2011-05-211914 оны 12 дугаар сарын 1-нээс 1915 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд Цэргийн яамны
сайдаар ажиллаж байсан Манжбазарын Доржпаламын талаар судалсан судлагдажуун тун хомс байдаг аж. Тэрээр Сэцэн хан аймгийн Чин вангийн зэрэг, Үнэн сүжигт Илдэн засаг, Төрийн Жүн ван зэрэг дэвийг Бадаргуулт төрийн 10 (1884) онд залгамжилжээ.
Монгол Улсын олноо өргөгдсөний 1911 онд Чин Вангийн зэрэг өгч, үе улиран Илдэн цол шагнан хүртээсэн ч улс төр байгуулах хэрэгт мөчөөрхөн явсан учир Засаг вангийн хэргэмийг нь эвдсэн төдийгүй, хожмоо Ардын Засгийн эхэн үед Дундад Иргэн Улсад одсон гэдэг.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD), профессор Н.Хишигт энэ түүхт хүний тухай нэлээд даацтай судалгаа хийсэн Улаанбаатар Их сургуулийн Түүхийн багш, докторант Т.Эрдэнэхишигтэй уулзахыг зөвлөснөөр тус сургуулийг зорьсон юм.
Залуухан докторант бүсгүй миний хүсэлтийг уриалгахнаар хүлээн авч, сонирхолтой ярилцлага өгснийг талархан тэмдэглэж байна.
-Та, нэгэнтээ Цэргийн яамны сайдаар ажиллаж байсан Манжбазарын Доржпаламын талаар багагүй судалгаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл хүртэл бичжээ. Хэдийгээр богино хугацаанд сайдаар ажилласан ч авч хэрэгжүүлсэн ажил, үйлс байсан л байх даа?
-Танай сонины уншигчдаас хүлцэл өчихөд, үнэндээ цэрэг, армийн талаар тоймтой зүйл олж чадаагүй. Түүх судлаачид ч олсон зүйл хомс, тэгээд ч Зэвсэгт хүчний архивт нэвтрэх боломж олдоогүй юм. Харин энэ хүн чухам хэн байсан бэ гэдэг талаас нь өөрийн судалсны хэрээр өгүүлье.
Үнэн сүжигт Илдэн Засаг хошууны наймдугаар засаг ноён М.Доржпалам 1884-1912 он хүртэл хошуу ноёны албыг 16 жил хашсан бөгөөд 1912 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Дундад Иргэн Улс руу оргон гараад эргэн ирж 1913-1922 он хүртэл нийт 39 жил засаг суусан байна. Энэ хугацаанд 1897-1910 он хүртэл Сэцэн хан аймгийн Чуулган даргаар томилогдож байжээ. 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараа хүү Д.Пунцагцэрэнжалбуугийн хамт Дундад Иргэн Улс руу дахин дүрвэн гараад буцаж ирэлгүй насан өөд болсон юм билээ.
-Монгол оронд өрнөсөн түүжэн хоёр хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцсон энэ түүхт хүн чухам яагаад Дундад Иргэн Улс руу дүрвэн гарах болсны шалтгааныг Та тодруулна уу?
-Илдэн Засаг М.Доржпаламын намтар, үйл ажиллагааг тусгайлан авч үзээгүй ч судлаачид ном, зохиолдоо товч дурьдсан зүйл нэлээд байдаг.
1910 оны 10 дугаар сард Бээжин хотод Засагт тус хийх яамны анхдугаар хуралдаан нээгдэхэд мужуудын хэлэлцэх хорооны төлөөлөгчдөөс гадна эзэн хааны ордноос шууд томилон оролцуулсан хүмүүс ихэнх нь байв. Ар, Өвөр монголоос уг хуралдаанд арваад хүн хэлэлцэгч түшмэлээр оролцсоны дотор Ар монголоос Их хүрээний сайд Пунцагцэрэн, Сэцэн хан аймгийн ван М.Доржпалам нар байжээ.
Энэ хуралдаанд Монголоос оролцогч нар шинэ засгийн бодлогын уг чанарыг сайн мэдсэнээс гадна, Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээг айлтгал гуйлтаар зогсоож чадахгүй нь гэдгийг ойлгосон тул яаравчилсан байна. Энэ үеэс Халхын Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн Чуулганы дарга нар Богдын шавийн эрх баригчдын хамт 1910 оны 8 дугаар сард Улиастайн болон Хүрээний сайдад “Язгуурын хэв олсон хуучин суртлыг алдагдуулахгүй болгон Монголчуудын аж төрүүлэхийг хүндэтгэхийг гуйн мэдүүлэх бичиг”-ийг зохион өргөсөн байдаг.
-Засаг ноён М.Доржпаламын үзэл, бодол Богджаантай нэлээд зөрчилдөөнтэй байсан болов уу. Таны бодлоор…?
-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээж, Монгол Улсын шашин, Төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залахёслол Их хүрээнд болж, Засаг ноёдыг урин залахад М.Доржпалам илтээр дургүйцэж, улмаар Дундад Иргэн Улс руу оргон зайлсан байдаг. Энэ нь харийн Түвд хүнийг МонголУлсын хаанд өргөмжлөх ёсгүй. Түшээт хан аймгийн ноёдоос хаан ширээнд суух ёстой хэмээн дургүйцэж байсан гэдэг. Ийм зөрчлөөс үүдэлтэйгээр эх орноосоо явсан байж болох юм. Эндээс товч дүгнэлт хийхэд засаг ноён, Цэргийн яамны сайд асан М.Доржпалам нь үндэсний үзэлтэй хүн байжээ.
-Ар монголдоо нэр, нөлөө бүхий засаг ноёныг ямар нэг байдлаар ашиглах явдал байсан л байх даа?
-Монгол Улсын хаан Жавзундамба хутагтаас 1911 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Юань Ши Кайн толгойлсон Засгийн газарт цахилгаан утас илгээж, тусгаар тогтнолынхоо асуудлыг Олон Улсын хурлаар хэлэлцүүлье гэдгээ зоримог мэдэгдсэн байдаг. Гэтэл Юань Ши Кай бээр Манж Чин Улсын урьдын бурангуй ёс нэгэнт өнгөрч, эрх тэгш таван угсаатны Бүгд найрамдах улс бий болсон тул монголчууд салан тусгаарлах нь ашиггүй гэж үзээд, харин тусгаар тогтнолоо цуцалж, Хятад улстай нэгдэх хэрэгтэй хэмээн ятгасан байна.
Иймийн учир хэлэлцээ хийх төлөөлөгчөө илгээлээ хэмээсэн цахилгаан утсыг 1912 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Монголын Засгийн газарт ирүүлжээ. Үүнийг Монголын Засгийн газар эрс эсэргүүцэж, Хятадын төлөөлөгчийг хүлээн авч хэлэлцээ хийхгүй гэдгээ шууд мэдэгдсэн байна. Тиймээс Хятадын эрх баригчид Өвөр Монголын болон Хятадад сууж байсан Ар монголын лам, ноёдоор Монголын эздийг ятгуулах явуулга хийж эхэлжээ.
Тухайлбал, Өвөр Монголын дайчин лам Содбалжир гэгчийг Их Хүрээнд одуулж, Өвөр зургаан чуулганы өмнөөс хэрэг хэлэлцүүлэх гэсэн боловч Монголын Засгийн газар ганц хүнтэй хэрэг хэлэлцэхгүй гээд буцаажээ. Үүнд дургүйцсэн Хятадын эрх баригчид бас дахин Ар Монголоос Бээжинд сууж байсан Сэцэн ван Наянт, Сэцэн хан аймгийн урвасан засаг ноён, ван М.Доржпалам нарыг Их хүрээ рүү томилон явуулж, Монголыг Хятадтай нэгтгэх хэлэлцээ хийлгүүлэх гэсэн оролдлогыг Монголын Засгийн газар мөн хүлээн аваагүй юм.
Бээжингийн Засгийн газар үүний зэрэгцээ Хятад цэргийг Сибирийн төмөр замаар дамжуулан Монголд түлхэн оруулахыг оролдсон боловч Оросын засгийн газар эрс татгалзжээ. Эцэст нь мөнөөх Засаг ноён, ван М.Доржпаламыг хувийн маягаар Их хүрээнд одуулж, Монголын байдлыг туршуулах, Хүрээний эрх баригчдыг өөрийн талд урвуулах явуулга сэджээ.
Хариуд нь Монголын эрх баригчид М.Доржпаламыг баривчлан байцааж, Засаг вангийн хэргэм зэргийг нь эвдэж, огцруулан шийтгэсэн нь Юань Ши Кайн санаархалд нэн том цохилт болсон байна.
-Монголдоо шодорхой байр суурь, нэр хүндтэй тэр хүний цаашдын хувь заяаг хэрхэн шиидсэн бол?
-1912 онд болсон энэ үйл явдлын дараа М.Доржпаламыг дөтгөөр зэргийн тайж болгон Богд уулын буга маллагчаар шийтгэж, хошуу хавсаргасан Жүн ван Жамъянчойжилсүрэнд Засаг тамгыг шилжүүлж, хошуу захирах эрхийг Шүүх яамнаас айлтгаж, үе улиран улсад туслагч гүнгийн хэргэм шагнажээ. Харамсалтай нь Засаг хавсарсан Жамъянчойжилсүрэн Их орд харшийн газар бараалхахдаа ёсыг зөрчсөн учир Засгийн тамгыг М.Доржпаламд дахин буцаан шилжүүлсэн байдаг.
-Богд хаан, засаг ноён М.Доржпаламыг хэрхэн үнэлдэг байсан бол?
-Богд хаан 1914 онд буулгасан зарлигтаа Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж, Сэцэн хан аймгийн Жүн ван Доржпалам, Сайн ноён хан аймгийн Түшээгүн Цогт-Очир нарын захирсан нэлээд хошууд өөрсдөө тариа тарьж буй нь харъяат хошууны олны хэрэглэгдэхүүнд багагүй тус болж байгааг дурдсан байдаг.
-Засаг ноён М.Доржпалам харъяат албад, арддаа хэрхэн ханддаг байсан тухайд…?
- Тэрээр засаг ноёноор дахин томилогдсоноос хойш харъяат ардаа элдвээр хавчин дарлаж байсан учир түүний эсрэг зарга үүсгэж байсан баримт бий. Тухайлбал, тус хошууны ард Бадамсэд бээр 1916 онд, ард олныг дарлан татвар хураалаа гэж хошууны түшмэд нартай заалдаж, Сэцэн хан аймгийн Чуулганы дарга, жанжин нарт зарга үүсгэж байжээ.
-Xятадын Засгийн газар, хожмоо ч М.Доржпаламд нэлээд талтай байсан гэдэг. Үүнийг тодруулна уу?
-1918 онд Хятадын Засгийн газраас “Гадаад Монголын автономит засгийг устгаж, Чин И-г Хүрээний хэрэг шийтгэх сайдаар Гадаад Монголд хүрэлцэн очино” гэсэн цахилгаан мэдээг авч Түшээт хан аймгийн Дархан Чин ван Пунцагцэрэнг Да Жунтанд мэдүүлэн дэд сайдаар томилж, Сэцэн хан аймгийн Чуулган дарга, Дайчин жонон ван Цогбадрах, Үнэн сүжигт ван М.Доржпалам нарыг хэрэг туслалцах Монгол төлөөний түшмэлээр томилж, Дотоод явдлын яаманд хуралдуулахаар цугларч байжээ.
1919 онд Монголын автономит засгийг цуцлах, эсэх асуудлыг Улсын хурлаар хэлэлцэх үед ван М.Доржпалам Дээд хурлын газраас чөлөө олгуулахыг хүссэн байдаг.
-Энэ нь юун тухай чөлөө юм бол?
-1919 оны 8 дугаар сарын 24, 31-ний өдрүүдэд хуралдах Дээд хуралд “Миний биед тогтсон дотрын хууч өвчин хөдөлсөн тул энэ өдрүүдийн хуралд бараалхаж чадахгүй учрыг гаргаж, чөлөө олгуулахыг гуйж байна” гэсэн өргөх бичгийг хүргүүлж байжээ.
-М.Доржпаламыг Дундад Иргэн Улс руу хоёр дахиа гараад буцаж ирээгүй гэсэн мэдээ байдаг. Та судлаач хүнийхээ хувьд үүнийг хэрхэн таилбарлах вэ?
-1921 онд Ардын хувьсгал ялж, мөн оны бүхнээс дүгнэн үзэхэд М.Доржпаламтай адил уугуул нутгаасаа хоёр удаа оргон гарсан ноён Монголын түүхэнд тэмдэглэгдээгүй байна. Харин тэрээр Манжийн төрийн эсрэг тууштай тэмцэж байсан эх оронч үзэлтэй нэгэн байсан хэдий ч харамсалтай нь Дундад Иргэн Улсын бодлогыг баримтлагч байжээ гэж үзэж болохоор.
-Олноо To ван хэмээн алдаршсан Тогтохтөрийн ач хүү гэдгийг нь Монголчууд төдийлэн мэдэхгүй л болов уу?
-Тийм ээ. Түүний өвөг эцэг To ван буюу Тогтохтөр нь Манжийн эсрэг тууштай тэмцэгч байсан бөгөөд аж ахуйч сэтгэлгээгээрээ Монголын түүхэнд нэрээ үлдээсэн алдартай хүн билээ.
-Илдэн засаг М.Доржпаламын хүүгийн нь талаар Та судалсан уу?
-Төдийлэн цэгцтэй зүйл байдаггүй юм. Харин “Пунцагцэрэнжалбуу нь мөрийтэй тоглоомд хорхойсдог, эхнэр, хүүхэн эргүүлэх дуртай нэгэн байсан” хэмээн архивын баримтанд дурдсан байдаг.
Цаг зав гаргаж сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа.
Г.Баатарнум
Эх сурвалж: “Соёмбо”