2011-08-18УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба нь төр-ард түмэн хоёрыг холбогч гүүр юм.

Тиймээс ч сэтгүүлчдийн хөл үл татрах мэдээллийн гол төв байдаг.
Тус алба сүүлийн үед ард иргэдийг хүсэлтийнх нь дагуу Төрийн ордонтой танилцуулахын зэрэгцээ түүхийн хөтөчийн үүргийг гүйцэтгэж байна. Энэ удаа манай сонин тус албаны сэтгүүлч Баатарын Цэвэлмаагийн тайлбарласан төрийн ордны зарим түүхэн бүтээлээс толилуулж байна.
Төрийн ордны барилга
Төрийн ордны барилгын суурийг 1947 оны 4 дүгээр сард тавьсан бөгөөд барилгын ажилд дотоодын 700, гадаадын 500 /орос, хятад, япон/ нийт 1200 гаруй хүн ажиллаж дуусгажээ. Төрийн ордны барилга нь 1951 онд ашиглалтад орсон бөгөөд хааш хаашаагаа 100 метр, өндөр нь 18,7 метр, 491 өрөө тасалгаатай, 932 цонхтой аж.
Төрийн ордны өмнөх бунхант индрийг 1954 онд барьсан бөгөөд хожим Алтан өлгийд шилжүүлэн байрлуулжээ. Мөн 2006 онд Их Эзэн Чингис хааны мэлмий гийсний 840 жил, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Их Эзэн Чингис хааны хөшөө бүхий цогцолбор”-ыг барьж байгуулжээ.Төрийн ордонд монгол хүний ур ухаанаар бий болсон урлагийн ховор нандин бүтээлүүд цөөнгүй байдаг юм.
“Хан төрийн долоон эрдэнэ”
Төрийн ордонд буй ховор нандин бүтээлүүдийн нэг нь Д.Баяндалайн санаачилгаар зураач Н.Лхагвасүрэнгийн хийсэн,18 метр урт, 1,5 метр өргөнтэй монгол зургийн аргаар урласан “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээл юм. Дээрх бүтээлийг нүүдэлчин монгол ахуйн нэг өдрийн амьдралаар сэдэвлэн 108 үйл явдлыг 999 хүнтэйгээр дүрслэн харуулахын зэрэгцээ 64 бөх, 551 мал, 13 гэр, 9 нохой зуржээ. “Хан төрийн долоон эрдэнэ” нь эртний Жагарын орны Загарварди хааны хүндэтгэн дээдэлж байсан утга төгөлдөр бэлгэдэлт шүтээний нэг юм.
“Хан төрийн долоон эрдэнэ”-ийн бэлгэдлийн утга
1. Хүрд эрдэнэ: Төрийн бодлого тасралтгүй хэрэгжиж байх ёстойн утгыг илэрхийлнэ.
2. Чандмань эрдэнэ: Ус чандмань эрдэнэ гэдэг утгыг илэрхийлэх бөгөөд төрийн бодлого усны ундарга лугаа байнга шинэчлэгдэн боловсронгуй болж байхыг бэлгэджээ.
3. Хатан эрдэнэ: Төр хэдийгээр хатуу чанд ёсыг баримтлах боловч, эмэгтэй хүн шиг уян хатан байх ёстойг илэрхийлжээ.
4. Түшмэл эрдэнэ: Төрийн гол эрдэнэ нь түшмэл бөгөөд сайн түшмэлгүйгээр төрийн бодлого хэрэгжих боломжгүйг илэрхийлжээ.
5. Заан эрдэнэ: Төрийн бодлого заан шиг тулхтай бөгөөд урт настай залгамж шинж чанартай байхыг бэлгэджээ.
6. Морин эрдэнэ: Төрийн бодлого морь шиг үнэнч, хурдан шуурхай ард түмэндээ хүрч хэрэгждэг байхыг бэлгэджээ.
7. Баатар эрдэнэ: Төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баатар цэрэг эрс нь хамгаалдагийг илэрхийлжээ. Ийнхүү “Хан төрийн долоон эрдэнэ” нь тус тусдаа бие даасан бэлгэдлийг харуулснаараа онцлог юм.
Төрийн хүндэтгэлийн есөн хөлт цагаан туг
Эзэн богд Чингис хааны үеэс шүтэж ирсэн төрийн хүндэтгэлийн есөн хөлт цагаан тугийг 1994 онд дахин сэргээн бүтээхдээ Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотын шилмэл адуун сүргийн дотроос сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй дэл сүүлний дээжээс бүрдүүлэн авч урлажээ.
Интерьер, суурийн ажлын зургийг архитекторч Я.Амарсайхан, тугийг СУИС-ийн багш, дархан Д.Энхдаваагийн удирдлагаар дархчууд урлан бүтээсэн байна.
Төрийн тугны оройн хэсэгт гангаар сийлсэн, жийжүүдсэн хээтэй, сэрээ хэлбэрийн гилбэр байна. Төрийн тугны оройн гилбэр нь өнгөрсөн одоо ирээдүй цагийн нэгдлийг илэрхийлнэ. Их цагаан тугны гилбэрийн дүрэлзэж байгаа галын дүрс нь Монгол Улс үүрд мандан бадарч байхыг бэлгэддэг.
Их цагаан тугны нийт өндөр нь ишний хамт 362,0 см, титэм /сэсэм/-ийн тойргийн голч нь 55,0 см, хөл тугны нийт өндөр нь ишний хамт 262,0 см, титмийн тойргийн голч нь 40,0 см байна.
Төрийн туг нь шаргал хээтэй цагаан хоргойгоор хийсэн 4 хэлт манжлага бүхий бүслүүртэй байх ба бүслүүр, хэлийн уулзвар бүр дээр зэс хөөмөл дугуй толь байрлуулсан байна. Төрийн тугны ишийг хус модыг хатааж, тосонд чанаж өнгөлж хийсэн байна.
Тугны сууринд тусгайлан бэлдсэн металл бортогонд нийслэл, хот, 21 аймгийн хөрсний дээжийг хийж байрлуулсан нь энэхүү туг Монгол Улсын газар нутаг дээр байрлаж байгааг илтгэнэ.
Төрийн хүндэтгэлийн өргөө гэр
Төрийн ордны барилгын дундах чөлөөнд эзэн Чингис хааны суумал хөшөө бүхий төрийн хүндэтгэлийн арван ханатай өргөө гэр оршдог.
Төрийн хүндэтгэлийн өргөө гэрийг Монгол Улсын гал голомт хэмээн үзэж 17-р жарны шороон хулгана жилийн өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 30-ны билэгт сайн өдөр УГЗ, зураач, сийлбэрч Д.Төртогтохын удирдлагаар Төрийн ордонд бүтээн залжээ. Төрийн хүндэтгэлийн өргөө гэр нь Монгол Улсын тусгаар тогтнол, энх амар, амгалангийн бэлгэдэл юм. Өргөөний үүд хаалга нь гурван давхар бөгөөд төрийн ёслол дэгийн дагуу нээгддэг.
Өргөө гэрийн хойморт Их Эзэн Чингис хааныг бурханчлан залж, “Монголын нууц товчоо”, “Их хөлгөн шастир”, Төрийн хан хуурыг дээдлэн, Төрийн алтан соёмбот, эрдэнийн чимэглэлт хан сэнтий, Монгол төрийн гал голомт Ган тулгыг хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна.
Чингис хааны хөшөө цогцолбор
Их эзэн Чингис хааны мэндэлсний 840 жил, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Их эзэн Чингис хааны хөшөө цогцолборыг” барьж байгуулжээ. Их Эзэн Чингис хааны хүрэл баримал нь Эзэнт гүрний их хааны сэнтийд заларч буйгаар бүтээгдсэн бөгөөд хааны дээр зөвхөн мөнх хөх тэнгэр л оршино гэсэн утгыг илэрхийлнэ.
Цогцолборын баруун, зүүн жигүүрт түүний хөвгүүд, ач нарын төлөөлөл болгон Өгөдэй хаан, Хубилай хааны хүрэл хөшөө, хүндэтгэлийн 45 шатны хоёр талд 20 гишгүүрийн дор, дэлхийн талыг эзэлсэн Монгол цэргүүдийн төлөөлөл Их Эзэн Чингис хааны хүлэг баатар Боорчи, Мухулай нарын морьт хөшөөг тус тус бүтээж, хоёр талын шилэн галерейд Их Монгол улсыг байгуулсан түүхэн үйл явдлыг дүрсэлжээ.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим
Төрийн ордны 1957 оны өргөтгөлөөр энэ танхимыг барьж, кино үзвэр болон дайллага цайллагын зориулалтаар хэрэглэж иржээ. 1990 оны анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ардын Их Хурлаас Улсын Бага Хурал байгуулагдахад уг танхимыг хуралдааны танхим болгон засварлажээ.
Уран сайхны ажлыг зураач, архитекторч Д.Батдорж, гоёл чимэглэл арын фонын түмэн наст хээ болон сүлдийг Гар урлалын үйлдвэрийн хамт олон бүтээжээ. Дотор тавилга болох угалз сийлбэртэй ширээ сандлыг Зураг урлал компанийн Д.Батдорж, Д.Наранжав, Н.Сандагсүрэн нарын урчууд урласан байна. 1996 онд хуралдааны танхимыг засварлаж, санал хураах системийг шинэчилсэн бол 2006 өргөтгөл хийсэн байна.
Б.Цэрэнжамц
Эх сурвалж: “Монцамэ”