2025-10-27Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.

Учир нь би төр эрхээр мэргэшсэн хуульч ухаантай юм л даа.
Нэг. Төр
Дэлхий дээр хүн төрөлхтөн үүсээд нэг сая жил болж байна .Дэлхий дээр төр үүсээд зургаан мянган жил болохдоо хүн төрөлхтөний нэг сая жилд хийгээгүй хөгжлийг нэг хоёрхон мянган жилд хийсэн хэмээн үздэг.Тэхлээр хүн төрөлхтөн зохион байгуулалттай төрт тогтолцоонд шилжсэн нь хөгжлийн хамгийн том үсрэлтийн нэг байлаа хэмээн дүгнэж болно. Төр гэдэг монгол үг нь латинаар “imprium, civitas”, англиар “state” гэсэн үгнүүдтэй дүйж байдаг. Төр гэдэг нь төлөөлөгчид, гүйцэтгэх, шүүхийн байгууллагуудаас бүрдэж, өөрийн гэсэн газар нутагтай, тусгаар тогтносон , иргэдийн эрхийг хамгаалах тогтолцоотой, төр иргэний харилцааг хуулиар зохицуулдаг, өөрийн гэсэн хилтэй зохион байгуулалт юм. Зарим судлаач, онолчид “Төр бол хууль ёс, дэг журмыг сахиулах зорилготой мэргэжсэн, төвлөрсөн хүч юм”, “Төр бол ноёрхогч ангийн зэвсэг юм”, “Төр бол нэг анги нөгөөгөө дарангуйлагч машин юм” гэх мэтээр тодорхойлсон байдаг.
Төрд дараах дөрвөн салшгүй хэсэг байдаг. Үүнд:
- Газар нутаг,
- Газар нутгийн эзэн,
- Газар нутгийн хүн ам,
- Удирдах байгууллага. Төр дор дурдсан шинжтэй байдаг.
Үүнд: Засгийн газар, Хууль тогтоох байгууллага, Шүүх засаглал, Үндсэн хууль, бусад хууль, Татварын тогтолцоо, Эдийн засаг, Өмч, Газар нутаг, Хүн ам, Зэвсэгт хүчин, Засаг захиргааны нэгж, Иргэншил, Тусгаар тогтнол, Мөнгөн тэмдэгт, Хэл, Хил, Төрийн бэлгэдэл: Далбаа, Сүлд, Сүлд дуулал. Төрийн засаглалын хэлбэр нь хаант засаглал, эсхүл бүгд найрамдах улсын засаглалтай байдаг. Улс төрийн дэглэм нь ардчилсан засаглал, эсхүл ардчилсан бус дарангуйллын засаглал байдаг. Дэлхийн хамгийн эртний төрт улс Энэтхэг, Египет, Вавилон, Хятадад үүссэн байдаг. Манай эриний өмнөх дөрөвдүгээр мянган жилд хоёр мөрний хооронд буюу Тигр, Евфрат мөрний хөвөөнд байгуулагдсан Вавилоны төрт улсад дэлхийн хамгийн анхны хуулиудын нэг гарсан байдаг. Вавилон гэдэг нь “Бурхны хаалга” гэсэн гаралтай үг. Эртний Вавилоны эзэн хаан Хаммурапи нь олон барилга байгууламж, олон урт усан сувгуудыг байгуулж анхны хуулиа зарлиглан гаргасан байдаг.
Эдүгээгээс зургаан мянган жилийн өмнө Вавилоны эзэн хаан Хаммурапийн гаргасан дэлхийн анхны хуулийн зарим хэсгээс дурдвал: “Хэрэв хүн бусдын хүүхдийг хулгайлвал хулгайчийг цаазаар хөнөө”. “Хэрэв айлын гэрт түймэр гарч байхад тэр айлаас эд хөрөнгө хулгайлвал хулгайчийг цаазаар хөнөө”. Хэрэв хүн бусдын үхрийг алвал тэр хүн эзэнд нь үхэр өгч төл. Хэрэв хүн бусдад өртэй байгаад төлж чадахгүй бол өрийнхөө оронд өөрийн эхнэр, хүү, охиноо гурван жилийн хугацаагаар боол болгон өг, дөрөв дэх жилээс нь тэднийг боолоос чөлөөлнө. Хэрэв хүний шүдийг цохиж унагаасан бол буруутай хүний шүдийг мөн цохиж унагаа. Хэрэв хэн нэгэн хүн усны сувгийн тагийг зөвшөөрөлгүй дураараа нээж хөрш айлынхаа ногооны талбайг усанд автуулсан бол учруулсан бүх хохиролыг буруутай этгээдээр төлүүл” гэх мэт заалтууд байдаг юм билээ. Зургаан мянган жилийн өмнө ийм л хатуу, шударга хууль үйлчилж байжээ. Төрийн гол үүрэг бол нэг нь тусгаар тогтнолоо гадны түрэмгийллээс хамгаалах хүчтэй цэрэгтэй байх, нөгөө нь эдийн засгаа хөгжүүлж ард түмнийхээ амьдралын түвшинг сайжруулах юм.
Хоёр. Монгол төрийн хямрал
Монголчууд бол эртний төрт ёстой ард түмэн юм. Эртний нүүдэлчдийн төрт ёс анх монголчуудын өвөг дээдэс Хүннү гүрэнд хоёр мянга хоёр зуун жилийн тэртээ үүссэн байдаг. Монголын төрт ёсны түүхийг дор дурдсанаар үечилж үзвэл зүйтэй хэмээн бодож байна. Үүнд:
- Монголын эртний төрт ёс үүссэн Хүннүгээс Нирун хүртэлх улсын үе / М.э.ө 209- м.э 555 он /
- Монголын ханлигуудын төрт ёс тогтсон үе./ М.э.555 – 1100 он /
- Монголын Эзэнт Их Гүрний буюу Их хаадын үе. / 1206-1368 он /
- Монголын бага хаадын үе. / 1368 – 1634 он /
- Монгол төрт ёсоо алдаж Манжийн нөлөөнд орсон үе. /1634-1911 он /
- Богд хаант Монгол улсын үе. / 1911-1921 он /
- Монголын улаантны харгис төр тогтсон үе. / 1921 – 1990 он /
- Монголын ардчилсан төр тогтсон үе. / 1990 оноос эдүгээ хүртэл /
Монгол төрийн хамгийн хүчирхэг үе бол их хаадын үе /1206-1368 он/ байлаа.Эзэн богд Чингис хаан Хүннү болон Ханлигуудын улсын үеэс уламжлагдан ирсэн монголын төрт ёсыг шинэчлэн хүчирхэг төрт улсыг байгуулсан юм. Цэрэг армиа аравт, мянгатын тогтолцоонд шилжүүлэв.Төрийн албанд гавьяа байгуулсан хүнийг хаан, харцын удам хэмээн ялгалгүй хөхүүлэн шагнаж төрийн ямар ч албан тушаалд дэвшүүлдэг болов. Эзэн хааны дэргэд Сэцдийн Зөвлөл байгуулж эрдэмтэн мэргэдийн зөвлөлгөөг авч төрийн хэрэгт ашигладаг болов. Эзэн хааныг сонгох асуудлыг ноёдын их хурилдайгаар хэлэлцэж шийдвэрлэдэг болсон нь дэлхийн анхны парламентийн хэлбэр гэхэд болно. Монголын тэр үеийн эзэн хаант төрийн нэг том давуу тал нь улс орны онц чухал асуудлыг эзэн хаан түшмэд эрдэмтэдтэйгээ шуурхай зөвлөлдөж эцсийн зөв шийдвэрийг эзэн хаан түргэн шуурхай оновчтой гаргаж цаг алдалгүй хэрэгжүүлдэг байлаа.
Одооны үе шиг парламент хуралдах,сөрөг хүчин хурал хаях,эсэргүүцэх, хааж боох, олон шат дамжлага дамжих мэтээр чухал асуудлыг шийдэж чадалгүй цаг алдах явдал тэр үед байсангүй.Чингис хаан,Хубилай хааны оновчтой шийдвэрүүд, хааны зарлигууд Монголын их гүрний хүчирхэг байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Монголчуудын байгуулсан хүчирхэг төр ази, европын олон оронд үлгэр жишээ болж байв. Бат хааны байгуулсан Алтан орд улс Орос орны суурийг бүрдүүлж байв.Хүлэгү хааны байгуулсан Ил хааны эзэнт улсууд өнөөгийн Иран, Турк улсуудын суурийг бүрүүлж байв. Зүчийн байгуулсан улс Казахстан, Узбекийн суурь болж байв. Хасан хааны байгуулсан улс өнөөгийн Иран, Турк улсын төрийн бүтцийн үндсийг бүрдүлж байв. Монголын хаад эдгээр улсуудад төрт ёс, татварын систем, арми, хот байгуулалт, инженер техник, өртөө шуудан, ус суваг гаргах, сургууль эмнэлэг байгуулах, номын сан, одон орон, шашин соёл зэрэг бүхий л салбарын үндсийг тавьж өгч байв. Монголын Их Юань гүрний үед монголчууд хоёр ёс буюу төр шашныг хослуулсан барьж байсан. Хубилай цэцэн хаан ёс журам,шударга, үнэнч чанарыг эрхэмлэдэг хүн байв. Хубилай хаан ”Мэхлэх хулгайлах нь хүн болсны хувьд туйлын жигшүүртэй хэрэг болой. Нэгэн удаа мэхлэх хэрэг үйлдвээс уран гоё үг хичнээн өгүүлэвч дахин итгэл олох бэрх. Нэгэн удаа хулгайлах хэрэг үйлдвээс хэрэг нь эс илрэвч санаа амаргүй,үргэлж баригдах аюул сэтгэл зүрхийг нь шимшрүүлнэ” хэмээн хэлдэг байжээ ”Юань улсын түүх” номонд хятадын түүхчид Хубилай хааны тухай бичихдээ ”Хубилай хаан санаа сэтгэл нь уужим, талбиун, хүнийг сайн мэдэж сайтар хэрэглэж чадмой” гэсэн байдаг. Хубилай хааны үед их эзэнт улсын ард иргэд амар тайван амьдарч, төр засгийн энэрэл,тусламжийг хүртэж өнө удаан жаргаж байжээ. Мин улсын сүүлч үе, Манж Чин улсын хаанчлалын эхэн үед Күнзийн сургаалтан, их мэргэн Хуан Зу Ши “Юань улсаас хойш эртний богд эзэн Хубилай хааны энэрэнгүй сэтгэлээр эгэл ардыг хайрлаж аж төрүүлэх Эзэн хаан хүн үгүй болжээ” хэмээн бичиж байжээ. Ийнхүү монголын их хаадын төр барьж байсан алтан үе 1368 онд Тогоон төмөр хаан хятадын улаан алчууртны бослогонд ялагдаж Бээжингээс дутааж гарсан үеэс төгсгөл болсон юм. Чухам энэ үеэс эхэлж монгол төр хямарч эхэлсэн юм. 1370-1634 он хүртэл Монгол улсын хасбуу тамгыг 22 хаан барьж байлаа. Энэ үеийг "Бага хаадын үе” хэмээн түүхэнд тэмдэглэдэг. Гэвч энэхүү Эзэн богд Чингис хааны хасбуу тамгыг Цахарын Лигдэн хаан өөрийн харалган бодлогын уршгаар манж нарт алдсанаар монголчууд төрт ёсоо гурван зууны турш алдсан эмгэнэлт явдал болсон билээ. Бага хаадын үед Монголыг нэгтгэж хүчтэй болгох гэсэн бодлого барьж байсан хаадууд байсан. Мандухай сэцэн хатан, Батмөнх даян хаан нь Монголыг нэгтгэхийн төлөө тэмцэж Ойрдын довтолгоог няцааж монголын төрийг бэхжүүлж байсан. Гэвч Ойрдын ноёдууд 17, 18-р зуунд Монголоос салан тусгаарлаж тусдаа 3.0 сая квадрат км газар нутагтай Зүүнгар хэмээх улсыг байгуулж эцэстээ Монголын эсрэг Галдан бошигт 30 000 цэргээр довтолж Түшээт ханы 20 000 халх цэргийг устгаснаар Монгол улс ч байхгүй болов, монгол төр ч байхгүй болов. 1634-1911 оны үе бол Монгол улс төрт ёс хийгээд тусгаар тогтнолоо алдсан эмгэнэлт үе юм. Манжийн нөлөөлийн үед төрийн бүтэц нь монголын эзэнт гүрний үеийн төртэй адил төрийн бүх эрхийг эзэн хаан гартаа атгаж байлаа.
Манжийн эзэн хаан төрийн түшмэдтэйгээ зөвлөлдөж эцсийн шийдвэр зарлигийг гаргадаг байлаа. Манжийн үед Монголд буй болсон нэг давуу тал бол монголчууд дайн дажингүй гурван зуун жил амьдарч монголын Бурханы шажин гайхамшигтайгаар цэцэглэн хөгжсөн билээ.
Манжийн эзэн хаан Энх-Амгалан ”Дотор хүнийг /хятад хүн/ Хянганы даваа, Жанчхүүгээс хойш Ар Монгол газрын хил давахыг хориглоно” гэсэн хатуу зарлиг гаргасны ачаар Монголд Хятадын нөлөө огтхон ч туссангүй гурван зуун жил болсон юм. Төрт ёсоо алдсан монголын ард түмэн энэхүү гурван зуунд төрт ёс, цэргийн ухаанаа бараг гээсэн байлаа.Далайд гарцгүй, манжаас өөр харьцах үндэстэнгүй, гадаад ертөнцөөс таслагдсан монголчууд дэлхийн хөгжил, эдийн засаг, үйлдвэржилтээс ихэд хоцрогдож байлаа. Манжийн үед монголчууд хойд болон баруун зүгт оршдог монголын үлэмж их хэмжээний газар нутгийг хаант Орос болон Казахуудад алдав, өмнөд нутгийнхаа ихэнхи хэсгийг хятадуудад алдав. Монголчууд нийтдээ 4.5 сая гаруй квадрат км монголын газар нутгийг монгол хүн, мал сүрэгтэй нь хамт Орос, Хятадад алджээ. Энэ бол хамгийн том эмгэнэл байлаа. Цагаагчин тахиа жил буюу 1911 онд Хятадад Синьхайн хувьсгал гарч Манж Чин улсыг мөхөөсөн билээ. Шинээр байгуулагдсан Хятадын Бүгд Найрамдах Улсын Түр Ерөнхийлөгч Сун Ят Сен болон түүний гоминдан намынхан, удалгүй засгийн эрхийг гартаа авсан Юан Ши Кай нар Манж Чин улсаас үлдсэн бусад үндэстний талаар явуулах бодлогыг тогтоогүй, тэд монгол, түвд, түрэг, уйгур шинжаантай хэрхэн харилцахаа ч сайтар мэдэхгүй байсан юм. Ийнхүү Монголыг гурван зуун жил барьсан хазаар суларлаа. Энэ чухал завшааныг Богд гэгээн тэргүүтэй монголын ноёд, тайж, лам нар ухаалаг ашиглаж Богд гэгээн нийслэл Хүрээнд 1000 гаруй монгол цэрэг бөөгнөрүүлж нийслэл Хүрээнд байсан тавь хүрэхгүй албат,цэрэгтэй Манжийн Сандо амбанд “Хэрэв та Монголд үлдвэл таны амь насыг монголын тал хариуцахгүй” гэдгийг мэдэгдэж, нутаг буцахыг нь хатуу сануулав. Монгол цэргээс ихэд айсан Сандоо амбан Хүрээн дэх Орос улсын консулын газар хоргодож байгаад 1911 оны 12 дугаар сарын 4-ний өдөр атаман Семеновын орос казак морьт цэргийн хамгаалалтан дор Хиагтаар дамжиж нутаг руугаа буцжээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол тусгаар улс болсныг зарлан тунхаглаж, Богд Жавзандамба хутагтыг шинэ тулгар улсын Эзэн хаанд өргөмжлөв Ийнхүү "Монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож төр, шашнаа мандуулах", Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцлээ эхлүүллээ. Богд хаант Монгол улс таван яамыг байгуулав.
Үүнд: Ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг томилж,
- Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам, Сайд нь Чин ван Ханддорж
- Цэргийн яам, Сайд нь Эрдэнэ далай ван Гомбосүрэн,
- Сангийн яам, Сайд нь Түшээт хан Чагдаржав,
- Шүүх яам, Сайд нь Эрдэнэ ван Намсрай,
- Дотоод Явдлын яам, Да Лам Цэрэнчимэд нарыг тус тус томилов.
Манж Чин гүрний захиргаанд байсан олон монгол овогтнууд ялангуяа өвөр монгол, цахар,баргын олон хошуу Богд хаант Монгол улсын захиргаанд орж эх орондоо нэгдэхээ илэрхийлэн дагаар орж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, Монголыг өөрийн нэг муж хэмээн үзэж байв. Богд хааны шинэ засгийн газар Франц, Англи, Герман, Америк зэрэг улсын засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул хойд хөрш хаант Орос улсад их найдвар тавьж байлаа. Гэвч удалгүй монголын төр хямрав. Б.Цэрэндорж тэргүүтэй зарим монгол ноёд Богд хаант төрөөсөө урваж 1919 онд Хятадын Засгийн газарт хүсэлт гаргаж 10 000 гамин цэргийг нийслэл Хүрээнд дуудан ирүүлж Богд хаантт монгол төрөө мөхөөжээ.
Богд хаант Монгол улсын 6000 цэрэг ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй хятадын гамин цэрэгт бүх зэр зэвсгээ хураалган бууж өгсөн нь хамгийн том гутамшиг байлаа. Ийм хүнд нөхцөлд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлээ хэрхэн үргэлжлүүлэх, яаж хятадаас чөлөөлөгдөх вэ гэсэн арга замаа эрэлхийлж байлаа.
Богд хаан тэр үед АНУ, Их Британи, Япон улсаас тусламж хүсч тамгатай бичиг илгээж байлаа.Харин Богд хаан ардын намынхны улаан Орос улсаас зэвсгийн тусламж гуйх бичигт тамгаа дарсан нь өөрийгөө цаазаар авах бичигт гарын үсэг зурсантай адил үлэмж том алдаа болсон юм.Ийм хүнд үед нийслэл Хүрээнээс хятадын олон мянган цэргийг хөөн зайлуулж Богд хаант Монгол улсыг 1921 оны хоёрдугаар сард дахин байгуулж Богд хааныг ширээнд нь дахин залсан гавьяатан бол хаант Оросын генерал Барон Унгерн фон Штернберг байлаа. Барон Унгерн Богд хаанаас туслахыг хүссэн захидал авч, Монголд 1920 оны сүүлчээр нэвтэрч, 1921 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр цөөхөн цэрэгтэйгээр гурав дахь удаагаа нийслэл Хүрээг довтолж сайн зэвсэглэсэн гамингийн 10 000 цэргээс чөлөөлсөн нь Монголд дахин тусгаар тогтнох нэг том боломж олгов. Гэвч энэхүү дахин сэргэсэн Богд хаант төр удаан орших боломж байсангүй, дөнгөж тавхан сарын настай байлаа.
Улаан Оросын түрэмгийллийг Монголд авчрах хар үйлсэд ардын намынхан болон нөгөөх гаминг Монголд дууддаг Б.Цэрэндорж тэргүүтэй монголчууд гол үүрэг гүйцэтгэжээ.
Богд хаан нэг том алдаа гаргасан юм. Тэр нь юү вэ гэвэл Богд хаан лам хувраг хүн тул Богд хаант Монгол улсаас урвасан монголын ноёдыг цаазаар авдаггүй, амийг нь хэлтрүүлдэг байсан учраас хааныхаа толгой дээр гарсан урвагч монгол ноёдоос болж монгол төр мөхсөн юм. Тэрхүү ороо бусгаа цагт арав хүрэхгүй хэдхэн монгол өөрсдийгөө ардын намынхан хэмээн нэрлээд улаан Оростой хавсарч монголын Богд хаант төрийг унагана, урьд өмнө үзэгдэж байгаагүй улаантны харгислал Монгол улсад өрнөнө гэдгийг хэн ч мэдэхгүй байлаа. Гэвч монголчууд Барон жанжны олгосон Өвөр Монгол, Ар Монголыг нэгтгэсэн Богд хаант Монгол улс байгуулах хамгийн том боломжоо улаан Оросыг дагаснаас болж алдсан юм. Ардын намынхан тэр үед улаан Орос улс Хятад улстай нууц гэрээ байгуулж Монголыг хувааж авах болсныг мэдээгүй юм, их гүрнүүд хуйвалдаж жижиг улсын залгидаг гэдгийг мэдээгүй юм.
Гурав. Улаантны төрийн хямрал
1921 онд Монголд Орос улсаас улаан хувьсгалыг экспортолж , улаантны харгис засаг тогтлоо. Улаан Орос энэхүү ажиллагаанд 1.0 сая гаруй рубль зарцуулжээ. Ардын намын долоохон хүн улаан Оросоос зэвсэг гуйхаар явсан боловч зэвсэг бус, улаан орос цэрэг оруулж ирсэн нь монгол төр мөхөх гол шалтгаан болсон юм. Ардын намынхан улаантны харгис үзлийг Монголд тулгаж улаан хувьсгалыг Монголд хүчээр хийсэн нь монголын ард түмэнд далан жилийн гамшгийг авчирсан юм. Улаан Оросын олон мянган цэргүүд ардын намынхантай хамтарч ямар ч хамгаалалтгүй байсан нийслэл Хүрээг 1921 оны 7-р сарын 6-ний өдөр эзэлж хууль ёсны Богд хаант төрийг түлхэн унагав. Улаантнууд энэхүү явдлаа “Нийслэл Хүрээг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөв, монголын ард түмнийг феодалуудын дарлалаас аврав, Ардын нам ялж, Ардын засаг тогтов” хэмээн худал сүржигнэдэг. Улаантнууд Хүрээг түрэмгийлэн эзлэх үед нийслэлд нэг ч гадаадын цэрэг, нэг ч цагаан оросын цэрэг, нэг ч гамин цэрэг байгаагүй, зөвхөн хууль ёсны Богд хаант Засгийн газар л монгол төрийнхөө үйл ажиллагааг явуулж байсан. Ардын намын долоохон хүн тэр үед долоон зуун мянган монголын ард түмнийг төлөөлөх эрхгүй байсан. Тэднийг хэн ч мэддэггүй байсан. Ардын намынхан Оросын нутагт буюу Троицкосавск хотод 1921 оны 3-р сарын 1 ний өдөр Ардын намын хурал хийж тэр хуралд 16 хүн оролцож тэдний дотор улаан Оросын Коминтерний төлөөлөгчид сууж ардын намыханд зааварлаж байлаа. Гамингаас эх орноо чөлөөлж монгол төр, шашнаа мандуулна гэсэн ардын намынхан ийнхүү улаан оросын хараат Коминтерний дуулгавартай зарц болж дүрээ хувиргав. Тэр үед “Түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээр Бодоо, Данзан, Чойбалсан, Сүх, Чагдаржав нарын тавхан монгол хүн ард түмэндээ ч мэдэгдэлгүй, Богдын Засгийн газартай ч зөвлөлдөлгүй улаан Оросын 15 000 улаан цэргийг Монголд дуудан авчирч, улаантны харгис төрийг Монголд зэвсгийн хүчээр тогтоож, улаантны харгис үзлийг Монголд тулгана гэж хэн санах билээ. Ардын намын анхны долоо бол эх оронч хүмүүс байсан.Гэвч тэд улаан Оросыг таниж чадаагүй, большевик еврейчүүдийн мөн чанарыг мэдээгүй, улс төрийн алсын хараагүй, харалган хүмүүс байжээ гэдэг нь түүхээс харагдаж байна.
Улаан Оросын комиссарууд: “Та нарын байгуулсан гэх Ардын нам хэдэн гишүүнтэй юм бэ? Намын гишүүдын тоо чинь мянга хүрэхгүй бол бид зэр зэвсгээр туслахгүй“ гэсэн тул ардын намынхан “Бидний нам мянган гишүүнтэй” хэмээн худал хэлж олон мянган орос улаан цэргийг Монголд оруулахаар болжээ. Чөтгөртэй нөхцсөн хүн чөтгөрийн хорыг амсдаг гэдэг дээ. Аман дээрээ тэд гамингийн эсрэг тэмцэнэ гэж байсан боловч ачир дээрээ тэд хууль ёсны Богд хаант төрийн эсрэг хорт санаа агуулж эхэлсэн нь хамгийн том алдаа байв. Ер нь ардын намынхны хамгийн том алдаа нь Монгол улсын өмнө үлэмж гавьяа байгуулсан Барон Унгерний армийг 1921 оны тавдугаар сард улаан Оростой хамтарч бутцохисон болон нийслэл Хүрээг улаан орос цэрэгтэй хамтран эзэлж Богд хаант Монгол улсын төрийг устгасан явдал юм. Ардын намынхан хэрэв улаан Оросгүйгээр нийслэл Хүрээнд ирээд Богд хаант бүгд найрамдах улсыг байгуулсан бол өдийд Англи, Япон мэт хаант засаглалтай парламентийн бүгд найрамдах улс болж хөгжих боломж байсан. Гэвч ”Ардын нам, ардын засаг” хэмээн амны уншлагаараа ард түмний тархийг угаасан орос, монголын улаантнууд ачир дээрээ ардынхаа эсрэг харгис хүчирхийллийн бодлого явуулж, монголын ард түмний олон мянган жилийн түүх соёлыг нь устгаж, ард түмнийхээ өмч хөрөнгийг нь хураан дээрэмдэж эх орноо сүйрүүлсэн билээ. Улаантны төрийн хямрал ийнхүү Монголд эхэлсэн юм, улаантны аллага ийнхүү эхэлсэн юм. Удалгүй Монголд Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, Үндсэн хуулийг баталж ард түмнээ ангилан ялгаж, харц ардыг дөвийлгөж хаан,тайж язгууртан, лам нарын улс төрийн эрхийг хааж, эд хөрөнгө, цол хэргэмийг нь хурааж, тэднийг ангийн дайсан хэмээн гүтгэж, монголын бүхэл бүтэн үндэсний сэхээтэн давхаргыг эх оронд нь гишгэх газаргүй болгож зөвлөлтийн загвараар “Ардын Эрхт Бүгд Найрамдах Улс” гэгчийг тунхаглаж, улаан Оросын хараат тоглоомын Засгийн газар байгуулжээ.
Анх нийслэл Хүрээнд Бодоо, Данзан нарын байгуулсан хоёр нууц бүлэг 1920 оны YI сард нэгдэн Монголын Ардын Намыг байгуулахдаа баталсан Тангарагийн бичигтээ:
“1911 оны адил үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олох, юуны өмнө автономийг сэргээх, цаашдаа бүх монгол үндэстний нэгдсэн улс байгуулах зорилт тавьж, дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж ядуу доод ардын тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөх" хэмээсэн зөв үзэл баримтлал дэвшүүлжээ. Сүх жанжны бичсэн нэгэн баримт бичигт ”Монголынхоо төр шашныг мандуулна” гэсэн үг ч байдаг. Гэтэл ардын намын Тангарагийн бичгийн заалт бүрийн биелэлтийг авч үзвэл нэг нь ч хэрэгжсэнгүй. “1911 оны адил эрх чөлөө, тусгаар тогтнолоо олно” гэсэн боловч үнэн чанартаа улаан Оросын хараат дагуул улс болж ард түмэн нь ямар ч эрх чөлөөгүй улаантны боол болжээ. “Монгол үндэстний нэгдсэн улс байгуулна” гэсэн боловч Ар Монгол, Өвөр Монгол салсан хэвээр үлдэж бүр сүүлдээ Урианхайн хязгаар буюу Туваг Зөвлөлт улсад алджээ.1958 онд хойд монголын 2500 квадрат км газар нутгаа Зөвлөлт улсад алджээ. “Ядуу доод ардын тусыг бодно” гэсэн боловч малчдынхаа хамаг мал сүргийг нь хураан авч ядуусын эгнээнд оруулжээ. “Дарлах, дарлагдахын зовлонгүй аж төрнө” гэсэн боловч ард түмэн улаантнуудын харгис дарангуйлал дор 70 жил тарчлан зовжээ. “Монгол төр шашнаа мандуулна” гэсэн боловч монгол төрөө устгаж зөвлөлт маягийн улаантны харгис төр байгуулжээ. Буддын шашнаа устгаж ард түмнээрээ шашингүйчүүд болцгоожээ.
Улаантнууд төр засгаа “Ардын засаг” хэмээн хоосон тунхаглалаа. Ачир дээрээ улаантнууд хамаг эрх мэдэл, эд хөрөнгө, мал сүрэг, газар нутаг, эх орон бүгдийг нь ард түмнээс булаан авчээ. Юу ч үгүй хоосон үлдсэн ард түмэн улаантнуудын боол нь болохоос өөр сонголт үлдсэнгүй.
Эдлэх хөрөнгөгүй, шүтэх Бурхангүй болсон монголын ард түмэн 1932 онд улаантнуудын эсрэг бослого гаргасан боловч шүдээ хүртэл зэвсэглэсэн улаан цэргийн бууны аманд хэдэн зуугаараа буудуулан үхжээ. Удалгүй оросын улаантнууд, Коминтернээс большевик еврейчүүдийн зохиосон коммунизмын туршилт, хэлмэгдүүлэлтийг 1930-аад оны эхээр Монголд хүчээр тулгав. Улаан коммунизмын хорт тахал ийнхүү азийн эртний соёлт Монголд олон арван жилийн турш цус, нулимс, гамшиг авчирсан бөлгөө. Их хэлмэгдүүлэлтийн эхний шатанд улаантнууд монголын төрийн зүтгэлтэн Бодоо, Данзан, Дамбажав нарыг хороож, монголын тайж, лам, сэхээтнүүдийн хөрөнгийг хураан авав. Коминтерний алан хядагч-чекист Яков Блюмкин, большевик тагнуулч Элбэгдорж Ринчино нарын улаантнууд Монголд ирсний дараахан Богд хатан Дондогдулам, наймдугаар Богд гэгээн хийгээд ардын намын анхны долоогийн нэг Бодоо, Данзан нар амь үрэгдэж, гучхан настай Сүх жанжин цэл залуугаараа өөд болсон нь большевик еврейчүүдийн гар урт, хэнийг ч өршөөдөггүй гэдгийг харуулж байлаа. Улаантнуудын балгаар 1928-1932 оны онуудад монголын мал сүрэг 6.0 сая толгойгоор хорогдов. Угсаа гарлаараа тайж язгууртан, төрийн түшмэл болон жирийн чинээлэг хүмүүсийг "ардын дайсан" хэмээн цоллож хөрөнгийг нь хурааж, шоронд хийж буудан хөнөөв. Хүн бүрээс "ард уу? тайж уу?" хэмээн асууж “тайж” гэвэл шууд ална, “Чингис хааны алтан ургийн хүн” гэвэл шууд буудан хорооно. Ингэж Чингис хааны алтан ураг, монголын тайж гаралтай төрийн зүтгэлтэн, сэхээтнүүдийг хоморголон устгав. Улаантнууд Бурхны шавь нараас “Багш чинь хэн бэ?” хэмээн асууж лам багшийнх нь нэрийг нь мэдэж аваад лам багш нарыг нь толгой дараалан хөнөөв. Дөрвөн зууны турш ард түмний хөрөнгөөр бүтээсэн 1250 гаруй буддын сүм хийдийг шатаан устгаж, сүм хийдүүдийн алт мөнгөн бурхад, алт мөнгөн эдлэлийг нь булаан авч дээрэмдэн олон сая буддын судар номыг шатаан устгаж байлаа. Малчдыг хүчээр хамтралд оруулж, хувийн малыг нь нийтийн өмч болгон хэдэн сая малыг үрэн таран хийж байлаа.
Монголын малчин ард түмний хөдөлмөрөөр өссөн олон арван сая мал сүрэг тэр үед улаантнуудын гарт орж алга болж байлаа. Удалгүй улаантнууд монголын төрийн зүтгэлтэн Ерөнхий сайд Анандын Амар, Пэлжидийн Гэндэн нарыг Орост Москвад аваачиж шоронд тарчлаан зовоож эцсийн эцэст монголын тусгаар тогтнолыг зарласан 11 дүгээр сарын 26-ны өдөр тэднийг цаазаар авч буудан хороов.
“Ж.Лхүмбэ, П.Гэндэн, Г.Дэжид, Д.Лувсаншарав нарын японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдаан” гэгч зохиомол хэргийг улаантнууд үүсгэж, 26 000 гэм зэмгүй монгол хүмүүсийг хэлмэгдүүлж, 25 000 хүнийг 1937-1939 онуудад шийтгэв. Энэхүү алан хядах ажиллагааг Чойбалсангийн шууд удирдлагын дор Онцгой Бүрэн Эрхт комисс гардан явуулж хоёрхон жилийн дотор ямар ч гэм зэмгүй 20474 хүнд цаазлах ялыг оноож буудан хороож, 5400 хүнд 10 ба түүнээс жил хорих ял оноожээ. Коминтерн болон Сталиний даалгавраар ямар ч гэм зэмгүй монголын олон мянган лам хувраг, тайж, сэхээтэн, иргэдийг буудаж, шоронд хийж, хэлмэгдүүлснийхээ төлөө Чойбалсан улаан Орос улсаас автомашин, буу зэвсэг, сумаар шагнуулж байлаа. Ардын намын анхны долоогоос ганцаараа амьд үлдсэн Чойбалсан бол Коминтерн хийгээд Сталиний дуулгавартай зарц байлаа. Чойбалсан бол монголын ард түмний үхлийн эрлэг байлаа. Улаан Монголд тэр үед ямар ч хууль, ямар ч шүүх засаглал байсангүй. Чойбалсан өөрөө шүүхийн үүрэг гүйцэтгэж, шүүхийн оронд Онцгой бүрэн эрхт комисс гэгч хууль бус байгууллагын дарга болж тэрхүү комисс гэгч нь ямар ч үндэслэлгүйгээр, ямар ч нотлох баримтгүйгээр, ямар ч өмгөөлөл шүүхгүйгээр 20 474 гэм зэмгүй хүнийг “хувьсгалын эсэргүү, хар шар феодал, японы тагнуул” хэмээн гүтгэж буудан хөнөөжээ. Тэр үед Монголд дотоодын мэдээлэгч туршуулын тоо 50 000 хол давсан байв. Манж, түвд, монгол бичигтэй, уламжлалт соёл шашны өндөр мэдлэг боловсролтой хүмүүсийг ад үзэж “хувьсгалаас өмнө монголын ард түмэн бичиг үсэггүй, хамгийн бүдүүлэг ард түмэн байсан” мэтээр улаантны суртал ухуулгыг хүчтэй хийж эхлэв. Олон зуун жил дээдлэн ирсэн Бурхны шажныг нь хориглосноор арван хар нүглийг цээрлэж арван цагаан буяныг үйлддэг байсан монголчууд буян, нүглээ мэдэхээ байж эцэстээ гэмт хэрэг, хулгай, дээрэм, аллага үйлддэг болов. Ийнхүү Монгол улс Коминтерний боол болсон юм. Ийнхүү Монгол улс Зөвлөлтийн дагуул улс болсон юм. Ийнхүү Монгол улс улаантны харгис улс болсон юм. Ийнхүү монгол төр мөхсөн юм.
Монгол улс улаан коммунизмын туршилтын балгаар олон мянган жилийн уламжлалт түүх,соёл, шашин нь устаж, улс орны эдийн засаг, мал аж ахуй нь сүйрч , хувийн өмчийг хурааж, улсын өмч, нэгдлийн өмч ноёрхсон төлөвлөгөөт эдийн засагтай, гадаад худалдаа, гадаад харилцаа нь дэлхийгээс бүрмөсөн таслагдсан дэлхийн хамгийн бөглүү, ядуу орон болж хувирав.
Социализмын үед нэг намтай дарангуйллын тогтолцоонд орсон Монгол улсад хүний эрх чөлөө хумигдаж зөвлөлт маягийн улс болов. Цэдэнбалын малчин ардуудад хүчээр тулгасан нэгдэлжих хөдөлгөөн нь мянга мянган жил мал сүргээрээ амь зуудаг монгол малчны амьдралыг мөхөөж хамаг мал сүргийг нь хураан авч ажилгүйчүүд ядуучуудын эгнээнд оруулав. Дарангуйллын төрхүний эрхийг уландаа гишгэж эх оронч сэхээтнүүдийг сэхээтний төөрөгдөлд орсон хэмээн хөдөө цөлж шоронд хийж байлаа. Төр ард түмнээ дарангуйлагч хүчин болж хувирлаа. Төрийн дээр улаантны нам оршиж байлаа. Төрийн дээр нэг хүнийг тахин шүтэх үзэл ноёрхож байлаа. Тэр нам нь хууль бус төрийн бус байгууллага байлаа, албан ёсоор Шүүхэд бүртгүүлээгүй төрийн бус байгууллага байлаа.Тэр нам нь зөвлөлтийн коммунист намын бяцхан хуулбар байлаа.
Дөрөв. Ардчилсан төрийн хямрал
1989 оны сүүлч, 1990 оны эхээр ардчилсан хөдөлгөөн Монголд түргэн хурдтай өрнөж, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, МоАН, МСДН, МҮДН, ЧХН, МНН зэрэг эвсэл холбоод, улс төрийн шинэ намууд ар араасаа байгуулагдан, жагсаал цуглаан, улс төрийн суулт болж ард түмэн хөдөлгөөнд орлоо. 1990 оны 3 дугаар сарын 4-ны өдөр Улаанбаатар хотод МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ноос хамтран зохион байгуулсан цуглаанд бараг зуун мянга шахам хүн оролцлоо. Урьд өмнө нь ийм олон хүн Монголд цуглаан хийж байсангүй. Ард түмэн коммунизмыг эсэргүүцэж далайн хүчит түрлэг мэт давалгаалж байсан юм. Цуглаанаас сөрөг дөрвөн хүчний хамтарсан мэдэгдэл гаргав.
Энэ мэдэгдэл нь
1.МАХН-ын онц их хурлыг 1990 оны III сард зарлан хуралдуулж МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах,
2.Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын Түр Хурлыг мөн 3 дугаар сард багтаан байгуулах шаардлагыг тавьжээ. МАХН-ын Засгийн газар мэдэгдэлд заасны дагуу хариу өгөөгүй учир ардчилсан хүчин 1990 оны 3-р сарын 7-ны өдөр Сүхбаатарын төв талбайд өлсгөлөн зарлав. Ардчилсан хүчин, МАХН-ын удирдлагын "дугуй ширээний" уулзалт хэлэлцээрийн дүнд дээрх шаардлагыг биелүүлэх тухай Хамтарсан Тунхаглал гаргаснаар 1990 оны 3 дугаар сарын 9-нд улс төрийн өлсгөлөнг зогсоолоо. МАХН-ын удирдагч Ж.Батмөнх “Ардчилсан хөдөлгөөний үед нэг ч монгол хүний хамраас цус гарах ёсгүй” гэсэн зөв бодлого барьж, танк оруулж бослогыг цэргийн хүчээр дарах гэсэн МАХН-ын зарим харгис хүмүүсийн саналыг эсэргүүцэж МАХН-ын Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг зөвшөөрөв. 1990 оны 7 дугаар сард Монгол улсад анхны ардчилсан сонгууль боллоо. Сонгуулийн үр дүнд МАХН эрх баригч нам болсон боловч Засгийн газрын бүрэлдэхүүнд МҮДН-ын Д.Ганболд, МоАН-ын Дорлигжав нар орлоо. Монгол улсын анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат сонгогдлоо. 1990-1992 онд Монголын Парламент Ардын Их Хурал, Улсын Бага Хурал (УБХ) гэсэн хоёр танхимтай байв. УБХ, Ерөнхийлөгчөөр ахлуулсан Шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комисс томилогдож, Үндсэн хуулийн төслийг боловсруулав.
Монгол улсын шинэ Үндсэн хуулийг 400 гаруй депутат хоёр сар гаруй хэлэлцсэний дүнд 1992 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, төрийн шинэ тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, хүний эрхийг баталгаажуулсан ардчилсан хууль зүйн анхны үндсийг тавив. Шинэ Үндсэн хуулинд Хүний эрх, эрх чөлөөг онцгойлон тусгаж өгсөн нь том ололт байлаа.
Шинэ Үндсэн хуулиндаа “Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлиг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхаглав. Депутатууд Үндсэн хуулиндаа Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг,нийслэлд,аймаг нь суманд,сум нь багт,нийслэл нь дүүрэгт,дүүрэг нь хороонд хуваагдана хэмээн тусгаад харин хотын асуудлыг орхигдуулсан нь томоохон алдаа болсон юм.Үүнээс болж аймгийн томоохон төвүүд, бусад томоохон хотууд аймгийн нутаг дээр оршдог сум болж хувирсан. Одоо ч энэ алдаа хэвээрээ 35 жил болж байна. Би анх 1992 онд нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт Хэнтий аймгаас шилжин ирж билээ. Тэр үед Багануур дүүргийг бие даасан хот болгоно хэмээн дүүргийн ард иргэд болон төр, захиргааны байгууллагын санал хүсэлт олон удаа гардаг байсан юм. Гэтэл одоо болтол 30 гаруй жил Багануур дүүрэг маань хот болж чадсангүй. Багануур бол 30 000 хүн амтай, дэд бүтэц сайн хөгжсөн сайхан хот юм шүү дээ. Багануурыг хот гэхгүй бол өөр юүг хот гэх юм бэ. Монгол улс орчин үеийн хотгүйгээр яаж хөгжих юм бэ. Монгол улс ийнхүү Парламентийн Бүгд найрамдах улсын хэлбэрийг сонгож, Монголын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг дээдлэх замдаа орлоо. Ардчиллын жилүүдэд Монголд анх удаа Монтескьегийн онолын дагуу гурван засаглалын тэнцвэрт байдлыг буй болгож эхлэв. Францын соён гэгээрүүлэгч Шарль Монтескье бол 18-р зууны сүүлч, 19-р зууны эхээр гурван засаглалын тэнцвэртэй орших онолыг боловсруулсан бөгөөд энэхүү онолоор дэлхийн олон ардчилсан улсууд төр засгаа эмхэлж амжилттай хөгжиж байна. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал ийнхүү хорьдугаар зууны сүүлчээр Монголд үүсч оршин тогтнож байна.
Энэхүү гурван засаглал өнөөдөр Монголд тэнцвэртэй байна уу, хараат бус байна уу гэдэг нь чухал асуудал болоод байна. Монголын төрийн шинэтгэл дараах үе шатыг дамжиж байна. 1990-1995 оныг хамарсан төрийн шинэтгэлийн эхний үе шат бол Монгол улсын төрийн байгууллагын шинэ тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдэж байв.
1995-2002 оныг хамарсан хоёр дахь үе шат бол төрийн албаны тухай хуулийг баталж төрийн албыг цэгцэлж эхэлсэн үе байлаа. Эдгээр жилүүдэд улс төрийн сонгуулийн дүнд шинээр сонгогдсон төрийн ажлын туршлагагүй олон удирдах албан тушаалтнууд “багаа бүрдүүлнэ” гэсэн нэрийн дор төрийн албаны тухай хуулийг уландаа гишгэж олон зуун жирийн албан хаагчдыг хоморголон ажлаас нь халж байсан юм. Энэ хууль бус явдал нь төрийн албыг доройтуулж, олон түмний төрд итгэх итгэлийг хөсөрдүүлсэн явдал болсон. Энэ нь төрийг бэхжүүлж төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах нь чухал гэдгийг сануулсан ихээхэн сургамжтай явдал болсон. 2002 оноос эдүгээ хүртэлхи гурав дахь үе шат бол төрийн албаны удирдлага,санхүүжилт, төлөвлөлт, гүйцэтгэл үнэлгээний хэв шинжийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын баталгаа, хариуцлагыг тодорхой болгох, төрийн байгууллагууд мэргэшсэн тогтвортой байх буюу мерит зарчимд суурилах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа үе юм. Эдүгээ төр иргэний харилцаа гүнгийрч байна. Төрөөс гүйцэтгэх зарим үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх явц эхэлж байна. Төр бол иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх зорилготой байгууллага гэсэн чиг хандлага давамгайлж эхэллээ. Ардчиллын сүүлийн 34 жилд ард түмний чөлөөт сонгуулиар байгуулагдсан Монголын Засгийн газар ээлж дараалан солигдож олон төсөл, олон ажлыг хийж байгаа боловч ард түмнийхээ амьдралын түвшинг эрс дээшлүүлэх, иргэдээ ажлын байраар хангах, орлогыг нь нэмэгдүүлэх, чанартай боловсрол, эмнэлгийн үйлчилгээгээр хангах, улс орноо үйлдвэржүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах талаар дорвитой ажил, томоохон бүтээн байгуулалт хийж чадсангүй. Нэг ч том үйлдвэр барьсангүй. Эрчим хүчний хараат байдлаасаа гарч чадсангүй. Засгийн газар томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж чадсангүй, төр засаг нь хэт улс төржиж тогтворгүй байдаг, хууль журам нь мөрдөгддөггүй, шүүх засаглал нь хараат бус болж бэхжиж чадаагүй, авилгал газар авсан зэрэг олон шалтгаанаас болж хөгжил удааширсан.
34 жил бол их хугацаа. Улс орон хөгжлийн үсрэлт хийх хугацаа. Энэ хугацааг монголын төр ашиглаж чадсангүй.1958 оноос хойш төмөр замаа 2 салаа болгож цахилгаанжуулж чадсангүй. Экспортын баримжаатай томоохон үйлдвэр ч барьж чадсангүй. Эрчим хүчний томоохон эх үүсвэр барьж чадсангүй.
Ашигт малтмалын том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадсангүй. Харин олон хүний гар дамжсан ашигт малтмалын лицензийн наймаа газар авч байлаа. Лицензийг замбараагүй олгосны балгаар эх орны газрын зургийг харахад шүүрэн шанага шиг болсон байлаа. Ажлын байрыг эрс нэмэгдүүлж чадсангүй. Ард түмний амьдралын түвшинг эрс дээшлүүлж чадсангүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг ядаж 10 000 ам.долларт хүргэж чадсангүй. Монгол улс дэлхийд томд ордог нүүрсний ордуудтай байж эрчим хүчний дутагдал, хараат байдлаасаа гарч чадалгүй 34 жил болж байна. Нар, салхийг ашиглан сэргээгдэх эрчим хүчээр хөдөөг хангана гэсэн нь эхлэл төдий л байна.Нефтийн үйлдвэрээ дуусгаж чадалгүй 8 жил болж, нийтдээ 1.7 тэрбум ам доллар зарцуулчихаад одоо болтол ашиглалтад оруулж чадсангүй. Монголд 2011 оноос эхэлж нүүрлэсэн нүүрсний хулгай эдүгээ их наядаар хэмжигдэж байгаа боловч нүүрсний хулгайг зогсоож чадахгүй өдий хүрчээ. Засгийн газрын 29 санг хоосолсон хулгайг төр зогсоож чадсангүй. ЖДҮ, ногоон автобусын хэрэг, боловсролын зээлийн сангийн хэрэг, нүүрсний хулгай гээд өчнөөн хулгайн хэрэг Монголд гарчээ. Хулгай, авилгал өнөөдөр Монголд цэцэглэж байна. Иймэрхүү хариуцлагагүй, салан задгай байдал Монголын хөгжилд чөдөр тушаа болсоор удаж байна. Хариуцлага, хяналтыг хүчтэй, үр дүнтэй болгодог систем өнөөдөр монголын төрд алга. Ардчилал бол эрх чөлөө, шударга ёс, хариуцлага гэсэн үг л дээ. Монгол оронд ардчилал төлөвшиж,ардчилсан парламентийн засаглал сайн бэхжиж чадаагүй л байна. Саяхан Монголд болсон төрийн хямрал үүнийг гэрчилж байна. Монгол улс ардчиллын замд ороод гурван засаглалыг тэнцвэртэй байлгаж төрөө тогтворжуулж түмэн олноо амар амгалан жаргуулна хэмээн тунхагладаг. Гэтэл саяхан парламентийн даргаа Ерөнхий сайд нь гүтгэж гадаадын сайтад гарсан хуурамч мэдээллийг нотолгоо болгож УИХ-ын даргыг нүүрсний хэрэгтэй холбогдсон хэмээн буруутгав.Ардын намын дотоод хэрэг ардчилсан төрийн хямрал болж өргөжив. Гэхдээ энэ хямрал бол намын ч хямрал биш, төрийн хямрал, тогтолцооны гажуудлаас болж байгаа юм.
Ардчилсан Монголд гурван засаглал байдаг. Энэ бол хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал гурав тэнцвэртай орших ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн институци засаглал болоод эхэлчихжээ. Учир нь Үндсэн хуулиар заасан эрх үүрэг нь анхандаа буюу 1993 оны ерөнхийлөгчийн хувьд хязгаарлагдмал байсан.
Гол эрх мэдэл Ерөнхий сайдад байсан. Монгол улс Парламентийн засаглатай орон тул Ерөнхийлөгчийн эрх нь хязгаарлагдмал, Ерөнхий сайын эрх, үүрэг нь их байх ёстой байсан. Анхны ерөнхийлөгч П.Очирбатын үед ерөнхийлөгчийн төсөв болон эрх үүрэг нь хязгаарлагдмал, ерөнхийлөгч бол монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн гол үүрэгтэй байсан. Гэтэл 1998 оноос эхлэн одоо болтол Ерөнхийлөгчийн төсөв болон үүрэг нэмэгдэж ирсэн. Энэ бол гаж буруу үзэгдэл. Монголд ерөнхийлөгчийн эрхийг улам өргөтгөснөөс болж төрийн хямрал гарч байна. Монголд ерөнхийлөгч маань Ерөнхий сайдыг томилох ажилд хүртэл оролцож саатуулдаг болсон. 1998 онд ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболдыг 7 удаа буцаасан байдаг. Нэр дэвшсэн Бат-Үүл, Ганхуягийг хүртэл буцаасан. Тэр үед Багабанди Эрдэнэт үйлдвэрийн дарга Отгонбилэгийг хэвээр үлдээ гэсэн улс төрийн шаардлага тавиад байсан. Бүтэн 5 сарын турш төрийн ажлыг гацааж байсан гашуун түүх буй. Түүнээс хойш одоо болтол хэд хэдэн ерөнхийлөгч солигдсон ч гэсэн Ерөнхийлөгч эрх үүргээ болон төсвөө улам нэмэгдүүлээд засаглалын тэнцвэртай байдлыг алдагдуулсан. Ерөнхийлөгчийн жилийн төсөв 2019 онд буюу ердөө тавхан жилийн өмнө 4.6 тэрбум төгрөг байсан бол одоо 33.6 тэрбум төгрөг болон эрс нэмэгджээ. Ерөнхийлөгчид хориг тавих эрх өгсөн чинь бүр сүүлдээ төрийг самууруулах хэмжээнд хүрчээ. Тийм учраас хориг тавих эрхийг нь хязгаарлах хэрэгтэй. Ерөнхий сайд нь нэг намынх бол, Ерөнхийлөгч нь өөр намынх бол хонь, чоно хоёр гэсэн үг. Одоо бүр сүүлдээ нэг намын төрийн хоёр өндөрлөг хонь, чоно хоёр болжээ. Энэ бол буруу гажуудал юм. Монгол улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн хэмээн Үндсэн хуульд заасан. Хэрэв ерөнхийлөгч УИХ болон Засгийн газрын хооронд маргаан гарвал Засгийн газрын талд орох ч юмуу, эсүл УИХ-ын шийдвэрт хуулийн үндэслэлгүй хориг тавиад байвал төр хямрах нөхцлийг бүрдүүлчихэж байгаа юм. Иймд Ерөнхийлөгчийн УИХ-ын шийдвэрт хориг тавих эрхийг хуулийн өөрчлөлт хийж цуцлах хэрэгтэй. Ерөнхийлөгчид хориг тавих эрх өгвөл төрийг самрах субьект бас нэгээр нэмэгдлээ гэсэн үг. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид 12 эрх олгожээ. Бас нэг өөрчлах зүйл байна. Үндсэн хуулийн 31-р зүйлээр Ерөнхийлөгчийг иргэд шууд сонгодог. Үүнийг иргэд шууд сонгох бус, Парламентаас Ерөнхийлөгчийг шууд сонгодог болох хэрэгтэй. Учир нь баахан хөрөнгө мөнгө зарж ерөнхийлөгчийн сонгуулийг иргэдийн дунд явуулж байснаас парламентаар шууд сонгох нь мөнгө төсөв хэмнэсэн шуурхай ажил болж байгаа юм.
Ерөнхийлөгчийг иргэдээр шууд сонгодог журам цаашид хэвээрээ байх юм бол Ерөнхийлөгч “Би ард түмнээр сонгогдсон хүн” гээд нөгөө хоёр засаглалаасаа илүү том удирдагч хэмээн өөрийгөө дөвийлгөж өөртөө баахан эрх мэдэл нэмж болно. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу УИХ-ын өмнө ажлаа тайлагнах ёстой.
Энэ үүргээ өнгөрсөн 33 жилийн хугацаанд монголын хэдэн ерөнхийлөгч биелүүлж ажлаа УИХ-д тайлагнасан бол? Эдүгээ Монголын парламент хүнд байдалд оржээ. Парламентийн дарга нь нүүрсний хэрэгт холбогдсон, хүн алсан, 30 сая доллар авилгалд авсан хэмээн ямар ч үндэслэлгүй, ямар ч баримт нотолгоо байхгүй гүтгэгдэж эцэстээ парламентийн дарга нь ажлаа гүйцэтгэх аргагүй дарамтанд орж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж ажлаа өгсөн. Гэтэл түүнийг гүтгэсэн нөгөө Б.Энхбаяр хууль зүйн сайд болон дэвшиж, хүн гүтгэсэн Ерөнхий сайд Занданшатар уучлал гуйж огцрохын оронд албан тушаалдаа хэвээр үлджээ. Ерөнхий сайд Занданшатраас УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүд “Ерөнхий сайд Та ямар баримт нотолгоог үндэслэж УИХ-ын даргыг нүүрсний хэрэгт холбогдсон гээд байгаа юм бэ?” гэсэн асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар “Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслэл худал мэдээлэл гаргадаггүй. Монгол улсын УИХ-ын даргыг нүүрсний хэрэгт холбогдсон” гэж гадаадын сайтад гарсан байсан“ хэмээн германий нэгэн сайтад Монгол улсаас 50 000 доллар төлж гаргасан худал мэдээллийг баримт болгон ярьсанд нь ард түмэн туйлын их зэвүүцэж дургүйцсэн юм. Ийнхүү гүтгүүлсэн хүн нь буруудаж, гүтгэсэн хүн нь албан тушаал дэвшдэг гажуу үзэгдэл зөвхөн Монголд л байдаг биз. Гадаадад бол Ерөнхий сайд нь ёс зүйн алдаа гаргавал өөрөө хүсэлт гаргаж шууд огцордог.
Өнөөдөр төрийн хямрал улам гүнзгийрч байна. Ерөнхий сайдыг огцруулж Үндсэн хуулийг зөрчиж төрийн эрхийг хууль бусаар булаахыг оролдсон гэсэн хэрэгт гүтгэгдэж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ажлаа хийснийхээ төлөө, парламентийн ирцийг бүрдүүлэх гэж шөнөжин хүлээж ажилласныхаа төлөө буруутгагдаж эхлээд байна.
Ийнхүү гүйцэтгэх засаглал нь парламентийнхаа дээр гарчээ. Давхар дээлтэй парламентийн гишүүд Засгийн газрын сайдын албан тушаалаа ашиглаж парламентийг дарамталж эхэлжээ. Энэ бол тогтолцооны гажуудал юм. УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албан тушаал хавсрахыг хуулиар хориглох хэрэгтэй. Үндсэн хуулийн цэц нь 1996 оноос эхэлж одоог хүртэл долоо найман удаа давхар дээлтэй байж болно, давхар дээлтэй байж болохгүй гэсэн дүгнэлтийг олон удаа ээлжлэн гаргаж холион бантан хутгажээ. Саяхан болсон төрийн хямралын үеэр 2 хүн хэлмэгдээд байна. Энэ бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хийгээгүй хэргийн төлөө гүтгэгдэж шүүхээр нотлогдоогүй хэргийн төлөө ажлаасаа чөлөөлөгдөх болсон. Нөгөө нь Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар ямар ч хуулийн үндэслэлгүй гэнэт сайдын ажлаасаа халагдсан. Одоо нөгөө гүйцэтгэх засаглалынхан маань УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа руу “төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн” хэмээн гүтгэж дайрч байна. Тэгж болохгүй л дээ. Х.Булгантуяа бол 4 гадаад хэл мэддэг, Хятад, АНУ-д суралцсан өндөр боловсролтой, мэдлэг туршлагатай УИХ-ын гишүүн залуу бүсгүй юм байна лээ. УИХ-д мэдлэг боловсролтой олон шинэ залуус байдаг юм байна. Г.Лувсанжамц, О.Батнайрамдал гэсэн өндөр боловсролтой, ирээдүйтэй залуус харагдаж байна. Би энэ жил өнгөрсөн хавар номын баярын үеэр О.Батнайрамдалын бичсэн “Ховдоос Харвард руу” гэсэн чухал номыг хүүхэддээ зориулж авч билээ. О.Батнайрамдал бол гадаадад сурч байхдаа дөрвөн жинсэн өмдөө цоортол номын санд сууж эрдэм мэдлэгийн төлөө тууштай тэвчээртэй тэмцэж зорьсондоо хүрсэн залуу юм билээ. Монголын залууст түүнээс суралцах зүйл их байгаа шүү. Одоо нөгөө дайрч давшилдаг гишүүд, сайд нар маань Засгийн газрын гишүүн, сайд С.Амарсайханыг “Ерөнхий сайдын эсрэг огцруулах кноп дарсан, чи засгийн газраас зайл” хэмээн дайрч эхлээд байна.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад Засгийн газрын олон гишүүд сайд нар түүний эсрэг кноп дарсан. Тэр үед хэн ч тэднийг шүүмжлээгүй. Гэтэл одоо ганц сайд Занданшатарын эсрэг кноп дарахад сүйд болж байгаа нь шударга биш байна.
Л.Оюун-Эрдэнийг Гашуунсухайт, Ганц мод руу хил дээр очиж төмөр зам холболтын ажлаар явсан хойгуур нь “худалдагдсан” улс төрчдийн хуйвалдаан Төрийн ордонд гарч Оюун-Эрдэнийг эхнэр, хүүхдээр нь дарамталж “MSC”-ийн талынхан огцруулсан гэдгийг ард түмэн бүгд л мэдэж байгаа. Саяхан л нэг намын нөхөд байсан УИХ-ын гишүүд, сайд нар нэгнийхээ эсрэг гэнэт дайрах нь муухай харагдаж байсан, одоо ч гэсэн муухай харагдсаар байна. Монголын төр ёс зүйтэй болох хэрэгтэй. Монголын төр 22 яамаа цомхотгож 8 яамтай болох хэрэгтэй. Улс төрийн намыг цомтотгох хэрэгтэй. Өнөөдөр Монголд МАН 310 000 гишүүнтэй, АН 100 000 гишүүнтэй гэж байна. Намын ийм олон гишүүн Монголд гай болж байна. Энд тэндгүй, бүх сум, баг хороон дээр хүртэл хүмүүс улс төржиж хэрүүл хийж байна. Иймд гишүүнчлэлгүй нам болох хэрэгтэй. Энэ олон нам, энэ олон яам, агентлаг, энэ олон төрийн өмчит ашиггүй компаниуд, энэ олон төрийн албан хаагчдыг тэжээх гэж ард түмэн, татвар төлөгч нар зүдэрч байна. Ард түмэн төрийн 30 шахам татварын дор зүдэрч байна. Ард түмэн банкны хадгаламжийнхаа хүүнд хүртэл татвар төлж, Ипотекийн зээлийн жилийн 8 хувийн хүү дотор Миком гэдэг компанид 2 хувийн хүү нэмж төлж зүдэрч байна. Гадаадад жишээлвэл Япон улсад ипотекийн зээлийн жилийн хүү 2.0 хувь байдаг ажээ. Татварыг багасгах хэрэгтэй. Ард түмэн амьдралын баталгаагаа дээшлүүлэхийг шаардаж байна. Өрнөдийн Швейцарь улсын багш, эмч хүн нэг сард 21.0 сая төгрөгийн цалин авч байхад Монголд багш, эмчийн цалин дөнгөж 1.5 сая төгрөг байна. Ард түмнийхээ цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна. Улсын Их Хурлын гишүүдийн тоог 108 болгож цөөрүүлэх хэрэгтэй. Учир нь намын жагсаалтаар мэдлэг, туршлага муутай олон гишүүн нэмэгдсэн байна. УИХ-ын гишүүн Батболд гэдэг хүн Булгантуяа дэд дарга чуулганы хуралаа хийх гээд ирц нь бүрдэхгүй бүхэл өдөр шөнөжин хүлээгээд хуралдаа ирэхийг гишүүдэд шаардахад дургүйцэж “Би чуулганы хуралд суух эсэх нь миний эрх, Бид өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс. Битгий айлын эрх охин шиг аашлаад бай” хэмээн чуулганы хуралдаа суухыг шаардсан Булгантуяаг шүүмжилж байх жишээтэй. Энэ хүн одоо болтол УИХ-ын гишүүн чуулганы хуралдаа сууж кноп дарах үүрэгтэй гэдгээ мэддэггүй бололтой. УИХ-ын нэг гишүүн бүсгүй чуулганы хурал дээр “Амарбаясгалан дарга таныг хэн гүтгээд байгаа юм бэ, Та УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэхгүй юм уу?” гэсэн тэнэг асуулт асуух юм.
Монголын ард түмэн бүгдээрээ Д.Амарбаясгалан даргыг Б.Энхбаяр, Г.Занданшатар гэдэг хоёр хүн гүтгээд байгаа гэдгийг мэдэж байхад энэ гишүүн төрийн тогоон дотор хамт чанагдаж байж энэ талаар юү ч мэдэхгүй байдаг нь тун харамсалтай юм.
УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэн ч түүнийг гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэсэн халдашгүй эрхийг тэр бүсгүй мэддэггүй бололтой. Бас МАН-ны бүлгийн шинэ дарга хэмээн өөрийгөө өргөмжилж хууль бус хурал хийж сонгогдсон гэх Батжаргал гэдэг гишүүн МАН-ы бүлгийн хууль ёсны дарга Ж.Бат-Эрдэний суудлын хажууд сандал чирч ирэн хажууд нь суугаад хээв нэг “би МАН бүлгийн шинэ дарга” гээд өөрийгөө нэрлээд хурал үймүүлээд байгаа нь муухай харагдах юм. Ямар ч ёс зүй алга болжээ. Бүлгийн хурлыг бүлгийн дарга зарладаг болохоос даргын эзгүйд хэдэн хүн дур мэдэн хуйвалдаж шинэ даргыг сонгодоггүй юм. Ж.Бат-Эрдэнэ хоёр хуваагдсан намыгаа эвлэрүүлэх гэж мэрийсэн болохоос биш түүнийг огцруулах ямар ч үндэслэл байхгүй юм. Ардчилсан нам бол сөрөг хүчин мөн. Ардчилсан нам эрх баригч МАН-тай хамтарч ажиллах нь зөв. Шүүмжлэх зүйл дээр шүүмжлээд хамтрах юман дээр хамтраад явах нь зөв. Гэтэл сөрөг хүчний туршлагатай УИХ-ын зарим гишүүд сонин юм ярих юм. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж МАН-ын хулгайн хэрэг энэ тэр гээд олон хэргийг тоочиж овоо хурц шүүмжлэл хэлж байгаад төгсгөл дээр нь “Өнөөдөр төрийн 2 өндөрлөгийг зэрэг огцрохыг би үзлээ, Би 4 удаа төрийн өндөрлөгийг огцрохыг үзлээ” хэмээн баярлан хөөрч бахархан ярьсан нь онцгүй санагдлаа. Төрийн 2 өндөрлөг зэрэг нь огцрох нь бахархах зүйл биш. Үүнд хөөрч баярлаад байх хэрэггүй. УИХ-ын гишүүн Мөнхбаясгалан говийн ус, нүүрсний хулгай энэ тэр гээд овоо хурц шүүмжлэл ярьдаг мөртлөө тэр чуулган дээр “Өнөөдөр та нарыг огцруулах өдөр. Битгий олон юм гоншигоноод бай. Өнөөдөр бол би бах таваа хангах өдөр” ч гэх шиг нэг тиймэрхүү атаман маягийн их л занал хорсолтой юм яриад байх юм. “Манэй нам, танай нам” гэж ярих нь улам л утгагүй болоод байна. Хоёулаа монголын хамгийн том нам ш дээ. Хоёр нам төлөвшиж сайжрах юм бол Монголд л ашигтай. Хоёр нам өмнөх шигээ хоорондоо хэрүүл хийж дайсагналцах юм бол Монголд л хор уршигтай гэдгийг одоо болтол мэдэхгүй байгаа юм уу.
Ард түмэн хоёр намын хэрүүлээс болж 34 жил залхаад байна. Парламент Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр бэлтгэх үед байдал нилээд хурцдаж УИХ-ын зарим гишүүдийг болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг дарамтлах явдал гарчээ.
Саяхан УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг Засгийн газрын нэгэн гишүүн сайд амь насанд нь халдана хэмээн заналхийлсэн ажээ. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очирыг мэдээллийн хэрэгслэлээр доромжлох, гүтгэх явдал гарсаар байна. Энэ бол парламентийг дорд үзсэн буруу явдал. Энэ бол ёс зүйн гажуудал юм. Энэ бүгдээс нэн даруй салахгүй бол монголын парламентийн засаглал мөхөх тийшээ ойртож байна шүү. Монголд өнөөдөр нэр цэвэр улс төрч байна уу. Төр цэвэр байх ёстой, улс төр цэвэр байх ёстой. Төр хуулийн дор орших ёстой. Саяхан би нэг мэдээ уншлаа, нэг видео бичлэг үзлээ. Үндсэн хуулийн цэцийн даргын хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон, одоо бас нэг хүү нь АТГ–т шалгагдаж байгаа гэх юм. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй хүн Үндсэн хуулийн цэцийг удирдаж чадах уу. Үндсэн хуулийн цэцийн дарга архинд маш их согтоод хөл дээрээ тогтож чадахгүй байгаа бичлэг гараад байх юм. Архичин хүн Үндсэн хуулийн цэцийг удирдаж чадах уу. Ингээд л төрд итгэх ард түмний итгэл унаад байгаа юм. Ядаж нэр цэвэр хүмүүс төрд байх хэрэгтэй байна л даа. Төр нь төр шиг, ард иргэд нь ард иргэд шиг байх хэрэгтэй байна. Иргэд маань энэрэнгүй хүн болтлоо ч өдий байна даа. Саяхан би УБ хотоос шинэхэн “Ютонг” автобусаар Багануур руу Тэнгэр плазагаас гарч явлаа.Тэнгэр плазагийн дэргэд явж байсан автобус руу маань гэнэт цагаан өнгийн “Приус” маркийн жижиг машин дүрэм зөрчиж хажуу бөөр рүү нь мөргөчихлөө. Дүрэм зөрчсөн “Приус”-ийн жолооч залуу галзууртлаа уурлаж автобусны жолооч руу давшилж “Ална даа, чамайг” хэмээн ихэд заналхийлж байх юм. Тэр автобус маань цааш аялалаа үргэлжлүүлж Багануурт дөнгөж ирээд төв зам дээр эргэж байтал бас нэг хар өнгийн “Приус” маркийн жижиг машин автобусны зүүн бөөр рүү нь мөргөчих юм. Дүрэм зөрчсөн жижиг суудлын машины жолооч нь буруугаа хүлээхийн оронд бас л автобусын жолоочийг буруутгаж хараал урсгах аж. Иргэд маань хууль дүрмээ баримталдаггүй, эрээ цээрээ алдсан, балмад танхай араатан шинжийн ийм амьтад болжээ. Нэг өдөр төрийн хоёр өндөрлөг огцорлоо гэдэг шиг нэг өдөр хоёр автын осол ганц автобус дээр ингэж гарч байх ч гэж дээ. Монголчууд хэрүүл хийж худал хэлж, хулгай хийж, хоосон амалж хамаг цагаа алдах юм.
Монголчууд бид улс төрийн хэрүүл хийж байх хооронд саяхан Хятад улсын Өвөр Монголд хурдны галт тэрэгний зам ашиглалтад орж Хөх хотоос Бээжин хот хүртэл ердөө хоёрхон цаг аялах боломжтой болжээ. Саяхан Казахстан улсад Өмнөд Солонгостой хамтарсан хамгийн орчин үеийн автомашины үйлдвэр ашиглалтад орж байх юм.
Гэтэл монголчууд бид сүүлийн 34 жил ямар үйлдвэр барьсан юм бэ. Бодохоос ичиж үхмээр юм. Бидний хөрш зэргэлдээ улсууд Орос, Хятад, Казахстан улс Ерөнхийлөгчийн засаглалтай мөртлөө төр засаг нь тогтвортой, эдийн засаг нь тогтвортой өсөж улс нь хөгжөөд байдаг. Эдгээр улсууд хүн ам нь хэдэн зуу сая мөртлөө нэг хүнд ногдох ДНБ нь 13 000 ам долларт хүрчээ. Гэтэл бид гуравхан сая хүн амтай мөртлөө нэг хүнд ногдох ДНБ нь дөнгөж 5000 ам доллар байх жишээтэй. Бид яагаад хөгждөггүй юм бэ, бид яагаад Засгийн газраа 1.4 жил бүр огцруулаад байдаг юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм. Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болж яагаад болохгүй гэж. Би нэг үг дуулсан юм. Анх ардчиллын эхний жилүүдэд алдарт хуульч Б.Чимид багш яагаад монголыг парламентийн засаглалтай болгосон юм бэ гэвэл олон арван жил Монгол улс Зөвлөлт улсын хараанд байж олон удирдагчаа алуулсан тул ганц Ерөнхийлөгчтэй болвол алуулна, олон гишүүнтэй парламентийн засаглал тогтоовол хэн ч алуулахгүй гээд ийм засаглалалыг сонгосон хэмээн дуулсан юм. Одоо орчин үед монголын төрийн удирдагчийг гаднаас хэн ч Монголд ирж алахгүй нь мэдээж юм биш үү. Иймд Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болвол цаг хугацаа алдахгүй, хэрүүл хийж цаг алдахгүй, хурдан хөгжиж, асуудлаа хурдан шийдэх боломжтой болох юм биш үү. Ерөнхийлөгчийн засаглалтай орон бүрт дарангуйлал байдаггүй юм. Дарангуйлал хууль муутай, эрх чөлөө байхгүй оронд ноёрхдог юм. Монголчууд минь төрийн хямралаа арилгаж түмэн олноо амаржуулж түргэн хөгжих хэрэгтэй байна даа.
Монгол улс төрөө бэхжүүлж, улсаа хөгжүүлье гэвэл дор дурдсан хөдөлгөгч хүчийг бүрдүүлж эрчимжүүлэх хэрэгтэй. Үүнд:
1.Нийгмийн хөдөлгөгч хүчин,
2.Эдийн засгийн хөдөлгөгч хүчин,
3.Улс төрийн хөдөлгөгч хүчин,
4. Техник, технологийн хөдөлгөгч хүчин. Монгол улс төрөө бэхжүүлж, улсаа хөгжүүлье гэвэл дор дурдсан нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Үүнд:
1.Тогтвортой төр засаг буюу Сайн засаглал,
2.Тогтвортой сайн хууль, нийгмийн дэг журам,
3.Алсын хараатай, ухаалаг, хүчтэй удирдагч,
4.Засгийн газрын боловсруулсан хөгжлийн хөтөлбөр, төсөл,
5.Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, аж үйлдвэрийн орон болох. Монголчууд бидэнд хөгжих боломж байна, хөгжих ирээдүй байна. Монгол төр хүчирхэгжиж, монгол түмэн бат чийрэг, баян чинээлэг болох болтугай.
Доржийн СҮХБААТАР