Өчигдөр амаржсан нялх биетэй эмэгтэйд хүнлэг бус хандсанд иргэд бухимдан "Төв талбай"-д эсэргүүцлээ илэрхийлж байна.
Цугласан иргэд хүн хоорондын зайгаа баримтлан УОК болон НЭМГ-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудыг огцорохыг шаардсан уриа лоозон барьжээ.
Б.Идэр-од: "Маш их бухимдалтай байна. Яагаад өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж яваа эмч, эмнэлэгийн ажилчид хариуцлага үүрч, дарга нар нь ажил албатайгаа үлдэх ёстой юм бэ. Хүний эрхийн мэдрэмжгүй ажилсан дарга нар бүгдээрээ огцрох ёстой. Талбай дээр эсэргүүцлээ илэрхийлэх гэж ирсэн цөөн хэдэн хүн байна. Үүнийг жагсаал, цуглаан гэж хэлэхгүй. Эдгээр хүмүүс бүгд 1.5 метр байтугай зай барьсан байна. Үүнийг дараа нь мушгих эрх байхгүй. Бүгдийг нь видео бичлэгээр баримтжуулсан байгаа. Монголчууд маш соёлтойгоор өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаг соёлч нийгэм болсон байна. Монгол улсын иргэд эрхээ мэддэг соёлтой иргэд юм шүү, тийм учир ДАРГА НАР АА БИДНИЙГ БИТГИЙ БАС гэж хэлмээр байна.
Эмнэлэгийн ажилчид маш эрсдэлтэй орчинд нойр хоолгүй ажиллаж байгаа нь үнэн. Үүнийг иргэд 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ өчигдөр нялх биетэй эмэгтэйг хасах 20 хэмийн хүйтнээр, харанхуй шөнөөр зөөж, сэтгэлийн шок өгөөд гаргаж байгаа нь Төрийн байгууллагыг удирдаж байгаа дээр сууж буй дарга нарын хүний эрхийн мэдрэмжгүй, дарангуйлсан сэтгэлээр ажиллаж байгааг харуулсан нэг зураг байлаа. Тийм учраас эмнэлэгийн ажилтнуудыг шийтгэхийг иргэний зүгээс БИ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ. Дарга нар хариуцлагаа үүрээд, яг одоо соёлт нийгмийн ёсоор ажлаасаа ОГЦОР гэж иргэний зүгээс шаардаж байна.
Хариуцлага гэдэг бол удирдлагын хүлээх ёстой үүрэг гэж бодож байна. Өнөөдөр дарга нар уучлалт гуйгаад, хэдэн сар жил, нойр хоолгүй ажилласан эмч нарын цалинг хасаж болохгүй. Энэ аол байх ёстой асуудал биш. Иргэд ийм хүний эрхэнд халдсан үйлдлийг зүгээр хараад суух хогь биш шүү. Тийм учраас дарга нар ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ЁСТОЙ" хэмээлээ.