2013-02-05-Харин С вирус удаан хугацааны дараа элэг хатууруулах зэрэг муу нөлөө үзүүлнэ-

Хавдар судлалын төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
-Элэгний В, С вирусээр өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдээд байгаа гэсэн. Гэтэл үүний эсрэг авсан тоймтой арга хэмжээ байдаггүй?
-Элэгний В, С вирусийн тухай ярихын өмнө хэдэн тоо баримт ярих ёстой. Дэлхий нийтэд ойролцоогоор 350 орчим сая хүн элэгний В вирусийн архаг тээгч хэлбэрээр өвчлөөд байна. Эдгээрээс жилдээ 250 мянган хүн В вирусийн шалтгаантайгаар элэгний хатуурал, элэгний хавдар тусч нас барж байна. 250 сая хүн архаг тээгч, дээрээс нь 250 мянган хүн нас барж байна гэхээр хэр аюултай нь ойлгомжтой.
Монгол Улсын хэмжээнд гэхээр, Н.Хүрэлбаатар судлаачийн бичсэнээр бол, Монголын нийт хүн амын 67 хувь нь элэгний вирусийн халдвар авсан гэж үздэг. Энэ 67 орчим хувийн 23 хувь нь архаг тээгч болсон.
-Энэ нь хүн амын аюулгүй байдалд их нөлөөлж байгаа байх. В, С вирус гэж хүн бүр мэддэг ч тэр бүр анхаарахгүй юм?
-Дэлхийд дархлалтын хувьд баримталдаг нэг тоо баримт бий л дээ. Хамгийн бага дархлалтай орон гэж ямар орныг хэлэх вэ гэхээр, өвчлөл нь 0.1-2 хувь байгаа тохиолдолд дархлал муутай гэж үздэг. Нэг ёсондоо нийт хүн амынх нь 0.1-2 хувь нь элэгний В вирусийн архаг тээгч байвал бага дархлалтай оронд тооцогддог. Дунд дархлалтай оронд нийт хүн амынх нь 3-5 хувь нь архаг тээгч болсон орон багтана. Харин Монгол их дархлалтай оронд тооцогддог. Энэ нь нийт хүн амын нь 10-20 хувь архаг тээгч болсон орнуудыг хэлнэ.
-Элэгний В, С вирус хожим хатуурал, хавдар үүсгэдэг гэхээс цаашгүй. Гэтэл В вирусийг дотроо бас олон янз гэж сонссон. Энэ тухай тодруулаач?
-Элэгний В вирус дотроо олон янз байдаг. В вирус дотроо бас А-G хүртэл олон бүлэгтэй. Эдгээр дотроос В, С генотипийн В вирусууд нь эмчлэгдэх магадлал муутай, хамгийн хоруу чанар ихтэй вируст тооцогддог. Биотехнологийн хүрээлэнгийн эрдэмтэн Оюунчимэг Японы эрдэмтэдтэй хамтран Монголд элэгний В вирусийн генотипэд судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар харамсалтай нь монголчуудад В, С генотипийн В вирус илүү их тархсан байдаг нь нотлогдсон. Нөгөө л эмчлэгдэх магадлал муутай, элэгний хатуурал, хавдар үүсгэх боломжтой вирус. Тэгэхээр харамсалтай баримт гарч ирж байгаа биз дээ.
Яагаад В вирусийг онцлоод байна гэхээр, С вирус одоогоор хүн амын дунд тийм их тархсан зүйл биш. В вирус яагаад Монголд ингэж их олширсон гэхээр, 1960, 1970 оны үед Монголд В вирусийн халдвар маш өргөн тархсан шүү дээ. Шалтгаан нь ахуйн бохироос шалтгаалж үүсдэг А вирусийн шар өвчинтэй холбоотой. Тухайн үед маш их газар авсан. Шарлаад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ эмнэлгээс В вирус авдаг байсан. Тодруулбал шприцний шар. Ер нь бол А вирус тийм хүнд аюултай, ноцтой вирус биш. Ул мөр үлдээдэггүй. Харин В вирусийг эмнэлгийн болгоомжгүй, буруу үйл ажиллагааны улмаас иргэддээ халдаасан гэж ойлгож болно. Тухайн үед нэг удаагийн шприц хэрэглэдэггүй, айл гэр болгон тухайн үед гэртээ нэг шприцтэй, тэрийгээ дахин дахин чанаж хэрэглэдэг байсан. Энэ бүхнээс болж Монголд В вирус өргөн тархсан. В вирус удаад, архагшаад ирэхээрээ 10-20 жилийн дараа элэг хатуурах, элэгний хавдар үүсгэдэг аюултай.
-Гэхдээ манайд В вирусийн эсрэг вакцин тарьдаг биз дээ?
-1990 оноос В вирусийн викцинжуулалт хийж эхэлсэн. Энэ маш зөв зүйтэй ажил байсан. Дөнгөж төрсөн хүүхдэд 24 цагийн дотор В вирусийн вакцин тарьдаг. Тэгснээрээ В вирусийн халдвар авахаас сэрэмжилдэг зөв алхам л даа. Харамсалтай нь мөн л нэг тоо баримтыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Жирэмсэн эх хэрвээ В вирусийн халдвартай байвал хүүхэд төрүүлэх явцдаа халдвар тархах магадлал өндөр. Тодруулбал, хүүхэд эхээс төрөхдөө В вирусийн халдвар авах магадлалтай. Ялангуяа НbeAg антигентэй эмэгтэйчүүдийн цусанд энэ антиген өндөр байвал хүүхдэд халдвар тархах магадлал 90 хувьтай. Тэгэхээр дөнгөж төрж байгаа хүүхэд В вирусийн халдвар аваад тэр нь архаг болох магадлал 90 хувь гэсэн үг. Ийм эсрэг бие агуулж байгаа эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхэд 90 хувь хүүхдэд дамжих магадлалтай байдаг бол халдвар авсан дөнгөж төрсөн хүүхдэд архаг болох магадлал бас 90 хувьтай. Маш өндөр байгаа биз. Тэгэхээр энэ асуудал маш сэтгэл санаа зовоодог асуудал мөн.
-Тэгэхээр яана гэсэн үг вэ. Үүнээс үнэхээр сэргийлж болохгүй гэж үү?
-Гадаадын судлаачдын хийсэн шинжилгээгээр өндөр дархлалтай буюу нийт хүн амынх нь 23,7 хувь нь элэгний В вирусын архаг тээгч болоод буй Монгол шиг оронд төрөх насны эмэгтэйчүүдэд НbeAg нэмэх байх магадлал нь 50 хувь байгаа юм. Энэ маш өндөр тоо. Би өөр бас нэг тоо баримт хэлье л дээ. Дөнгөж төрж байгаа хүүхэд халдвар авахад 90 хувь нь архаг хэлбэрт шилжинэ. 1-5 настай хүүхэд В вирусийн халдвар авахад тэдгээрийн 20-50 хувь нь, насанд хүрсэн хүн бол 5-аас бага хувь нь архаг хэлбэрт шилждэг. Тэгэхээр нас бага байх тусам халдвар авбал архаг болох магадлал маш өндөр байх нь.
-Сүүлийн хоёр жил дараалан “Хавдрын эсрэг үндэсний аян” зохион байгуулж, иргэдийг, хөдөө орон нутгийнхныг үзлэг шинжилгээнд хамрууллаа. Энэ ажил цаашид ч үргэлжлэх байх. Энэ ажлын үр дүнгийн талаар та юу хэлэх бол?
-Миний хувьд алсын үр өгөөж сайтай тодорхой ажил хийх хэрэгтэй байна. Тухайлбал, төрөх насны эмэгтэйчүүдэд Е антиген илрүүлэх, эмчлэх эмчилгээний тактикийг боловсруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэн бол олон хүүхдийг В вирусийн халдвар авах, архаг болох эрсдэлээс хамгаалах боломжтой хөтөлбөр хийж болно. Бид одоо ч оройтоогүй байна. ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд үүн дээр анхаарч, Е антиген эерэг байгаа төрөх насны эмэгтэйчүүдийн антигенийг сөрөг болгох эмчилгээний асуудалд анхаарах нь чухал. Тоо баримтуудаараа дахин хэлье. Төрөх насны эмэгтэйчүүдэд Е антиген нэмэх байгаад төрөхдөө халдвар хүүхдэд дамжвал архаг болох магадлал 90 хувьтай буюу төрсөн хүүхэд болгон нь В вирусийн архаг тээгч болох магадлал өндөр байна гэсэн үг. Вакцин хийлгэж чадахгүйгээр шууд халдвар авч байгаа нь аймшигтай байгаа биз дээ.
-Одоо Монголд В, С вирусийн эмчилгээ ямар хэмжээнд байгаа вэ?
-Маш тааруухан. Нөгөө л эрүүл мэндийн санхүүгийн бодлого буруутай холбоотойгоор даатгалын тогтолцоо муугаас В, С вирусийг илрүүлэх шинжилгээний асуудал дутуу дулимаг байна. Түүнээс гадна эмчилгээ нь маш өндөр өртөгтэй байдаг учраас эмийн эмчилгээг даатгал бүрэн даах боломжгүй байдаг. Одоо хүртэл эм нь орж ирээд албан ёсоор бүртгэгдсэн ч даатгалаар, хөнгөлөлттэйгөөр хэрэглэж чадахгүй байна. Энэ бол бас л эрүүл мэндийн салбарын эмгэнэл.
-Хүмүүс тэгэхээр юунд анхаарах ёстой вэ?
-Ер нь бол хүн В, С вирустэй юү гэдгээ маш сайн мэдэж байх ёстой. В, С вирус эхээс урагт дамжихаас гадна бэлгийн замаар халддаг. Тэгэхээр бэлгийн замаар халдах чадамж нь ДОХ-ын вирусээс ноцтой. Илүү халдах боломжтой. Түүнээс гадна бас нэг анхаарах зүйл бий. Шинжилгээ өгөөд В вирус байна гэж гарвал шууд архаг гэдэг утгаар ойлгож болохгүй. Насанд хүрсэн хүмүүс халдвар авахад таваас бага хувь нь л архаг хэлбэрт шилждэг. Бусад тохиолдолд нь хүний бие өөрөө эмчилчихдэг, тийм ч аюултай зүйл бас биш. Тэгэхээр эдгэрсэн үү, халдвар аваад эдгэх шатандаа явж байна уу, үгүй юү гэдгийг мэдэхийн тулд зайлшгүй вирусыг үздэг сайн лаборатори шаардлагатай. Их олон төрлийн антиген байдаг. Тэр бүгдийг үзэж, тэдгээрийн аль нь нэмэх, хасах байгаагаас хамаараад архаг үе мөн биш, эмчилгээг хэдий үеэс эхлэх вэ зэргийг шийддэг. Тийм учраас шинжилгээгээр вирус гарсан бол айж сандрахаас илүү мэргэжлийн эмчид хандаж, дараагийн алхмаа бодох хэрэгтэй.
Бас нэг тоо баримт хэлье л дээ. Одоо Монголд вирусийн тоог тоолдог боллоо гэж байна. Тоон үзүүлэлт нь өөрөө хавдар үүсгэх магадлалыг илэрхийлж байдаг. Жишээ нь, В вирусийн тоо 10-ын дөрвөн зэргээс бага байвал элэгний хавдар үүсэх магадлал 1.3 хувь ч юм уу байх жишээтэй. Хэрэв их байвал хавдар үүсэх магадлал зургаа дахин ихэсдэг. Тийм учраас тэр вирусийн тоог цөөлөх, унтуулах эмчилгээг зайлшгүй хийлгэх ёстой. Хэдий вирус бүрэн арилахгүй байсан ч В вирусийг идэвхгүй хэлбэрт байлгана гэдэг маш чухал.
Орчин үед гепатит В вирусийн эсрэг хэрэглэж байгаа найман төрлийн эм байдаг. Үүнээс Монголд өргөн тархсан нь интерферон, ламувизин хоёр л байна. Гэхдээ л ламувизиний сул тал нь вирус нь тэрний эсрэг дасал болох магадлал өндөр байдаг. Тийм учраас түүний эсрэг хүчтэй эмүүдийг хэрэглэх ёстой. Эдгээр эмүүд маш үнэтэй байдаг. Тэгэхээр эмчилгээний асуудлыг шийдэхийн тулд цогцоор нь даатгалын асуудлаа шийдэж байж хийхгүй бол өвчтэй хүн нь мөнгөтэй ч байна, мөнгөгүй нь ч байна. Хамгийн гол нь эрүүл мэндийн үйлчилгээг жигд хүн болгонд хүрч л байх ёстой. Тэгж жигд хүртээхийн тулд даатгалыг л сайжруулах ёстой. Эрүүл мэндийн сайн дурын даатгал гэхэд зургаан мянган төгрөг байдаг. Гэтэл машины даатгал хамгийн бага нь 30 мянга байдаг. Иргэд бас өөрсдөө бодох хэрэгтэй. Зургаан мянган төгрөгөөр даатгуулчихаад хэчнээн төгрөгийн үйлчилгээ авах ёстой юм бэ гэж. Бодох л хэрэгтэй. Эмч хүний хувьд хэлэхэд даатгалын суурь хураамжийг ихэсгэж, үр дагавар нь эмнэлгийн үйлчилгээг гадаадын орнуудын жишгээр стандартын хэмжээнд л авч байх ёстой. Эмч хүний хувьд ийм бодолтой байдаг юм.
-Түрүүнд ярьсан Нbe антигений талаар жаахан тодруулаач. Төрөх насны эмэгтэй хүн бүрт байх уу?
-Вирусийн хуваагдах үеийн хөгжлийг илэрхийлж байдаг антиген л дээ. Вирус хэр их халдах, халдвар тараах магадлалтай байна гэдгийг үздэг антиген. Төрөх насны эмэгтэйчүүдэд үүнийг үзэж байх ёстой. Тэгээд вирусийг идэвхгүй болгох эсрэг эмчилгээнд орох ёстой.
-В, С вирусийг адилхан л хоруу чанартай гэдэг. Гэхдээ В вирус нь илүү юм аа даа?
-Аль аль нь эхээс урагт дамжих магадлалтай. Цусаар халдвар дамждаг. Бэлгийн замаар хоёулаа халдах боломжтой. В вирус нь өвчлөл хурц хэлбэрээр явагддаг бол С вирус удаан хугацаанд өвчлүүлдэг, элэг хатуурах магадлал нь С вирусын хувьд их байх жишээтэй. Эмчилгээний тактик өөр. С вирус нь эмчилгээнд эдгэх магадлал тааруухан. Бас нэг ялгаа нь С вирусийн эсрэг дэлхий дахинд одоогоор вакцин гараагүй. В вирус богино хугацаанд үржлээ үзүүлдэг бол, С вирус удаан хугацааны дараа элэг хатууруулах зэрэг муу нөлөө үзүүлнэ.
Л.Тунгалаг
