УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар
өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө.
Монгол Ардын намын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэлээ.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйл.
/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./
1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.