2011-08-02Дашзэвэг лам гэж үргэлж инээж явдаг, сайхан зантай, малигар шар өвгөн манай сониноор хааяа ирнэ.

Намайг бага хүүхэд гэж гололгүй хууч ярих нь элбэг. Энэ хүний тухай би бүр эрт ээжээсээ сонсож байсан юм. Ээж маань бие тааруу, хуучтай. Далаад оны сүүлчээр хот орж, тэр үеийн цацраг туяа эмнэлэг гээчид эмчлүүлэхээр яваад ирэхдээ, Дашзэвэг гэж сайн ламд үзүүллээ.
Үзүүлэхээр барахгүй сайхан танилцаж, гэрийг нь мэдэж авлаа гэж ярьж билээ. Дашзэвэг лам надтай уулзах бүрдээ ээжийн биеийг асууна. Намайг яг ээж юм гээд, чамайг анх хараад л би Пагамжавын хүү биш байгаа гэж санасан, мөн байх гэж гээд л инээдэг сэн.
Дашзэвэг ламын аав Богд хааны хиа өндөр Нанзад, ээж нь Богд хааны уран үйлчин Долгорсүрэн гэж хүмүүс байжээ. Нийслэлийн унаган хүү түүний туулсан амьдрал, үзэж харсан, уулзсан учирсан нь нэн сонин түүх дурсамж, адал явдлыг өгүүлэх тул би уулзах бүрдээ яриаг нь хорхойсон сонсдог сон. Шинжлэх ухааны академийн нэг хуралд үг хэлэхдээ Богд хааныг Самбалхүндэвт (Даландавхарт) оршуулсан тухай яриад бөөн шуугиан дэгдээж намаас арга хэмжээ авхуулсан, жанжин Г.Дэмидийн шарилын чандарыг Цэргийн төв эмнэлгийн штабт байрлуулж, төрийн далбаа бөхийлгөн буутай цэрэг харуул гаргаж байснаа нэг өглөө хувьсгалын эсэргүү бүлгийн толгойлогч гээд ногоон малгайтнууд ирж чандарыг Цэргийн төв эмнэлгийн баруун жалга руу цацсан, Улсын их дагина Дондогдуламыг таалал төгсөхөд шарилыг нь шарга моринд дүүрч хотын хойт модот уулнаа шар тосонд шатаан тэнгэрт хайлуулах ёслол үйлдэж, шарил дүүрч ирсэн шарга морийг сэтэрлэснээс улбаалан Шарга морьтын зусланг нэрлэсэн.
Улаанбаатарт цагаан хоолой буюу радио анх тавихад гэнэт сонссон хүн муужран унасан, тавь гарсан хойноо АУДС-д элсэж ангидаа орсон чинь ангийнх нь оюутнууд багш ирлээ гэж андуурсан гээд өнө, өнөөгийн явдлыг хачир чимэггүй ярьдаг сан. АУДС төгссөн их эмч өвгөнийг Гандан хийдэд хуваарилжээ. Сүсэгтэн олныг судас барьж эмчилсэн хэргээр байцаагдаж, “Өвгөн нь дипломоо хураалгачихлаа” гэж үглэсээр надтай уулзаж байсан юм зайпуул гэж Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Г. Жамьян надад бүр хожуу ярьж билээ.
Мэдэхнээ, анагаах төгссөн их эмч атлаа бариа засал хийж, судас барьж, өвс ургамап хүнд уулгасан гэдэг матаас төв хороонд хүрч, намаас нь хөөж, эмчлэх эрхийг нь хасч, дипломыг нь хураан авчээ. Бүүр сүүлд ерэн таван онд, дипломоо олж авсан уу? гэж асуухад, тэр диплом апга болсон сурагтай, харин өвгөн ах нь алга болоогүй л байна гэж билээ.
Халхын голын байлдаанд олзлогдсон япон цэргүүдийн дунд өвчин гарах нь ихсэж,сүрьеэгийн эмнэлэг байсан Дамбадаржаагийн хийдийг өвчтэй япон цэргүүдийн эмнэлэг болгоход Дашзэвэг лам ажиллаж, бага эмч, сувилагч, эмийн санч, асрагч, морин тэрэгч, галч, тогооч гээд бүх ажлыг хийж, монгол талаасаа чухал хүн байсан гэдэг. Энэ эмнэлэгт анхлан нас барсан хоёр япон цэргийг оршуулах болж гал зуухны ажилчинтай хамт хоёр шарилыг морин тэргэнд ачиж, өнөөгийн япон цэргийн оршуулгын газар буй энгэрт нүх ухан оршуулжээ.
Ингэхдээ тэднийг хойт насандаа сайн төрөл олохыг хүсэмжлэн шарилын толгойн дэргэд хойтохыг нь уншсан монгол лам юм. Дашзэвэг лам Цэргийн төв эмнэлэгт сувилагчаар ажиллаж байхдаа улсын баатар Дампилын хувийн асрагч байсан тухайгаа бахархан ярьдаг сан. Нэг удаа Дашзэвэг лам:
-Би багадаа Богд хааны франклинд сууж үзсэн толгой шүү гэж байна
-Богд хаанд франклин байсан юм уу? гэж би итгэж ядан асуухад:
-Байлгүй яахав, Богд хаан маань чи бид хоёр биш шүү дээ. Овоо хэдэн машинтай байсан. Бүүр сүүлд хураагдаж цэргийн яамны авто гражид очсон гэлээ.
-Богд хаан яаж яваад франклин олоод авчихсан юм бол? гэж лавлахад:
-1910-аад оны дунд үеэр юм болов уу, америкийн хайгуулчид урд говь нутгаар эрэлхайгуул хийж байгаад эртний өлөг гүрвэлийн бүтэн араг яс олжээ. Энэ олдвор өнөө ч дэлхийд цор ганц хэвээрээ байгаа гэсэн. Америкийн хайгуулчид монголын говиос олдсон хосгүй олдвороо авч явахыг завдсан ч засгийн газраас зөвшөөрөл өгсөнгүй. Гадна, дотны хүмүүс Богд хаанд янз бүрийн л бэлэг өгдөг байв.
Богд хааныг чамин бэлэгт дуртайг мэдсэн америкийн хайгуулчид Богд хаанд бараалхаж, монголын нутагт явуулсан хайгуулын ажил үр дүнтэй болсон тухай ярьж, Богд хаанд хоёр ширхэг франклин хэмээх суудлын автомашин бэлэглэжээ. Оройн зоогт уригдсан америкчуудаас Богд хаан ямар хүсэлтэй байгааг нь сонирхоход:
-Өлөг гүрвэлийн бүтэн араг ясаа авч явах зөвшөөрөл хүсчээ.
-Эртний тун чухап олдвор тул хил давуулахгүй гэж зарим ноёд татгалзахад Богд хаан:
-Бидэнд үлдвэл үрэгдэж алга болно. Эдэнд байвал арчлагдаж хамгаалагдана гээд өлөг гүрвэлийн бүтэн араг ясыг авч явахыг зөвшөөрчээ. Богд хаанд бэлэг өгснийхөө хариуд хоёрхон автомашинаар хоёр зуун машины үнэнээс ч давах ховорхон агаад хосгүй олдвороо америкийн хайгуулчид авч одсон нь одоо дэлхийд гайхагдаж, Нью-Иоркийн музейд Богд хааны хэлсэнчлэн арчлагдан хамгаалагдсаар л байгаа юм.
-Чи сонирхож байгаа бол бусад машинуудын талаар ярья. Хөлөөрөө араа залгаж, гараараа хурд нэмдэг “Форд”, “Дож” гэдэг берзентин бүхээгтэй суудлын хоёр автомашин, салхин хөргөлттэй “Франклин”, “Реслублик” гэдэг ачааны хоёр автомашин гээд бод доо, хөөрхөн цуглуулга байсан байгаа биз.
Богд хаан “Форд” машинаа Шадублин Хүрээ орд руугаа явахдаа унадаг байсан. Хааны жолооч хүрэн тэрмэн дээлтэй явах боловч граждаа ирэнгүүт дээл хувцсаа хураалгаж агуулахад хадгалуулдаг дүрэмтэй байв. Богд хаан дөрвөн жолоочтой бөгөөд хааныг машиндаа суухаар ирэхэд бүгдээрээ тогтсон ёсыг барьж газар сөгдөн мөргөж, хормойноос нь адис авсны дараа жолоон дээр суудаг байв.
Богд хааны анхны жолооч буриад Бадам гэгч хамниган буриад эр Хүрээн дэх орос дархны газрын ганц гарын дүйтэй хүн, цаг засдаг, гэрэл зураг авдаг, чийчаан янзалж дөнгөдөг байжээ. Богд хааныд цаг засахаар очихдоо ихэд таалагдсан гэдэг. Бүр сүүлдээ Богдын ногоон ордны ойролцоо байшинд суудаг болж, Богд хаан хааяа гэрт нь заларч ордог бөгөөд машинаа бариулах гэж дагуулж гардаг байжээ.
Энэ үед буриад Бадам заавал лам дээл өмсч, орхимж нөмөрч гэрээсээ гарна. Буриад Бадам Богд хааны гражийн даамал болоод хүрээний гудамжинд арвандөрвөн жил гуйлга гуйж, махүүрч, манз зөөж амьдарсан өнчин өрөөсөн Гүрийг ойр зуурт зарцлах болжээ. Нэг удаа оросын консулын чийчаан эвдэрч буриад Бадам түүнийг нь засч, энэ үеэр нэг орос жолооч Гүртэй дотно танилцаж, чийчаан тэрэгний хичээл зааж, жолоо барихыг сургажээ.
Богд хааны нөгөө гурван жолооч нь Гүрийг ядуу хоосон, гуйлгачин явсан гээд тоож нөхөрлөдөггүй, засахыг нь Гүр засаж, зааж зааварлахыг нь нөгөөдүүл нь гүйцэтгэнэ. Ардын засгийнхан гамин, бароны ноёдын хаяж явсан чийчаан тэргүүдийг консулын дэнжид бүгдийг нь аваачин засахыг нь засаж байжээ. Энэ үед жанжин Сүхбаатар Богд хааны ногоон ордонд заларч, дөрвөн жолоочоос нь нэгийг гуйхад Богд хаан “Өөрийн чинь засагт тохирох нэг жолооч бий, түүнийг өгье” гээд Гүр жолоочийг өгчээ.
Богд хааны “Форд” машины жолооч, Засагт хан аймгийн Наянтөр хошуу одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Жигжидийн Гүр Богд хааны тэргийг дөрвөн жил жолоодоод Ардын засгийн Бүх цэргийн жанжны жолооч болсон юм. Би яагаад сайн мэдэж байна вэ? гэвэл гучаад оны сүүлээр чийчаан тэрэг сонирхож нас нилээд дээр гарсан Гүр гуайгаар жолоо заалгаж байв шүү дээ гэж лам Н.Дашзэвэг хуучилсан сан.,
Эх сурвалж: “Соёмбо”