Ковидийн амаргүй цаг үе давхцсан болоод ч тэр үү, тус салбарын асуудал олны бухимдлыг нэлээдгүй хүргэж байсан. Одоо ч асуудлыг үр дагавар ар араасаа гарсаар байгаа. Гэвч салбар нь ухарсан нь салбарын сайдынх нь бизнесүүд урагшилсан бөгөөд салбар бүрд түүний хамаарал бүхий компаниуд цэцэглэсэн талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэлээр цуурхах боллоо.
Л.Энх-Амгалан сайдын хамаарал бүхий "Мед Импекс Интернэшнл" ХХК Эрүүл мэндийн салбараас зарласан тендер бүрт шалгардаг уу?
БСШУ-ын сайд Л.Энх-Амгалангын эхнэр М.Сэржмядаг нь “Интергрупп интернейшнл” ХХК-иараа дамжуулан эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортын “Мед импекс интернэшнл” ХХК-ийг удирддаг. Эрүүл мэндийн салбарт энэ компанийн оролцдоггүй тендер гэж бараг л байхгүй. Басхүү оролцсон л бол шалгардаг онцлогтой. Л.Энх-Амгалан нь жилдээ найман тэрбум төгрөгийн орлоготой, таван тэрбум төгрөгийн орон сууцтай, 10 тэрбум төгрөгийн авлагатай, 1.6 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс үзвэл эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бизнес ямар их ашиг олдогийг харуулах биз ээ.
Л.Энх-Амгалангийн гэр бүлийн “Мед импекс интернэшнл” ХХК өнгөрсөн хугацаанд 303 тендерт оролцжээ. Ялангуяа халдварт тахалтай тэмцэлдсэн өнгөрөгч хоёр жил “халаас”-аа ахиу түнтийлгэжээ.
"Мед импекс Интернейшнл " ХХК-ны шалгарсан тендерүүд:
2020 онд Эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх 3.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ.
2021 онд Зөвхөн АШУҮИС-ийн эмнэлэгийн л гэхэд дурангийн тасгийн тоног төхөөрөмж авах 120 сая төгрөгийн тендер, Сэхээний тасгийн хяналтын монитор, ЭКГ, холтер худалдан авах 213 сая төгрөгийн тендер, Чих хамар хоолойн оношилгоо эмчилгээний иж бүрдэл авах 1.2 тэрбум төгрөгийн тендер, Хэт авиан дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж авах 1.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн ХУД-ийн Эх хүүхдийн эрүүл мэндийн II төв эмнэлэгт төрөх тасгийн ор, үзлэгийн ор, тэргэнцэр авах 662 сая төгрөгийн тендер, Амбулаторийн үзлэгийн тоног төхөөрөмж худалдан авах 160 сая төгрөгийн тендер, Суурин ЭХО нийлүүлэх 810 сая төгрөгийн тендер, Нарийн гэдэсний дуран нийлүүлэх 751 сая төгрөгийн тендер шалгарчээ.
2022 онд Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд “Монголросцветмет” ТӨҮГ-т Түргэвчилсэн оношлуур нийлүүлэх 156 сая төгрөгийн тендер, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт 34.1 сая төгрөгөөр уян дурангийн хэрэгсэл нийлүүлэх тендер, Эрүүл мэндийн яамны явуулын үзлэгийн автомашин, тоног төхөөрөмж авах 330 сая төгрөгийн тендер, Улаанбаатар хотын ЗАА-ны Оношилгооны уян дуран авах 441 сая төгрөгийн тендер, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үндсэн тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдаж авах 12 тэрбум төгрөгийн тендерийн 55, 83, 122 дугаар багц зэрэгт тус тус шалгарсан байна.
"Билэгт Зам" ХХК-д Л.Энх-Амгалан хөрөнгө оруулсан бөгөөд аргалант сум хүртэлх 7.1 км авто замын 8.4 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ
Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядагийн “Интергрупп интернэйшнл” ХХК нь цахим сайт дээрээ зам, гүүрийн барилгын “Билэгт зам” ХХК, “Эсто” ХХК-иудад хөрөнгө оруулсан тухай мэдээллээ байршуулжээ. Мөн “Билэгт зам” ХХК нь Л.Энх-Амгалангийн 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд нь 20 сая төгрөгийн хандив өгчээ. Өөрөөр хэлбэл, тун ойр холбоо хамааралтай явж ирж.
Тэгвэл “Билэгт зам” ХХК авто замын төсөв өндөртэй тендерүүдийг алдалгүй түүдэг ажээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Даланжаргалан-Бор-өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын 49 тэрбум төгрөгийн тендер, Налайх дүүргийн 2-р хороо, 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын 2.3 тэрбум төгрөг, Санзайн авто замын засвар, шинэчлэлтийн 2.7 тэрбум төгрөгийн тендер, Гашуун сухайтын авто замын засварын 3.1 тэрбум төгрөгийн тендер зэргийг авч байсан.
Харин 2022 онд буюу өнгөрөгч гуравдугаар сард Баруун чиглэлийн авто замаас Аргалант сумын төв хүртэлх 7.1 км авто замын 8.4 тэрбум төгрөгийн тендерт шалгараад байна.
Баримтын эх сурвалж: Ergelt.mn