Тэдгээр хүмүүс ирэх оны нэгдүгээр сард Байденийг тангараг өргөсний дараа албан тушаалдаа томилогдох юм. Байден багаа танилцуулахдаа "Америк дэлхийн тэргүүлэгч орон болохоор эргэн ирлээ" гэж хэлжээ. Байден Төрийн нарийн бичгийн даргаар Энтони Блинкен, уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч Жон Керри болон бусад хүмүүсийг нэрлэсэн бөгөөд Трамп тэдэнд ажлаа шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа ч ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байна.
Ерөнхийлөгч Трамп бүрэн эрхээ шилжүүлэх үйл явцыг эхлүүлснээр Байден олон сая долларын төсвийг зарцуулах, аюулгүй байдал болон тагнуулын асуудлыг хэлэлцэх Ерөнхийлөгчийн өдөр тутмын хуралд оролцох, зарим албан тушаалтнуудад чиглэл өгөх эрхтэй болж байгаа аж.

ЖО БАЙДЕНЫ ТАНИЛЦУУЛСАН БАГИЙН ГИШҮҮД:
- Энтони Блинкен-Төрийн департаментийн тэргүүн
Байден туршлагатай дипломатч Блинкентэй "эхний өдрөөсөө л хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
- Жон Керри-Уур амьсгалын асуудлыг хариуцсан тусгай элч
Жон Керри нь Парисын хэлэлцээрийг бичигчдийн нэг бөгөөд АНУ Трампын Засаг захиргааны үед уг хэлэлцээрээс гарсан юм. Керри "дэлхий нийт нэгдэж уур амьсгалын хямралд хамтдаа цэг тавих ёстой" хэмээн мэдэгджээ.
- Эврил Хэйнс-Үндэсний тагнуулын газрын захирал
"Би мэргэжлийн туршлагатай хүнийг сонголоо. Шударга үнэнийг баримтлагч хүнийг" гэжээ.
- Алехандро Майоркас-Дотоодын аюулгүйн байдлыг хариуцсан нарийн бичгийн дарга.
Байден Майоркасын ажлыг "Засгийн газар дахь хамгийн хүнд ажлын нэг" гээд түүнийг "доголдолд орсон цагаачлалын тогтолцоог засахад" чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
- Жэйк Салливан-Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх.
Байден Салливаныг Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр хамгийн итгэлтэй зөвлөхүүдийн нэг байсан гэжээ.
- Линда Томас-Гринфилд-НҮБ дахь АНУ-ын элчин сайд.
"Туршлагатай, хүн болгонтой хүндлэлтэй харьцдагаараа алдартай дипломат" хэмээн Байден түүнийг тодорхойлсон байна.
Одоогоор бүрэн батлагдаагүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Барак Обамагийн үед Холбооны нөөцийн сангийн дарга асан Жанет Йелленийг тус улсын Сангийн сайдад тодорхойлоод байгаа аж.
Жо Байдены сонголт ардчилсан намыг дэмжигчдэд үнэхээр таалагджээ. Тэдний дунд өмнөх засаг захиргаанд байсан улс төрчид, амжилттай яваа эмэгтэйчүүд, мөн өнгөт арьстнууд орсон байгаад баяртай байгаа аж.
Эх сурвалж: ВВС