Тэрбээр Бүгд Найрамдах Доминикан Улсад шинэ киноны зураг авалтад оролцож явахдаа Лхагва гарагийн шөнө нойрон дундаа амьсгал хураасан тухай ойрын хүмүүс нь мэдээлсэн байна.
“Goodfellas” кинонд гол дүрийн эхнэр Карен Хиллийн дүрийг бүтээсэн жүжигчин Лоррайн Бракко “Рэйгийнхээ тухай аймшигт мэдээг сонсоод үнэхээр их цочирдлоо” хэмээн хэвлэлд ярьжээ.
“Дэлхийн хаана ч явсан хүмүүс надтай уулзаад Goodfellas-ийг үзэх дуртайгаа хэлдэг. Тэгээд тэд уг кинонд дүр бүтээхийн хамгийн сайхан нь юу байсныг надаас асуудаг юм. Рэй Лиоттатай хамт тоглосноо энэ киноны хамгийн сайхан хэсэг гэж би үргэлж хариулдаг” гэж тэр ярьсан байна.
АНУ-ын Нью-Жерси мужийн Ньюарк хотод 1954 онд төрсөн Лиотта нэг нас, зургаан сартайдаа өнчин хүүхдийн асрах газраас өргүүлж байжээ.
Майамигийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн Лиотта эхлээд “Another World” телевизийн цувралд дүр бүтээсэн байна.
Дараа нь Мелани Гриффитийн хамт “Something Wild” кинонд дүр бүтээсэн нь түүний анхны том уран бүтээл болжээ.
Лиотта энэ дүрээрээ Алтан Бөмбөрцөг наадмын шагналд нэр дэвшиж байв.
Үүнээс хойш хэдхэн жилийн дараа тэр “Field of Dreams” кинонд мартагдашгүй дүр бүтээн дахин алдаршиж байжээ.
Гэхдээ найруулагч Мартин Скорсесийн 1990 оны “Goodfellas” кинонд бүтээсэн дээрэмчин Хенри Хилл хэмээх бодит хүний дүр түүнийг хамгийн ихээр алдаршуулсан юм.
Энэ бүтээлд тэр Роберто Де Ниро, Жо Пеши, Пол Сорвиньо зэрэг алдартнуудтай хамт тоглож байв.
“Уг киног хүмүүс одоо болтол үзсээр байдаг. Бүр өсвөр насныхан хүртэл өнөөдөр намайг таниад киноны талаар сэтгэгдлээ илэрхийлдэг шүү” гэж Лиотта 2012 онд хэвлэлд ярьж байжээ.