2011-06-13Манай уул уурхайн үндэсний тэргүүлэгч компани “Энержи ресурс” буюу

“Mongolian Mining Corporation’’ Өмнөговь аймаг дахь Баруун нарангийн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүх хувьцааг 464,5 сая ам.доллараар худалдаж авах гэрээг гадаадын “QGX Holdings” компанитай байгуулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Хонконгийн олон улсын биржид IPO хийсэн Монголын анхны компаниудын нэг ийнхүү БНХАУ-ын уул уурхайн нөлөө бүхий гигантуудтай өрсөлдөн, ялснаар дэлхийд үнэд орж буй коксжих нүүрсний нөөцтэй ганц ч гэсэн ордыг эх орондоо эргүүлэн авчирч чадлаа. Алга ташин баяр хүргэхэд ч багадахаар энэ үйл явдал Монголын шийдвэр гаргагч эрх мэдэлтнүүдэд нэгийг бодогдуулж буй нь лавтай.
Эрдэс баялгийн салбараа эрдэнэсийн авдар болгож, газрын доорхи баялгаа эргэлтэнд оруулахын тулд саяхныг хүртэл Монголын төр гаднынханд найр тавьж, хөрөнгө оруулагчдыг гуйдаг байлаа. Харин одоо үндэсний компаниуд гаднын хөрөнгө оруулагчдыг дагуулахгүй дэлхийн хэмжээнд тоглогч болж эхэлснийг энэ үйл явдал нотлов. Баруун нарангийн орд нь Ухаа худагаас 30 км-ийн зайд байрладаг бөгөөд “QGX Holdings” компанийн 90 хувийг эзэмшигч “Kerry Mining” компани 2008 онд 260 сая ам.доллараар уг ордыг эзэмшилдээ аваад байсан юм.
Харин одоо “Энержи ресурс”- ийн мэдэлд ирэв. Энэ нь “айлаас эрэхээр авдраа уудал” гэдэгчилэн ямар их нөөц, боломж, бололцоо бидний дунд бий болсныг харуулж байна. Монголын баялгаар мөнгө босгож, лиценз гэх алга дарам цаазаар газар нутагт мань эзэн суусан хөрөнгө оруулагч гэх сайхан нэртэй доншуур наймаачдаас үндэсний компаниуд толгой илүү болсны жишээ энэ биш гэж үү.
ХЯТАДЫН ТӨР “ЗӨВ” БОДЛОГО ЯВУУЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
Хонконг, Торонто, Лондоны олон улсын хөрөнгийн биржээр хувьцааны арилжаа нэрийдлээр Монголын орд газрууд өнөөдрийг хүртэл манай талын ямар ч зөвшөөрөлгүйгээр нэгээс нөгөөд зарагдсаар, шилжсээр байна. Үүнийг таслан зогсоох, ядаж хяналт тавих ямар боломж Монголын төрд байна вэ?
Төрийн бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хуулийн хатуу заалт гаргаснаараа олон улсын хэмжээнд явагдаж буй энэ тоглолтыг бид цэгцэлж, зохицуулж чадах уу?! Хамгийн ойрын бас хэдэн зуун жил хаяа залган сайн муугаа мэдэлцсэн өмнөд хөршийн туршлага, сургамжаас бид суралцаж яагаад болохгүй гэж.
БНХАУ уул уурхайн бүтээгдэх үү ний эрэлт хэрэгцээгээр дэлхийд тэргүүлдэг. Ханаж цадашгүй бэрд мэт хэрэгцээгээ хангахын тулд Хятад уул уурхайн үндэсний компаниудаа дэлхийн зах зээлд эзэн суулгахад төрийн бодлогоор дэмждэг. Хонконгийн хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжааны дийлэнхийг азиуд хийж байна. Тэнд арилжаалагдаж буй зэс, нүүрс, уран зэрэг уул уурхайн тэргүүлэгч зэргийн баялагтай холбоотой хувьцааг худалдан авахад төрөөс нь дэмждэг туслалцаа үзүүлдэг.
Тиймдээ ч өнөөдөр Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголд төдийгүй дэлхийн хэмжээний том ордуудад хувь оролцоотой болчихлоо. Ганц манайд гэхэд л БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани уул уурхайн нийт лицензийн 10 хувийг, Монголын төрөөс Стратегийн ач холбогдолтой хэмээн зарласан 15 ордын гуравны нэгийг буюу тавыг нь эзэмшдэг болсон.
Үүний хоёр нь Монголд төдийгүй дэлхийн стратегийн түүхий эд болох ураны орд байна. Гэтэл бид нэгэндээ тамын тогооны үлгэрээр хандсаар байтал Монголын үндэсний компаниуд олон улсын хөрөнгийн биржээс өөрсдийн хөрөнгө мөнгөөр гаднынхнаас баялгаа худалдан авдаг болсон нь нэгийг бодуулж, хоёрыг сануулахгүй байна гэж үү. Хятад төрийн бодлогоор үндэсний компани удаа дэлхийн хэмжээнд дэмжиж байна.
Гэтэл Монгол дэлхийн дэвжээнд биш юм аа гэхэд ядаж эх орондоо яагаад дэмжиж болдоггүй юм бэ. Уул уурхайн, ялангуяа нүүрсний сал барт манай үндэсний компаниудын 70 жилийн туршлага бий. Багануур, Ши вээ-Овоогоос эхлээд Тавантолгой, Энержи ресурс гээд шинэ зууны үндэсний гигантууд төрж байна.
Дэлхийн захаас хөрөнгө мөнгө босгож, санхүүгийн хувьд гаднынхныг царайчлахааргүйгээр хөл дээрээ босож эхэллээ. Гэтэл төрийн дэмжлэг, үндэсний компаниуддаа итгэх итгэл дутагдаж байна. Тавантолгой, Оюутолгой гээд дэлхийд тоогдсон ордоо хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах гэж байна. Хөрөнгө оруулах нэрийдлээр гаднынхантай хамтарч байна. Гэтэл үнэндээ хөрөнгө оруулалтын урьдчилгаа гэх нэртэй 200-300 сая ам.долла рыг гаргах бэл бэнчинтэй үндэсний ком пани манайд хэдийнэ төржээ. Монголын компани өөрийн хуримтлал, орлого, IPO-гоос босгосон хөрөнгө зэргээрээ гадаадын компанийн хувьцааг худалдан авч чадаж байгаа нь хөрөнгө оруулагчийг гаднаас биш дотроос хайх цаг ирснийг харуулж буй биш үү.
SONY, TOYOTА Японы, “Хьюндай”, LG корпораци БНСУ-ын үндэсний компани, бас улсынх нь брэнд. Тэд өөрсдөө төрөөгүй. Төр нь бодлогоор дэмжиж төрүүлсэн. Харин Монголыг дэлхийд таниулах үндэсний брэндийг хэзээ төрүүлэх вэ?
Монголын төр үндэсний компаниудаа бодлогоор дэмжих цаг болжээ. Хятадын төр стратегийн компаниудаа бодлогоор дэмжиж Монголын уул уурхайн салбар руу хүч түрэн оруулсаар байна. Манайд халгаатай ч Хятадын талд ашигтай энэ бодлогод Монголын төр үндэсний компаниудаа дэмжин хариу барьж яагаад болохгүй гэж.
МАНАЙ СТРАТЕГИЙН ОРДЫН 1/3-ИЙГ ХЯТАДЫН КОМПАНИУД ЭЗЭМШИЖ БАЙНА
Дорнод дахь ураны бүлэг ордын хоёр нь болох Мардай, Гурванбулагийн ураны ордыг БНХАУ-ын төрийн мэдлийн CNNC буюу Цөмийн энергийн корпораци, Сүхбаатарын Төмөртэйн овооны цайр, хар тугалгын ордыг БНХАУ-ын “Цайрт минерал” компани, Өмнөговь дахь Нарийн сухайтын нүүрсний ордыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Чинхуа” корпораци эзэмшдэг.
Гэтэл Монгол төдийгүй дэлхийд стратегийн ач холбогдолтойд тооцогддог ураны ордыг БНХАУ-ын Цөмийн энергийн корпораци (CNNC) хувьцааны арилжаагаар эзэн суучихаад байгаа нь Монголын төрийн бодлого ямар хэмжээнд явагдаж байгааг харуулж байна. Дорнод аймгийн зүүн хойд хязгаарт орших Гурванбулагийн орд нь ураны нөөцөөрөө манайд хоёрдугаарт ордог. 20 орчим мянган тонн ураны нөөцтэй хэмээн судлагдсан уг ордын олборлолтыг 2015 оноос эхлэх тухай гаа тэд мэдэгдсэн.
Үүнээс өмнө Монголын Засгийн газартай ашиглалтын эрх авах талаар хэлэлцээ хийнэ. Ингэснээрээ Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу Монголын тал 34-51 хувь эзэмших ёстой. Гэвч стратегийн ордоо эхнээс нь хяналтаасаа алдсан бидэнд ийм боломжийг олгох эсэх нь өнөөдөр тодорхойгүй байгаа юм. Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Дашбалбар сумын нутагт байрлах ураны бүлэг ордод 1971 онд хайгуулын ажлыг эхэлж, 1974 онд илрүүлэн, 1981 оны арванхоёрдугаар сарын 23-нд ОХУ-Монгол Улсын Засгийн газар хооронд “Монгол Улсын нутаг дээр ураны орд ашиглах тухай” хэлэлцээр байгуулсан.
Үүний дагуу 1988- 1995 онд нийт 510,6 мянган тонн хү дэр олборлосон байдаг. Үүндээ түшиглэн 1982-1988 онд “Эрдэс” уулын олборлох үйлдвэрийг хоёр сая тонн хүдэр олборлох хүчин чадалтайгаар байгуулж, дэд бүтцийг нь бүрэн шийджээ. Дорнодын ураны ордууд нь Чойбалсан хот, Гурванзагал, Дашбалбар, Баяндун сумтай шороон зам, Чойбалсан-Соловевск-Бооржийн төмөр замын Чингис хааны вал гэсэн цэгээс “Эрдэс” үйлдвэр хүртэл 96 км нарийн төмөр зам тавьсан. “Эрдэс” нэртэй тосгон хүртэл байгуулагдаж Улз голоос 20 км урт ус дамжуулах шугам татаж байжээ.
Түүнчлэн Улз голын хөндийд усны хайгуул хийж нэг метр куб/сек, Сэвсүүл голын хөндийд 0,125 метр куб/сек-ийн газар доорх усны нөөц тогтоосон. ОХУ-ын Харнуурын УЦСаас Мардайн орд руу татсан 110 квт-ын ЦДШ, 25 мВт-ын дизелийн цахилгаан станцтай. Үйлдвэрийн болон ахуйн хэрэгцээний нүүрсийг ордоос зүүн урагш 115 км-т байрлах Адуунчулууны уурхайгаас хангах боломжтой гээд 10 гаруй жилийн өмнө ураны бүлэг ордыг хамтад нь ашиглахын тулд бүх асуудлыг судалж, шийдсэн юм билээ.
Гэхдээ эдгээр дэд бүтцийн байгууламж нь “Эрдэс” үйлдвэр хаагдсанаас хойш их хэмжээгээр тоногдсон ч дахин сэргээж, ашиглах боломжтой гэж мэргэжлийнхэн нь үзэж байна. Харин “Гурванбулаг”-ийн хувьд 1974 онд анх нээн илрүүлж, 1979-1987 онд нарийвчилсан хайгуулын ажлыг хийж, 1988 оны дөрөвдүгээр сард ЗХУын Ашигт малтмалын нөөцийн комисс С1 ба С2 зэргээр 5449,4 мянган тонн хүдэрт дунджаар 0,188 хувийн ураны агуулгатай 10270 тонн ураны нөөцтэйг баталж өгсөн байна. Гэтэл хэдэн жилийн турш хийсэн хайгуулаар энэхүү нөөцийг зургаан мянга орч моор л нэмэгдүүлжээ.
Үүнийхээ төлөө “Вестерн проспектор” компани хувьцаагаа 100 хувь арилжаалсан нэрийдлээр БНХАУ-ын CNNC корпорацид шилжүүлчихлээ. Энэ нь Монгол Улсын хуулийг зөрчсөн эсэхэд хяналт тавьж, хариуцлага тооцох эзэн байна уу?
УРАНЫ БҮЛЭГ ОРДОД ХИЙСЭН УИХ-ЫН ШАЛГАЛТЫН ДҮН ЮУ БОЛСОН БЭ?
Дорнод аймаг дахь ураны ордыг Хятадын компани ашиглахад Тавантолгой, Оюутолгой шиг том хэмжээний дэд бүтэц шаардлагагүй. Тавантолгойгоос хэдэн арван сая тонн нүүрс ухаж, өдөр шөнөгүй тээвэрлэж олох орлогыг ураны ордоос хэдхэн зуун мянган тонн хүдэр, шар нунтаг гаргаад олчих боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Оюутолгойн хувьд 60 гаруй сая тонн хүдэр боловсруулж байж 1.5 сая тонн баяжмал гаргаж үүнээсээ 400-500 мянган тонн зэс гаргах статистиктай.
Гэтэл уранаас гарах эрхий хурууны чинээ цөмийн түлш нь хэдэн зуун вагон нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч гаргадаг. Энэ статистикаар жишиж үзвэл бага жингээс их ашиг олж болох хамгийн ашигтай, тэр хэрээрээ аюул ихтэй баялаг юм.
Өнгөрсөн жил УИХ-аас томилогд - сон Ажлын хэсгийн шалгалтаар Дорнодын “Гурванбулаг”, “Мардай”, “Дорнод”- ын ордын геологи, хайгуулын болон уурхай байгуулах ажилд 450.6 мянган ам.долларын хөрөнгө зарцуулсан гэсэн тооцоо гарсан.
Тэгсэн мөртлөө эдгээр ордыг эзэмшигч компаниуд хүдрийн биетийн хил хязгаар дахь багавтар агуулгатай хүдрийг нөөцөд оруулаагүйгээс илрүүлсэн нөөцийнхөө хэмжээг зориуд багасгасан хэмээн Ажлын хэсгийнхэн үзэж байсан юм. Гэтэл үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн ч “Хоёр толгойн” сүр дуулианд Гурванбулагийн ураны ордыг нам даран, сэм хөдөлгөж эхэллээ.
Албаны эх сурвалжийн хэлснээр БНХАУ-ын Цөмийн энергийн корпораци Гурванбулаг дахь ураны ордын нөөц болон ТЭЗҮ-ээ батлуулахаар ма най холбогдох байгууллагад саяхан ханд жээ. Тиймээс хувьцааны арилжаа гэх олон улсын наймаагаар стратегийн гол орд маань Хятадын талд шилжчихээд байгаад Монголын төр ямар байр суурь баримтлах гэж байна вэ?
Геополитикийн хувьд урд хөршийнх өндөө ураны хоёр ч ордоо хууль бусаар алдчихаад байгаа нь гурав дахь түншүүдийн дургүйцлийг төрүүлэх юм биш биз. Уг нь стратегийн ордод ураны гурван ч орд багтсантай холбоотойгоор төрийн өмчит “Мон Атом” компанийг хоёр жилийн өмнө байгуулсан. Хуульд зааснаар бол Гурванбулаг, Мардай, Дорнод гэсэн ураны гурван бүлэг ордыг өдийд “Мон Атом” компанийн мэдэлд шилжүүлэн авсан байх ёстой.
Гэтэл өнөөдрийг хүртэл “Дорнод” гэх ганц ордыг тойрч Орос, Канад, Монгол гурван тал олон улсын арбитрын шүүхэд бие биенээ дуэльд дуудсаар ирлээ.
Гэтэл үлдсэн хоёр том орд нь Хятадын талд “үг дуугүй” бүрэн шилжчихээд байхад УИХ, Засгийн га зар нүдэн балай чимээгүй суусаар байгаа нь ямар учиртай юм бэ? Монголын стратегийн гол ордыг Хятадын компаниуд төрийн бодлогоороо ийнхүү худалдан авч байна. Цаашид ч энэ нь үргэлжлэх нь тодорхой. Харин Монголын төрд үүний эсрэг ямар бодлого байна вэ?
"Өнөөдөр"