Төв цэнгэлдэхийн хашаан дотор цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарч байгаа бөгөөд хорхой ааруул кг нь 25000, цагаан тос кг нь 28000, нэг тогооны өрөм 22000-25000, хэвийн боов нэг ширхэг нь 5000, аньс кг нь 15000, чонын элэг жимс кг нь 12000 төгрөгийн үнэтэй байна.
Төв цэнгэлдэхийн “Цагаан сар-2022” үзэсгэлэн худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчид өвлийн хасах хэмийн хүйтэнд павилоноо сахин байдгаараа дулаалсан ч бээрэхгүйн тулд дороо холхих нь өрөвдмөөр. Дорноговь аймгаас ганцаараа ирсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч н.Баттулга “Дорноговь нутгийн бууз” цехийнхээ хөлдөөсөн буузыг хонь, ямааны мах холин хийж, 6 кг-аар савлан худалдаалж байгаа бөгөөд уутаараа 50000 төгрөг гэв. Тэр “Энд зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаанд түрээсгүй болохоор нь оролцож байгаа. Гэхдээ хавар, намрынхаас ч орлого муу байна. Гол нь гадаа хүйтэнд удаан зогсох нь хэцүү тул ойр ойрхон машиндаа орж дулаацдаг. Мөн халуун кофе, цай уухаар бас ойр ойрхон жорлон гүйх нь хэцүү юм. Гэхдээ хөдөөнөөс ирсэн бидний хувьд үнэгүй учраас дуугүй л байсан нь дээр” хэмээн инээмсэглэв. Мөн Төв аймгийн Эрдэнэ суманд үхрийн шир, хонины арьсыг цехэд боловсруулан борлуулахаар авчирсан А.Сүхээ “Хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжье л гэдэг. Ачир дээрээ хүмүүсийн цалин хөлс өсөөгүй харин юмны үнэ өсчихсөн болохоор борлуулалт муу байна. Энд үзэсгэлэн худалдаа нэртэй үнэгүй гэж байгаа ч эрүүл мэндээ золиослон зогсохоос өөр аргагүй. Өөр газар бидний бараа бүтээгдэхүүнийг заруулдаггүй, хөөж туудаг. Дулаан төвүүд нь хөдөөний биднийг хүн гэж тоохгүй дээрээс нь талбайн түрээс нь хэт өндөр учраас хөхөө өвлийн хүйтэнд өдөржин гадаа зогсоод ч болов амьдралын төлөө зүтгэж л явна” гэдгээ хэллээ. Ийнхүү усан барс жилийг угтсан Цагаан сарын баярын үзэсгэлэн худалдаагаар очиход хүн цөөн, хөл татуу, хэтэвч нимгэн, үнэ өндөр байв.
Юмны үнэ тэнгэрт хадаасанд наймаачид, ченжүүд буруутай хэмээн бүгд чичилж байгаа ч хэрэг дээрээ лангууныхаа үнийг өсгөн наймаачдыг буланд шахсан түрээслэгчдийг хэн ч эс анзаардаггүй нь илт. Гудамжинд бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар байцаагч нь очоод гөрмөл боовыг нь өшиглөөд хугалчихдаг, цагдаа нь ирээд торгодог тул үнэ өсгөсний буруу бүгд наймаачдынх биш ажээ. Тухайлбал, Цагаан сарын үзэсгэлэн худалдаа гаргах нэрийдлээр лангуугаа түрээслүүлэгчид, худалдааны барилгуудын эзэд үнээ өсгөчихөөд хэрэглэгчид, хэдэн наймаачдыг хэрхэн чичлэхийг чимээгүйхэн харж суудаг бололтой. Тухайлбал UB паласын нэг лангууг 7-10 хоног нь 2.4 сая, Мишээл экспогийнх 1.2 метр квадрат лангуу нэг өдрийн 60,000, Хүннү моллын лангуу 7-10 хоногт 2 сая хүртэлх түрээсийн үнэтэй байна.
Хүнс барааны үнэ хаданд гарч, модонд авирлаа гэх халаглалын хариу шалтгаанаас тоочвол өмнөд хил хаагдсанаас хүнсний бүтээгдэхүүнийг хойд хөршөөсөө зөөх болсон, зөөгөөд ирэхэд нь лангууны түрээс өссөнтэй холбон тайлбарлаж болохоор байна. Мөн бараа ховор дутмаг болоод ирэхэд үнэ өсдөг. Барааны хувьд урд хил хаагдсанаас хойш арилжаа эрхлэгчид Солонгос, Туркээс бараагаа агаараар татах болжээ. Энэ мэдээж барааны үнэд нөлөөлөх нэг шалтгаан. Мөн л лангууны түрээс өссөн нь барааны үнэ өсөхөд мэдэгдэхүйц нөлөөлсөн аж.
Харин хил гаалиас хамаарахгүй хэвийн боов, цагаан идээний үнэ урьд өмнөхөөсөө яагаад ийнхүү өссөн бэ гэдэгт боловсруулсан цагаан идээгээ өөрсдөө борлуулж буй худалдагч нар “Бүх юм л өсөж байхад, холоос зөөж тээвэрлэж ирсэн, шатахуун угаасаа өсөөд байгаа” гэх мэт жижүүрийн хариултуудыг өгч байв. Мах, цагаан идээний үнийг ченжүүд л өсгөдөг гэх “онош” ч ачир дээрээ бас л өөр байдаг аж. Зах, худалдааны төвүүдэд байнгын лангуу түрээслэгчид нь муу нэртэй ченжүүд. Харин түр лангуу түрээслэгч буюу үйлдвэрлэгч, үзэсгэлэн худалдаанд оролцогчид маань ченжүүдтэйгээ барьцсан бүр заримдаа давсан үнээр бүтээгдэхүүнээ борлуулах нь зах зээлийн хууль уу, хүсэл шуналын туйл уу. Ченж буюу дамжуулан борлуулалтад ямар ч бүтээгдэхүүнд өртөг нэмэгддэг. Харин шууд худалдаанд ялангуяа түрээсгүй үзэсгэлэн худалдааны үнэ ив ижилхэн заримдаа бүр илүү байгаа нь ямар учиртай юм бол.