Ц.Сэдванчиг: Ерөнхий сайдын явуул гэсэн захидал шүү дээ
Өнгөрөгч долоо хоногт улс төр, уул уурхай, нийгмийн салбарт өрнөсөн онцлох үйл явдал бол “Эрдэнэс Оюутолгой” компанийг даргалж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг ажлаа өгсөн явдал.
Түүний ажлыг Да.Ганболд хүлээж авсан бөгөөд нэгэн цагт Шадар сайд, хотын орлогчоор ажиллаж байсан туршлагатай эдийн засагч юм. Төлөөлөн Удирдах зөвлөл ямар шалтгаанаар Ц.Сэдванчигийг ажлаас нь чөлөөлсөн нь өнгөрсөн долоо хоногийн хэвлэл, мэдээллийн гол сэдэв байсан бөгөөд олон ч таамаг дэвшүүлж байв.
Тухайлбал, Оюутолгой цаашлаад уул уурхайн салбарт баримталж ирсэн түүний хатуу үзэл баримтлал нь “Рио Тинто”-д ад үзэгдэх шалтгаан болсон гэж үзэх нэг хэсэг байсан бол нөгөө талд Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу “Рио Тинто”-д төслийн нэмэлт санхүүжилтийн асуудлаар захидал бичсэн нь гай дагуулсан гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Экс гишүүн ч үүнийг үгүйсгээгүй.
Тэрбээр “Ерөнхий сайд л явуул гэсэн захидал шүү дээ. Цаг нь болохоор энэ асуудлыг дэлгэнэ” гэсэн хариулт өгсөн юм. Мөн “Рио Тинто” далд уурхайн санхүүжилтээ зогсоож олон хүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь гэрээгээ зөрчсөн үйлдэл бөгөөд дангаараа шийдвэр гаргасан тохиолдолд Засгийн газраас мэдэгдэл хүргүүлж, 60 хоногийн хугацаанд алдаагаа залруулахгүй бол гэрээг өөрчлөх боломжтой гэдгийг онцолсон.
Өөрөөр хэлбэл, гэрээгээ өөрчлөх түүхэн боломж өмнө нь байгааг дуулгажээ. Тэгж чадахгүй бол дахин 15 жил юу ч дуугарах хэрэггүй гэнэ. Ц.Сэдванчиг захирал ажлаа өгсөн нь улс оронд хэрэгтэй шийдвэр байсан уу, эсвэл “Рио Тинто”-ийн хүсэл байсан уу гэдэг нь тун удахгүй ил болох биз ээ.
Ш.Батхүү “Эрдэнэт”, УБТЗ ТӨК-иудыг барьцаанд тавьсан уу 
Өнгөрөгч долоо хоногт гэмт хэрэг, эдийн засгийн салбарт дуулиан тарьсан хүн бол дампуурлаа зарлаад байгаа “Жаст” группийн эзэн Ш.Батхүү юм.
Түүнийг цагдан хорьсон, батлан даалтад гаргасан гэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа өдөр өнжихгүй гарч байсан. Мөн Төрийн өмчит олон компаниудыг барьцаанд тавьж их хэмжээний мөнгө зээлсэн гэх асуудал ч яригдаж эхэлсэн билээ.
Тодруулбал, Ш.Батхүү “УБТЗ ”-ыг барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэргээр ч шалгуулж байгаа гэнэ. Үүнээс гадна “Хадгаламж банк” Төрийн банкинд нэгдсэн болон Ш.Батхүүгийн хэргийн асуудлаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ярилцлага өгч, хоёр банкны нэгдэл, эзэн нь гэгдэх Ш.Батхүү ямар нөлөө үзүүлсэн талаар ярьсан байна. “Хадгаламж” банк ямар нэг системийн болоод эдийн засгийн хямралд ороогүй бөгөөд тухайн банкны эзний өөрийнх нь үйл ажиллагаа, өртэй холбоотой асуудлаас болж хоёр банкийг нэгтгэсэн аж. Мөн 2008 оны хямралаас одоо хүртэл салж чадаагүй яваа нь нөлөөлсөн гэх.
Тэрбээр, “Наадмын өмнө Ш.Батхүү захирал банкны өөрийн хөрөнгийг гүйцээж чадахгүй байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Гэтэл өөрийн хөрөнгө нь бага боловч төлбөрийн чадвараа алдаагүй энэ банкны тухай сөрөг мэдээллийг харилцагчдад нь хүргэхгүй байх хариуцлага чухал байлаа. Хэрэв ийм мэдээлэл иргэдэд хүрвэл хадгаламж татагдаж, банкийг хүчээр дампууруулахад хүрэх байв. Ямартай ч эл эрсдлээс сэргийлж чадсан нь сайшаалтай” хэмээжээ. Төрийн банкны хувьд 300 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан. Харин “Хадгаламж” банк нэг их наяд төгрөг буюу гурав дахин их хөрөнгөтэй энэ банктай нэгдсэн аж.
Өөрөөр хэлбэл, суурь нь эрүүл байсан учраас дарамт багатайгаар нэгдэж, эзний учруулсан хорт хавдрыг эмчилжээ. Ш.Батхүүгийн хувьд “Хадгаламж” банкны өөрийн хөрөнгийг 80 тэрбум төгрөг хүртэл өсгөсөн байжээ. Гэвч чанаргүй зээл, өглөг, авлагаасаа болоод 100 орчим тэрбум төгрөгийг нэмж олох шаардлагатай болсон учраас гарцгүй байдалд орсон гэсэн байна.
Д.Цогтбаатар: “Эрдэнэт”-ийг аврахад “Чингис” бондыг ашиглаж магадгүй 
Төрийн өмчийн хорооноос төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн сүүлийн гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шинжилгээ хийжээ.
Энэ үүднээс алдагдалтай ажиллаж байгаа компаниудын алдагдлын шалтгаан, цаашид алдагдлаас хэрхэн гарах боломж бололцоо байгаа талаар мэдээлэл хийсэн нь анхаарал татлаа. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар хамгийн их алдагдалтай ажиллаж байгаа нийт 14 компани байгаа аж.
Дээрх компаниудын тухайд нийт 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Аж ахуйн нэгжүүдийн тухайд нэг тэрбум төгрөгөөс дээш алдагдалтай ажилласан гэх байгууллагууд байгаа аж. Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар хэлэхдээ “Бидний зүгээс алдагдалтай ажилласан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж байна.
Ингэхдээ эхний ээлжинд 14 компанийн удирдлагуудыг хүлээн авах юм. Үүний дараагаар 100 саяас нэг тэрбум төгрөгийн алдагдалтай гэх нийт 13 компанийн талаарх асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гадна алдагдалгүй боловч менежментийн асуудалтай компаниудтай уулзаж, алдагдлыг хэрхэн шийдэх талаар ярина” гэв.
Мөн ашигтай ажилласан гэдгээ ил тод зарладаг чадахгүй бол ажлаа өгдөг хариуцлагын тогтолцоог бий болгож, энэ салбарт дутагдаад байгаа өөрчлөлтүүдийг зоригтой хийж байгааг дуулгав. Сүүлийн үед “Жаст”-ын Ш.Батхүү, “Ноёд” группийн Г.Буяндорж зэрэг бизнесмэнүүд ТӨК-иудыг хуурамчаар барьцаанд тавьж их хэмжээний зээл авч байгаа талаархи асуудлыг хөндөж, үнэхээр үнэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн юм. Үүнээс гадна, “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн хямралын асуудлыг хөндсөн бөгөөд тус үйлдвэрийг санхүүгийн хямралаас гаргахын тулд “Чингис” бондоос хөрөнгө болгох боломжийг хайж байгаа гэв. Хэрвээ ийм байдлаар санхүүгийн боломжтой болгочихвол цаашид ашигтай ажиллах аж.
Л.Эрдэнэчимэг: Жижиг дэлгүүрүүд архи худалдахгүй 
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг парламент дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар ажилладаг. Тиймээс эмэгтэй гишүүдтэйгээ нэгдэж олон чухал хуулийг батлаад байгаа билээ. Үүний нэг нь тамхины хяналтын тухай хууль юм.
Уг хуулийн төслийн хэрэгжилт ямар байгаа талаар ирэх есдүгээр сард хяналт тавих бөгөөд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг эрс эсэргүүцнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг өөрчлүүлэхийг хүсэгчид нь тамхи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн лобби гэж гишүүн үзэж, цаашдаа хүссэн ч эс хүссэн ч зах зээл нь хумигдах учраас эртнээс хувь тавилантайгаа эвлэр гэж зөвлөв.
Мөн намрын чуулганаар архины хяналтын хууль боловсруулан оруулж, хуулийн төслийг тун чамбай чанга архи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн эздийн нөлөө оруулахгүйгээр эмэгтэй гишүүдээрээ ярилцаж чуулганд оруулахаар болсон гэв. Уг хууль батлагдаж гарвал ирэх хавраас хэрэгжиж эхлэх бөгөөд жижиг дэлгүүрүүд архи худалдах эрхгүй, тухайн дүүрэг, хороо, аймаг сумын иргэдээс асууж, санал асуулга авсаны үндсэнд ганцхан дэлгүүрт эрхийг өгч худалддаг байхаар хуульчлах юм байна.
Үүнээс гадна, гадаа гудамжинд уухгүй, баар ресторан цагийн хуваарьт баригдаж худалддаг байхаар зохицуулалт хийж өгнө гэсэн юм. Тэрбээр, өнгөрсөн долоо хоногт сүүний фермерүүд сүйрлийн ирмэгт ирээд байгаа асуудлыг ч мөн хөндсөн билээ.
Б.Өнөртогтох
