2012-12-26Хэн нэгнийг хэрхэн яаж зурах вэ? гэдэг зохиомж тухайн натураас хамаарч төрдөг гэдэг.

Миний хувьд түүнийг дотроос нь зурвал хүмүүст илүү ойр хүрэх байх гэж боддог. Элдэв гоёл чимэггүй тийм нэгэн эгэл дүр төрхийг бодол санаа, сэтгэл сэтгэлгээ нь чимдэг дээ гэж хүний гавьяат эмч, доктор, профессор, зохиолч Ц.Мухартай уулзахаар зорьж явахдаа бодож билээ.
Эмч, эрдэмтэн, зохиолч хүний сэтгэлийн ертөнцөд амилсан хүмүүний амьдралын бүтээл нь соргог, сонин байх ажгуу. Тэрбээр эсээ, тэмдэглэл, өгүүллэг, туурь, туужийг урлан бүтээдэг. Эсээ, роман ч бичсэн. Түүний бүтээлийн жанр олон янз хэдий ч бүгдэд нь төрж өссөн торгууд нутгийн тухай, тэдний амьдрал, ёс заншил, соёл ахуйг олон өнцгөөс харуулсан байдаг.
Тиймээс УЗТ, МЗЭ-ийн болон шилдэг бүтээлийн эзэнд олгодог "Алтан өд" шагнал нь ямархан уран бүтээлч болохыг нь илтгэнэ. Бидний ярианы агуулга, түүний шинэ бүтээл "Уул талын туульс" (2012) хэмээх номд орсон сонирхолтой тууриудаас залуу сэтгүүлч, зохиолчид олон шинэ санаа оноог мэдэж, бичлэгийн ур чадвараас суралцаж болох нь анзаарагдсан юм.
Ард түмэндээ алтан гарт эмч гэж хүндлэгдсэн зохиолч, эрдэмтний нүнжигтэй, шинэлэг, гэрэл гэгээтэй бүгээлүүд хүний сэтгэлийг хэрхэн хөдөлгөдөг талаар бид түлхүү ярилцлаа. Төрсөн нутгийнх нь ороо бусгаа амьдрал, ээдрээ түвэгтэй түүх, соёлын үнэт зүйлс, санаа сэхээ авмаар үйл явдал, дүр дүрслэл зохиолчийн авьяасаар дамжин бидэнд хүрсээр байгааг тэмдэглэн, яриагаа уншигч танд хүргэе.
-Утга зохиол таны амьдралыг улам гэрэл гэгээтэй болгодог гэдэгт итгэж байна. Харин эмнэлэг, эмчилгээнд ямар тус болдог талаар яриагаа эхэлье?
-Анагаах ухаан бол шинжлэх ухаан, туршлага, сэтгэл бас урлаг гэсэн томьёолол байдаг. Тиймээс өвчтэй хүн очиход холоос ирсэн зочин шиг дулаан уур амьсгалаар тосч угтдаггүй эмнэлэг, эмнэлэг биш шүү дээ. Хүний сэтгэлийн зовлонг мэдрэхгүй, сэтгэлгүй эмч, эмч биш ... Одоо цаг дор бидэнд нэг том дутагдал байна. Өвчтэй хүн бидний араас гүйж эрэл сурал болж байна.
Зүй нь эмч өвчтэй хүний араас хөөцөлдөж гүйдэг болсон цагт эмч, эмнэлгийн өнгө өөрчлөгдөнө. Миний хувьд эмч хийж өвчтэй хүний шаналгааг мэдэрнэ гэдэг нэг талаар зохиолын баатраа хайж, эрж, уулзаж явна гэсэн үг.
-Эмч нарын дундаас цөөнгүй зохиолч төрдөг. Нэг учир байдаг л байх гэж боддог?
-Үүнийг би түрүүн хариулчихсан болов уу. Зохиолч Х.Зандраабайдий 2009 онд "Монголын зохиолчдын намтрын лавлах" номоо бүтээсэн. Тэр номд багтсан 700-гаад зохиолчдын дунд эмчийн мэргэжилтэй 18 хүн байсан. Тэднээс Ардын уран зохиолч нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн хоёр, Төрийн шагнал хүртсэн нэг хүн байв. Ингээд бодохоор авьяас буюу их зохиолч Д.Намдагийн хэлдгээр "эмзэглэл"-тэй төрсөн хүн эмч нарын дунд байгаа нь хүнийг энэрэхүйн мэргэжилтэй нь холбоотой болов уу.
-Зохиолч, уран бүтээлч хүнд авьяас, хөдөлмөр хоёрын аль нь чухал вэ? Хүмүүсийн ярьдаг 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэдэг үгтэй та санал нийлэх үү?
-Урлаг соёлын ажилтнаас бусад мэргэжилд энэ үг зөв. Зохиолчийн хувьд тонгоргож ойлгох хэрэгтэн. Авьяас гэдэг бурхнаас заяасан нандин эрдэнэ. Бас сурч болдоггүй эрдэм.
-Таны удирддаг “Ачтан” эмнэлэг эмч, сувилагчийн ёс зүйг нэгдүгэрт эрхэмлэдэг гэж сонссон. Тэгэхээр эмч хүний нандин чанар гэж юуг хэлэх вэ?
-Хүнлэг чанар, эмчийн чадвар, ёс зүй. Би "Монголын эрүүлийг хамгаалах" хэмээх номоо өнгөрсөн онд хэвлүүлсэн. Номд орсон есөн "Онч үг"-ийнхээ зургааг нь энд хэлмээр санагдлаа. "Жинхэнэ эмч хүн өвчтэй хүнийг чагнуураар чагнаж, мэсээр хагалдаггүй. Сэтгэлээрээ чагнаж, зүрхээрээ зүсдэг", "Өөрөө хохирсон ч хүнийг баярлуулж, уучлал гуйж сур", "Хүнээс илүү бурхан гэж байхгүй. Харин бурхнаас илүү хүн гэж бий ", "Хүнийг эмээр, мэсээр, үгээр эмчилдэг. Сүүлийнх нь илүү хүчтэй ч байж болно ", "Мэсний шарх эдгэрдэг, үгийн шарх хувилдаг ", "Ёс зүйгүй эмч эрлэгийн цалам барьсан шулам" гэсэн үг бий.
-Та эмчээр ажиллаж байхдаа алдаж байсан тохиолдол бий юу?
-Эмчийн ажлыг буянтай ажил гэж та нар бичдэг. Гэвч тийм биш. Эмчийн ажил буянтай боловч бас нүгэлтэй. Монголын эмч нар жилд хагас сая хүнийг өвчин, эмгэгээс нь салгаж буян үйлддэг боловч, 16 мянган хүний "амыг барьж" нүгэл хийдэг. Би тэдний нэг. Ажил хийсэн хүнд алдаа эндэгдэл гардаг гэж орчин үеийн хүмүүс ярьдаг болж. Энэ үг албан хаагч нарт хандсан, өөрийгөө өмөөрсөн, магадгүй улс төрийн ханштай үг болов уу. Энэ өмөөрлийн үг эмчид хамаарахгүй. Эмч хүн алдах эрхгүй.
-Анагаахын шинжлэх ухааны доктор, профессорын хувьд зориуд нэг зүйлийг асууя. Монгол хүний бие махбод, мэдрэлийн тогтолцооны онцлогт тохирсон анагаах ухааны шийдэл манайд хэрэгтэй юу?
-Манайхан юм л бол Америкийг дуурайх гэж ам булаалдан магтан шагших юм. Тэнд сайн, муу юм бүгд бий. Үхэл манайхаас өндөр. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Өлчир, чийрэг, өвчнөө тоодоггүй, гэнэн цайлган Монгол хүнийг Монгол эмч нар л сайн эмчилнэ. Манайд эмчийн сургалт, бэлтгэл шинэчлэл хэрэгтэй. Гадаад дотоодод 4-5 жил сурсан эмч арваад жил ажиллаж туршлагажиж байж мэргэшдэг.
Сайн эмчтэй, тоног төхөөрөмжтэй томоохон нэгдсэн эмнэлэг л өвчтэй хүнд тус болно. Бас эмчийн цалинг саяд хүргэж байж нэг алхам ухарсан Монголын эрүүл мэндийн салбар хоёр алхам урагшилна.
-Та, эмч хүн эм, мэс засал, үг гэсэн гурван зэвсэгтэй гэж бичиж байсан. Аль нь чухал болж таарав аа?
-Эмээр, мэсээр эмчлэхийг заалгаж сурч болно. Харин үгээр эмчлэхийг заалгаж сурдаггүй. Эмчийн урлаг, авьяас.
-Ингэхэд эмчийн хувьд хийж чадаагүй, чадахгүй асуудал танд байна уу?
-Би Монголын төв, хөдөөгийн эрүүл мэндийн бүх салбарт ажилласан. Өөрийнхөө хэр хэмжээнд чадах зүйлээ хийсэн. Чадаагүй, чадахгүй юм байлгүй л яахав.
-Таныг илэн далангүй цайлган сэтгэлтэй хүн гэж дүгнэж болох уу?
-буруу байх аа.
-Яагаад?
-Миний овог Хар Сэмүүн. Нутгийнхан маань ам мурийхаараа хар санаатай Хар Сэмүүнийхэн гэдэг юм билээ.
-Таныхаар амьдрал гэж юу вэ?
-Амьдрал дуусдаггүй болохоор асуулт гэдэг төгсөшгүй, мөнх. Мөн амьдрал бол энэ насны гавьяа. Ядуу ч бай, баян ч бай амьдрал гэдэг хүн болж төрсний гавьяа шүү дээ. Тэр болгон амьтанд заяадаггүй тэнгэрлэг амьдралтай би учирсан" хэмээх нэгэн суутан өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.
-Амьдрал дуусдаггүй гэж үү?
-Будда шашин, бүх амьтай болгон, эхэлсэн төрсөн болгон дуусах тавилангаа дагуулж ирдэг болохоор үхэл гэдэг амьдын дагуул гэж сургадаг. XIV Далай лам Данзанжамц “Үхэл бол амьдрал” гэж аялтгасан. Энэ сургаал, айлтгалын цаана "сүнс", "хойд нас" гэсэн далд санаа, давхар утга хадгалагдаж байгаа болов уу.
-Таныг олон хүн хүндэлж хүрээлдэг. Хүний хайр хүндэтгэлийг юугаар хариулдаг вэ?
-Энэ хэцүү асуулт. Профессор гэж шавь нар маань, аав гэж хүүхдүүд маань хүндэлдэг. Миний шавь, манай эмч нар намайг хараад айдаг юм гэсэн. Айна гэдэг хадны мангаа байна гэсэн үг биш. Хүндэтгэлийн нэг шинж. Миний бичсэн ном зохиолыг сонирхон уншдаг хүнийг би их хүндэлдэг. Хүндэтгэлийг олох амар, даах хэцүү. Дааж чадна гэдэг хариу барьж байгаа нь тэр болов уу.
-Та хүүхэд, номынхоо тухай цухалзууллаа, тодруулбал?
-Би таван тааруухан хүүтэн. Гайгүй ганц охинтой, муу сайн нэртэй арав гаруй уран зохиолын, эмч нарын эрж хайдаг мэргэжлийн арваад номтой хүн дээ.
-Хүмүүс хүүхэд, бичсэн зохиолоо магтах дуртай байдаг. Гэтэл та... ?
-Банди нар минь хүн болж төлөвшиж дуусаагүй байна. Магтаал оройтохгүй. Зохиол минь хорь, гучаад насны залуус. Их хүмүүсээс хатуу үг сонсож чих нь зөөлрөх хэрэгтэй. Миний зохиолын талаар доктор "Ч.Дагвадорж, Т.Баасансүрэн, Я.Ганбаатар, Ч.Билэгсайхан, До.Цэнджав, сэтгүүлч Ш.Цэрэнпил нарын 15 хүн санал, шүүмж бичсэн. Олон "алгадуулж" байж л толгойн эргээ гарна шүү дээ.
-Та нутагтаа ойрын үед очив уу? Нутагтаа очиход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би Ховд, Дундговь, Сүхбаатар гэсэн гурван нутагтай хүн. Ховдод төрж, Дундговьд дөрөв, Сүхбаатарт таван жил ажилласан. Ажлаар, амрахаар, урилга заллагаар энэ гурван нутгаар бууж морддог. Төрсөн нутгаараа очих болгондоо өвөлжөө, зуслангаараа орж Жолом нэртэй урц гэрийнхээ буйран дээр очиход эх, эцэгтэйгээ уулзан золгосон юм шиг зүрх хайлдаг. Эхийн минь хөхний сүү амтагдах шиг, эцгийн минь нэхий дээлийн үнэр үнэртэх шиг болдог юм. Би үе үе төрсөн гэртээ ээж, аавдаа эрхэлсэн бага насаа дурсан зүүдэлдэг өвгөн.
-Та яаж амардаг вэ?
-Би онгон байгаль, уул, тал, говьд дуртай. Энэ жил гарсан ном маань "Уул талын туульс". Эх орныхоо уул талаар хэсч, тэнэж сайхан амардаг.
-Сүүлийн үед таныг эмч гэхээс зохиолч гэдэг болсон. Та хэдийнээс зохиол бүтээл бичих болов?
-Дунд сургуулийн X анги, оюутан, сумын эмч байхаасаа л бичиж эхэлсэн. Дөчөөд жил хүүрнэл зохиол оролдож, роман, тууж, өгүүллэг, туурь, эсээ, тэмдэглэл, хөрөг, зураглал нэлээдийг бичлээ. Дахин дахин хуулдаг, бичдэг болохоор зохиол, бүтээл гараас гарах гэж их уддаг. Хэвлүүлсний дараа ч гэсэн алдаа, шинэ санаа олж дахин засах хэрэг гардаг юм.
-Тэгвэл таныг мэргэжлийн зохиолч гэж хэлж болох нь ээ?
-Эмч болохоосоо өмнө бичиж эхэлсэн болохоор тийм гэж үг алдмаар. Гэтэл зохиолч гэдэг эрдмийг заалгаж сурдаггүй болохоор мэргэжил биш "сэтгэлийн эмзэглэл" юм уу даа...
-Та зохиолынхоо дүр дүрслэлийг хаанаас олж авдаг вэ?
-Амьдралаас. "Амьдрал" нэртэй хоёр номтой. Ойрад Монголын түүх уншиж, домог сонсож, олон дүр, дүрслэл олж, Оросын нэрт яруу найрагч Л.Ошанины хэлдгээр "Жирийн юмны жирийн бишийг, мэдэх юмны мэдэхгүйг нээх" гэж оролдсон.
-Таны "Нагацын эмээл", “Төөрсөн зээ" туурийг баримтат тууж гэж хэлж болох уу. Бодит зүйлээс сэдэвлэсэн юм шиг санагддаг?
-Миний нэг нөхөр Архангайгаас утасдаж, охин минь Малайзад сурахаар явж байна. Чиний “Төөрсөн зээ"-тэй танилцуулж туслалцаа авъя гэсэн юм. Өөрөөсөө гурван эгч казак бүсгүйд хайр сэтгэлээ алдсан 17 настай Монгол хүүгийн тухай "Анаргуль" гэдэг өгүүллэг бий. Миний нэг шавь, тэр өрөвдөлтэй залуу та өөрөө мөн үү гэж асууж инээдэм болж байлаа. Уншигчдын дотоод сэтгэлийн чавхдасыг ингэж хөндөж, барин тавин "хуурч" чадвал гайгүй бичиж гэж боддог. Эхний хуудас уншаад тэгж төгсөх нь гэж таавал зохиол биш шүү дээ.
-Та залуу зохиолчдын бүтээлээс хэр зэрэг уншдаг вэ?
-Би бүх үеийн зохиолчдын бүтээлийг шамдан уншдаг. Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг нарын зохиол, дунд үеийнхнээс С Жаргалсайханы "Чингис хааны нууц түүх" роман, П.Баярсайханы тууж, өгүүллэгийг дахин сэргээн уншиж их зүйл олж авдаг.
Залуу үеийнхнээс Ай.Төмөр-Очирын шинэ шүлгийн түүврийг уншлаа. Г.Баяр гэдэг залуу яруу найрагчийн шүлгийг "Цог" сэтгүүлээс олж харлаа. Хангай нутгийн энэ залуу Эрээнцавын Нямсүрэн шиг орчин цагийн олон шүлэгчийн толгой дээр цахиур хагалж магадгүй. Өчигдөр Цэдэндамбын Нэргүйн "Тамирын хөндийнхөн" романыг уншиж дууслаа.
-Таны номын санг харахад олон зохиолч, сэтгүүлч номоо бэлэглэсэн байна?
-Тийм ээ. Энэ бол хүндлэл. Зохиол бичнэ гэдэг хүнд хөдөлмөр гэдгийг бичдэг, уншдаг хүн л ойлгоно. Хүн ном өгвөл үнээр нь худалдаж авдаг. Уншаад зохиогчтой нь заавал эргэн уулзаж, утасдаж санал бодлоо хуваалцдаг. Миний номыг авсан хүн эргэж ярихгүй бол дахин өгдөггүй. Гологдож дээ гэж харамсдаг. Хүний сэтгэл зүрхийг гэгэлзүүлсэн хэн ч бичээгүй ганц сайн туурь бичихсэн гэдэг миний энэ насны мөрөөдөл.
-Та ямар дуу хөгжим сонсох дуртай вэ?
-Дуурь бүжиг, яриан жүжгийн театраар сард нэг хоёр ордог. "Амьд" найрал хөгжим сонсох дуртай. Ардын жүжигчин Түмэндэмбэрэлийн дахин давтагдашгүй уянгын дууг хэд сонссон ч уйддаггүй. "Дарьгангын жаахан шарга"-ыг гавьяат уртын дууч Баатарын Лхамжавын дуулснаар Долгорсүрэнгийн Долгоржавын "Хулст нуур"-ыг сонсох сайхан. Нас явж ухаан тогтоход сонгодог бүтээл, уртын дуутай айлсдаг юм болов уу даа.
-Та бухимдах, баярлах үедээ яаж тайвширдаг вэ?
-Монголчууд эцэг эх, багш, даргадаа загнуулахыг тоодоггүй гүдэсхэн ард түмэн. Би хүнийг загнах уурлах, бухимдах дургүй. Бас баярлах нь удаан. Зорьсон ажлынхаа ард гараад тайван сууж ганц аяга хүйтэн шар айраг балгах дуртай.
-Эмч нар архийг муу гэж өөлдөг атлаа өөрсдөө хүртэх нь бий?
-Архи хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн гэнэн цайлган, сэтгэлийн хийтэй хүмүүс. Архаг "архичин" гэдэг ужиг өвчинг хоёр хувааж болно. Ясны саваагүйтэл гэж... Зуун архичны гуч нь "ясны" буюу генийн угшилтай эмгэг. Тэдний олонх нь их авьяаслаг хүмүүс байдаг. Харин дал орчим хувь нь бага залуугаасаа саваагүйтэж архинд хорхойтсон гэнэн хүмүүс.
-Эвгүй асуулт байж магадгүй. Та дахин төрвөл дутагдлаасаа юуг нь
авч үлдэх вэ?
-Олон дутагдалтай болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
-Та хүүхдүүдийнхээ хэнд нь өөрийгөө үлдээнэ гэж мөрөөддөг вэ?
-"Удам муутаас хүүхэн бүү ав. Ухаан муутаас үг бүү ав" гэж манай ойрад түмний цэцэн үг байдаг. Удам муутаас хүргэн бүү сонго гээгүй нь учиртай. Хүний удам нагац талаа их дагадаг. Төрлийн дээд нагац, төрийн дээд хаан гэж үүнийг хэлээд байгаа юм. Миний хүүхдүүд эхийн талаа их татсан болохоор өөрийгөө хэнд үлдээхийг эхнэр бид хоёрын удам судар хариулах биз ээ.
-Цаг, зав гаргаж ярьлцлага өгсөн танд баярлалаа. Эрүүл энх байж, 100 наслахыг ерөөе.
-XXI зуунд хүний дундаж нас 100 болно. Урт насална гэдэг тоондоо биш чанартаа байгаа юм. Ухаантай, хөдөлмөрийн чадвартай урт наслах герионтологийн ухаан хөгжиж байна. Би XX зууны хүн болохоор зуу насалж чадахгүй болов уу. Харин XXI зууны та нар "зуны cap зургаа биш зуун хорин настай биш" гэж айл хэсч аяга тагш суллан давхиж явдаг хэнэггүй эрийн гутрангуй үзлийг бут ниргэж чадна байх аа.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”