Мөн химийн бодисын ашиглалт хамгаалалтыг сайжруулах замаар байгаль орчин, хүний биед үзүүлэх хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хордлогын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны арга зүйг боловсруулах, үндсүүдийг тогтоох зорилготой юм. Форумыг нээж БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга үг хэлэв. Тэрбээр уул уурхай, жижиг дунд үйлдвэр эрчимтэй хөгжиж байгаа манай орны хувьд цаг үеэ олсон чухал арга хэмжээ болохыг онцлоод, “… өнөөдөр бидний өмнө тулгамдаж байгаа асуудал нь хугацаа нь дууссан, устгах шаардлагатай химийн бодисын хаягдал, аюултай хог хаягдал болоод байна. Химийн бодисын хэрэглээ нэмэгдсэн энэ үед тэдгээрийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалт байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахад холбогдох яам, салбар зөвлөлүүд үйл ажиллагаагаа нэгтгэн дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Үндэсний форумаар хэлэлцэх асуудлууд,  урган гарч ирэх санал санаачилгууд байгаль орчноо хамгаалж  нөхөн сэргээхэд, хамгийн гол нь хүний эрүүл мэндийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дөхөм болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

   Мөн Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюнт У нар үг хэлж, химийн бодисын менежментийн өнөөгийн байдал, хадгалалт, хэрэглээнд тавигдаж буй хяналт шалгалт, хор судлалын тулгамдсан асуудал, эрсдэл сэдвээр эрдэмтэн, судлаачид илтгэл тавьсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийт өвчлөлийн 40% нь гадаад шалтгаант /экзоген/ хорт бодисоос үүдэлтэй хордлого, халдварт бус өвчин, хавдар, харшил, удамшлын өвчнүүд эзлэх болсон. Манай оронд химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтын байдалд 1994 онд явуулсан улсын үзлэгийн дүнгээр 1300 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжид 7300 нэр төрлийн 3800 орчим тонн химийн бодис хэрэглэгдэж, тэдгээрээс байгаль орчинд 50 гаруй тонн химийн бодисын хаягдал гарч байгаагаас агаарт 68, усанд 790, хөрсөнд 600 нэр төрлийн химийн бодис хаягдаж байгааг тогтоожээ. Сүүлийн 10 жилийн судалгаагаар Улаанбаатар хот дэлхийн хамгийн өндөр химийн бохирдолтой хотын тоонд орсон байна