөөдүүл нь нүүчихсэн. Газрыг нь тэгшлээд жилийн дараа барилгын ажлыг эхлүүлж байсан. Одоо бүх зүйл өөр.
-Социалист нийгмийн үе байсан болохоор аргагүй биз дээ?
-Одоо хүмүүс хашааны газраа дураараа үнэлж байна. Үүний цаана иргэд барилгын компаниудад мэхлүүлчих вий гэсэн айдас, болгоомжлолтой байна. Иргэдийн аманд багтаад ажиллахаар төсөл ямар ч ашиггүй болно. Ашиггүй ажлыг хэн ч хийхгүй. XXI зуунд утаатай улаанбаатарынхан гэж дуудуулан гэр хороололтой, хогтой, модон жорлонтойгоо үлдэх гэж үү. Аль ч нийгэмд амьдарч байсан хүн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх ёстой гэдгээ иргэд сайтар ухамсарлаасай.
-Барилгын компаниудыг урамшуулах хөшүүрэг бий юу?
-Хотын захиргаанаас хот төлөвлөлтийг тодорхой болгох ёстой. Дээр нь дэд бүтцийн ажлыг тэнд ажиллаж байгаа компаниуддаа өгнө. Сургууль, цэцэрлэг барих ажлыг та нар хий гэж дэмжинэ. Барилгын компаниуд маань гэр хорооллоос туслах ажилтнуудаа авахад бас дэмжлэг юм. Зарим компани барилгаа бариад дуусч байгаа.
-Гэр хорооллын нэг хашаанд олон айл аж төрдөг. Айл бүр цөөнгүй ам бүлтэй. Газрын эзэн байранд орчихлоо. Үлдсэн зүдэрсэн айлууд хаана толгой хоргодох вэ?
-Нээрээ тийм л дээ. Манай нутгийн хүний хамаатан, ах дүү гээд хашаандаа айл буулгачихдаг. Тэр айл мөнх тэр хашаандаа амьдрах юм шиг цаашдаа хэрхэн аж байдлаа өөд татах гарц хайхгүй 10, 20 жил болчихсон байна. Зарим барилгын компани ийм тохиолдолд манай байрнаас тодорхой хувийн хөнгөлөлтэй үнээр худалдаж ав гэж гэрээлсэн байна лээ.
-Энэ ажлыг хийхэд бэрхшээл гарна биз?
-Гэр хороололд байдаг зарим айлын орон сууцанд ороод хашаагаа түрээслүүлчихжээ. Зарим нь гадаад яваад хашаагаа хамаатан садан, хэн нэгэнд хөлслүүлчихдэг аж. Хашааны жинхэнэ эзнийг хайж олох гэж асуудал байна. Тэр түрээслэгч миний хашаа зарагдах болсныг Ш.Ганхуягт дуулгамааргүй байдаг. Хэлчихвэл чиний амьдрал өөрчлөгдөж, хаашаа ч юм бэ нүүх хэрэг гарна. Тиймээс, эзнийг нь мэдэхгүй, утас нь алга болсон гэх мэтээр бултах бэрхшээл байна.
/Зууны мэдээ/