2025-06-09Маш олон жуулчдын сэтгэлд Монгол улс гэхээр өргөн уудам тал нутаг, нүүдэлчдийн гэр, элсэн манхан, мөн бүх цаг үеийн

хамгийн цуутай дайчдын нэг Чингис хааны дүр зураг буудаг. Монголын эзэнт гүрний анхны их хаан болох Чингис хаан 1227 онд тэнгэрт дэвшсэн ч түүний домогт түүх өнөөг хүртэл энэ үзэсгэлэнт нутагт цуурайтаж байдаг. Монголын үндэсний гол баяр болох Наадам ч үүнтэй холбоотой.
Өнөөдөр Наадам нь жилийн хамгийн чухал арга хэмжээ болж, улс даяар спорт, урлагийн хамтарсан баяр болгон тэмдэглэгддэг. Мянга мянган монголчууд оролцдог энэ баяр гаднын жуулчдын хувьд мөн ихээхэн сонирхол татдаг арга хэмжээ болжээ. Тиймээс 2025 оны долоодугаар сард Наадам үзэхийг хүсэж буй жуулчид одооноос аяллаа төлөвлөх нь зүйтэй. Наадмыг хэрхэн үзэх болон баярын талаарх CNN сонирхууштай материал бэлтгэн хүргэжээ.
Наадам гэж юу вэ?
Энэ арга хэмжээг ихэнхдээ “Эрийн гурван наадам” хэмээн нэрлэдэг. Аялал жуулчлалын “Nomadic Expeditions” компанийн Монгол дахь захирал Г. Буяндэлгэр CNN-д ярихдаа, Наадам нь 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд анхандаа монгол дайчдын дайн тулаанд бэлтгэх зорилготой байжээ. Тухайн үед Монгол нутагт овог, аймгуудын хооронд дайн, тулаан гарах нь элбэг байв. “Наадам гэдэг нь монгол хэлээр “тоглоом, уралдаан” гэсэн утгатай бөгөөд үндэсний гол гурван тэмцээн болох бөх, сур харваа, морин уралдааныг багтаадаг” гэж тэр тайлбарлав.
Наадам нь Монгол орны хамгийн том баяр бөгөөд Улаанбаатар хотоос эхлээд Говийн алслагдсан сум гээд 21 аймаг даяар энэ баяраар амарч, өөрсдийн уламжлалт нүүдэлчин өв, соёлоо бахархан тэмдэглэдэг. Албан ёсны үндсэн арга хэмжээ долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болдог. “Наадмын үеэр хүмүүсийн царайд бахархал, баяр хөөр, аз жаргал гэрэлтэхийг харж болно” гэж Буяндэлгэр хэлэв. “Наадам бол Монголчуудын үндэсний онцлогийг илэрхийлэгч, бахархалт баяр болсон”.
Чингис хаанаас эхлэлтэй

Наадмыг Монгол Улсын үндэсний баяр болгон албан ёсоор тэмдэглэх шийдвэрийг 1921 онд гаргасан байдаг. Гэхдээ олон зууны турш сур, морь, бөхийн барилдаан нь Монголын нүүдэлчдийн амьдралд болон дайчдын бэлтгэлд зайлшгүй шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байсан гэж үздэг.
Түүхийн зарим эх сурвалжид өгүүлснээр XIII зууны эхээр Чингис хаан дайснуудаа ялж, Монголын овог аймгуудыг нэгтгэсний дараа эрийн гурван наадмыг ялалтын баяр болгон зохион байгуулжээ.
Үүний нотолгоо бол XIII зууны үед хамаарах Чингисийн чулууны бичигт 500 гаруй метрийн зайнаас сум харваж, байгаа оноосон Алтан ургийн Есүнгэ мэргэний тухай дүрслэн бичсэн байдаг. Энэ чулуу нь монгол бичгээрх хамгийн эртний тэмдэглэлийг агуулсан түүхэн дурсгал юм.
2010 онд ЮНЕСКО Наадмыг хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэсэн билээ.
ЮНЕСКО-гийн тайлбарт: “Монгол Наадам нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй салшгүй холбоотой. Гурван төрлийн спорт нь монголчуудын амьдралын хэв маяг, оршин тогтнох нөхцөлтэй шууд холбоотой бөгөөд уламжлалт ёсоор гэр бүлийн хүрээнд өвлүүлэн сургадаг. Гэсэн хэдий ч бөх, сур харвааны хувьд сүүлийн жилүүдэд албан ёсны бэлтгэл сургуулилтын систем бий болсон.
Наадмын зан үйл, ёс уламжлал нь байгаль дэлхий, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй хандах үзлийг онцлон харуулдаг” хэмээжээ.
Гадаадын жуулчдад илүү хялбар болжээ

2020 онд Монгол Улсын Засгийн газар үндэсний баярын өдрийг гурваас таван хоног болгож сунгасан. Энэ хугацаанд улс орон даяар олон байгууллага амарч, амралтын уур амьсгал бүрддэг.
Наадам нь Монголд аялахаар зорьж буй олон улсын жуулчдын хувьд хамгийн оргил үеүдийн нэг юм. Тухайлбал, 2019 онд зөвхөн Наадмыг үзэх зорилгоор 11 мянга гаруй гаднын жуулчин ирснийг статистикт мэдээллээс харж болно. Тухайн жил Монгол Улс нийт 637 мянга орчим жуулчныг хүлээн авч байв.
Ковидын цар тахлын улмаас 2020, 2021 онуудад Наадмыг цахимаар зохион байгуулсан. Харин бүрэн хил нээгдсэн 2023 оны Наадам нь олон улсын аялал жуулчлалын сэргэлтийн эхлэл болно хэмээн Монголын эрх баригчид ихээхэн найдвар тавьж байв.
Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жилүүд” болгон зарласан. Энэхүү аяны хүрээнд 34 орны иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон билээ. Үүнд Европын хэд хэдэн улс, Австрали, Шинэ Зеланд зэрэг багтааснаар Монгол Улсад визгүй зорчих боломжтой орны тоо 61-д хүрээд байна.
Нийслэлээс нутгийн зах хязгаар хүртэл

Улаанбаатар хотод болдог Наадмын гол арга хэмжээнээс гадна Монгол орны бүх аймаг, сумдад янз бүрийн хэмжээний Наадмын арга хэмжээ, тэмцээнүүд зохион байгуулагддаг. Орон нутгийн Наадам нь жуулчдад уламжлалт соёлыг илүү ойроос мэдрэх боломж олгодог тул аялал жуулчлалын компаниуд энэ төрлийн аяллыг түлхүү санал болгодог.
Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болдог Үндэсний баяр Наадмыг үзэхээр зорьж буй жуулчид нээлтийн ёслол, парад, урлагийн тоглолтууд болон тэмцээн уралдаануудыг хэд хоногийн турш өргөн цар хүрээтэйгээр үзэх боломжтой.
Наадмын нээлтийн ёслол нь монгол үндэсний бүжиг, дуу, хөгжим болон урлаг, соёлын уламжлалыг харуулсан гайхамшигт үзүүлбэрүүдээр дүүрэн баяр юм. Энэ үеэр онцгой нэгэн үйл явдал болдог нь Есөн хөлт Цагаан тугийг цэнгэлдэх хүрээлэнд залах мөч юм. “Nomadic Expeditions” компанийн мэдээлснээр, энэхүү Есөн хөлт Цагаан тугийг Чингис хааны үеэс энхийн хэлэлцээ, баяр ёслолын үеэр залдаг байжээ. Өнөөдөр Есөн хөлт Цагаан тугийг Монгол төрийн ариун бэлгэдэл хэмээн үзэн Төрийн ордондоо хүндэтгэлтэйгээр залсан байдаг.
Эрийн наадамд эмэгтэйчүүд оролцож болох уу?

Наадмын ихэнх тэмцээнд нас, хүйс харгалзахгүй оролцох боломжтой байдаг. Гэвч бөхийн барилдаанд зөвхөн эрчүүд оролцдог уламжлалтай.
Улаанбаатар хотод улс орон даяар шигшигдэн шалгарсан шилдэг таван зуу гаруй бөх хоёр өдрийн турш, хугацаа заагаагүй есөн даваанд хасагдах журмаар өрсөлддөг. Насны хязгаар байхгүй, хугацааны хязгаар байхгүй, биеийн жингийн ангилал ч байхгүй. Давид ба Голиафын тулаан мэт учраа таарах нь олонтоо. Жижиг биетэй бөх ялахыг харах ч түгээмэл үзэгдэл” хэмээн “Nomadic Expeditions” сайт
мэдээлжээ. Барилдаан нэгэн зэрэг болно. явагддаг. Бөхчүүд уламжлалт малгай, зодог (цээж нь ил гаргасан ханцуйгүй хантааз), шуудаг өмсөн гарч, учраа бөхөө газарт унагахыг хичээн барилддаг. Гар, хөлөөс бусад биеийн хэсэг газарт хүрвэл ялагдсанд тооцогддог.
Сурын тэмцээн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу Үндэсний сурын талбайд хэдэн өдрийн турш болдог. Харваачид газарт байрлуулсан арьсан бай руу сум харвах бөгөөд хамгийн олон бай онож чадсан нь ялалт байгуулдаг.
Харин морин уралдаан Улаанбаатар хотоос зайдуу уралдааны талбайд зохиогддог. Урт зайд болдог уралдаан нь морьдын тэсвэр хатуужлыг шалгадаг спорт юм. Уралдаанд ихэвчлэн бага насны хүүхдүүд морь унана, уралдана. Гэхдээ унаач хүүхдүүдийн нас бага байгаа нь сүүлийн жилүүдэд шүүмжлэлд өртөх болсон тул Монгол Улсын Засгийн газар аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох дүрэм журмыг шинэчилсэн.
Уралдааны төгсгөлд үзэгчид ялсан морийг тойрон хүрээлдэг нь нэгэн сонирхолтой уламжлал. Учир нь ялсан морины хөлсөнд хүрэхийг аз авчирдаг хэмээн бэлгэшээдэг.
Онцлох хоол хүнс бий юу?

Ямар ч нутгийн Наадамд очсон жуулчид өлсөхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Баярын үеэр тэмцээн уралдаануудын гадна талбайд түргэн хоол, худалдаа, үйлчилгээний лангуунууд заавал гарч, баярын уур амьсгалыг улам бүр нэмдэг.
Наадмын албан бус зууш бол хуушуур. Тэмцээн, уралдаан завсарлах зуур эсвэл тэмцээн үзэж байх зуур, хоолны гуанзнаас тосонд шарсан, махтай дугуй хуушуур заавал авч идэхийг зөвлөж байна. Энэ бол Наадмын үеэр зайлшгүй амтлах ёстой монгол амттануудын нэг.
Тасалбар авахад хэцүү юу?
Наадмын үеэр Монголд аялахыг хүсэж буй олон улсын жуулчид буудаллах буудал, тасалбараа урьдчилан захиалах шаардлагатай. Үүнд Наадмын өмнөх болон дараах долоо хоногууд ч хамаарна.
Ялангуяа Улаанбаатар хотод болох Наадмын албан ёсны нээлт, хаалтын арга хэмжээний тасалбар хамгийн эрэлттэй, тооны хувьд хязгаарлагдмал байдаг. Үндэсний цэнгэлдэх хүрээлэн 11,000 хүний суудалтай, үүнээс ойролцоогоор 2,500 тасалбар гадаадын жуулчдад зориулагдан захиалагддаг байна. Тасалбарын албан ёсны борлуулалт Наадам эхлэхээс дөнгөж долоо хоногийн өмнө эхэлдэг тул эртнээс аяллын компаниар дамжуулан эсвэл байрлах зочид буудлаараа дамжуулан захиалах нь хамгийн найдвартай арга юм. Хэрэв та тасалбар авч чадаагүй бол санаа зоволтгүй. Учир нь хурдан морины уралдаануудыг ямар ч тасалбаргүйгээр үзэх боломжтой. Тэдгээр нь задгай талбайд явагддаг тул хүн бүрд нээлттэй байдаг.