2025-10-29Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.

Иргэд өрхийн эмнэлгээрээ бараг үйлчлүүлдэггүй, боломж гарвал шатлал алгасаж тусламж авахыг илүүд үздэг нь хүний нөөцийн ур чадвар, тоног төхөөрөмж, үйлчилгээний төрөл, орчин нөхцөлтэй нь шууд холбоотой.
Хүүхэд хоёр настайгаасаа боловсролын үйл¬ чилгээг анхлан хүртэж буй хэлбэр нь цэцэрлэгт хамрагдах юм.
Г этэл цэцэрлэг хүртээмжгүйгээс тав хүртэлх насныхан сургуулийн өмнөх боловсролд алдаг оног хамрагддаг, нэг анги хэт олон хүүхэдтэйгээс үүдэн багачууд сургалтын баталсан хөтөлбөрийн дагуу үр дүнтэй хичээллэж ч амжилгүй төгсдөг. 50, 60 хүүхэдтэй, улсын цэцэрлэгүүдэд багш нар тэднийг хооллож ундлах, унтуулж, сэрээх, ээлжлэн бие засуулах, нус, нулимстай нь хутгалдах зэргээр өдрийг бардаг тухайгаа ч нуудаггүй. Энэ бүхнээс хамгийн чухалд тооцогдох, сургуулийн өмнөх боловсролд ор тас орхигдоод байгаа нэг зүйл нь цэцэрлэг бүр эмчтэй байх явдал юм. Олон хүүхэдтэй анги, цэцэрлэгт аливаа халдвар хурдацтай тархаж, өвчин салдаггүйг эцэг, эхчүүд, багш нар ч үргэлж үглэсээр ирсэн. Даанч холбогдох хууль, журмын дагуу цэцэрлэгүүд эмч, эрүүл ахуйчтай байх заалт мөрдөгдөхгүй, үйлчлэхгүй явсаар өнөөдөртэй золгов.
Одоогоос долоо, найман жилийн өмнө цэцэрлэгүүдэд 400 орчим эмч ажиллаж байж. Харин одоо энэ тоо эрс цөөрч, төр, хувийн хэвшлийн цөөн цэцэрлэг л үндсэн болон гэрээт эмчтэй гэнэ. Хамгийн сонин нь, цэцэрлэгүүд дэх энэ чиглэлийн хүний нөөцийн судалгаа байдаггүй аж. Тэр хэрээр цалин хангамж, нийгмийн асуудал нь ч хөсөр хаягджээ. Цэцэрлэгийн зарим эмчийн хэлснээр тэд сард 480-800 мянган төгрөгийн цалинтай. Энэ нь тогтвор суурьшилтай ажилладаггүйн үндсэн шалтгаан нь гэв. Уг нь цэцэрлэгүүдэд эмч ажиллах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, яаралтай үед анхны тусламж үзүүлэх, ариун цэврийн хяналт тавих зэрэг онцгой үүрэг гүйцэтгэх учиртай юм. Харамсалтай нь, манайд эл орон тоо эзгүйрээд уджээ. Гол нь эрх баригчид, салбарын бодлого тодорхойлогчид, сайд нь ч энэ талаар огт дуугардаггүй, нүдэн балай, чихэн дүлий олон жил болсон нь хачирхалтай.
М.СОЛОНГОСАЙХАН: АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ ЭРҮҮЛ АХУЙ, СУРГАЛТАД СУУРИЛСАН БАЙДАГ НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ
Улсын болон хувийн цэцэрлэгүүдийг эмчтэй болгохын тулд төрийн бодлого, санхүүжилт зэрэг олон хүчин зүйлийг хамтран шийдвэрлэх шаардлагатайг нийслэлийн 304 дүгээр цэцэрлэгийн эмч М.Солонгосайхан хэллээ. Тэрбээр “Хүний амьдралын хамгийн эхний суурь үе бол хүүхэд нас юм. Цэцэрлэгийн насанд хүүхдийн бие махбод, сэтгэхүй, зан төлөв хамгийн хурдтай хөгждөг. Тиймээс эл орчинд ажиллаж буй эмч хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн онцлогуудыг нарийн мэддэг, өвчин, эмгэгийг зөв оношлох чадвартай байх нь маш чухал. Цэцэрлэгийн эмч нарын олонх нь ерөнхий мэргэжлийнх байдаг л даа. Сувилагч ч ялгаагүй. Тэд анхан шатны тусламж, зөвлөгөөг өгдөг ч өвчний шинж тэмдгийг ялгахгүй, анзаарахгүй өнгөрүүлэх нь бий. Харин хүүхдийн мэргэшсэн эмч тэдний бие физиологи, дархлаа, сэтгэл зүйн онцлогийг гүнзгий судалсан байдаг тул өвчнийг эрт үед нь илрүүлэх чадвартай, бага насныхантай зөөлөн харилцаж сурсан, айдасгүй орчныг бүрдүүлж чаддаг, хооллолт, дархлаа дэмжих арга, зөвлөгөөг илүү мэргэжлийн түвшинд өгдөг. Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжлийг үнэлэх, хянах, суурь өвчлөлтэйг нь илрүүлэх, томуу, харшил, гэдэсний халдвар гэх мэт түгээмэл өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулдаг. Үүний үр нөлөөгөөр хүүхдүүдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирч, өвчлөл ч буурна. Цаашлаад Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал багасах боломжтой. Ингэхийн тулд хамгийн эхний алхам нь цэцэрлэгийн орчинд мэргэжлийн, ур чадвар өндөртэй, хүүхдийн эмч ажиллуулах шаардлагатай” гэв.
М.Солонгосайхан эмч үргэлжлүүлэн “Хүмүүсийн зарим нь цэцэрлэгийн эмч нарыг хийцгүйрсэн, мэдлэггүй гэж боддог. Уг нь бол хамгийн чухал ажлын байр юм шүү дээ. Цэцэрлэгийн эмчийн цалин хөлсийг хангалттай төсөвлөж, анхан шатны үзлэг, оношилгоо хийх боломжоор нь хангачихвал олон эерэг үр дүн гарах нь цаг хугацааны л асуудал. Дээр дурдсанаас гадна дархлаажуулалтад хамрагдсан, эсэх, сүрьеэгийн сорвижилтыг шалгах, шүдний өвчлөлийг хянах, хүүхэд бүрийн хооллолтыг үнэлэх, А, Д аминдэм уусан, үгүйг тухай бүрд нь нягтлах зэргээр багш, эцэг, эхчүүдтэй илүү ойр ажиллаж чадна. Наад зах нь хүүхэд цэцэрлэг дээрээ түлэгдэх, гэмтэж бэртэх тохиолдол их гардаг. Мэргэжлийн эмч цаг алдалгүй арга хэмжээ авснаар хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнчлэн амилуулах суурь тусламжийн ур чадварыг багш нарт эзэмшүүлэх гээд мундахгүй ажилтай. Мөн харшилтай, өтгөн хаталттай, цус багадалттай, жин их, багатай, дауны синдром, аутизмтай гээд олон янзын зовуурь шаналгаатай хүүхэд байна. Ер нь л хоёр настайдаа цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг таван нас хүртэл нь дээрх байдлаар хянаад явбал өвчлөл эрс буурна. Бүх хүүхдэд хяналтын дэвтэр нээх хэрэгтэй. Би ийм дэвтэр боловсруулж ч үзсэн. Гэвч цэцэрлэгийн эмчийн ажлын байрны тодорхойлолт эрүүл ахуй, сургалтад л суурилсан байдаг нь учир дутагдалтай” хэмээн ярилаа.
НАСАН ТУРШДАА ЭРҮҮЛ АМЬДРАХ ДАДАЛ БАГА НАСАНД ТАВИГДДАГ
Бодит байдалд цэцэрлэгийн эмч энэ мэт хүүхдийн үзлэг, оношилгоо, өсөлт хөгжлийн үзүүлэлтийг хянаж өрх, дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг хөнгөвчлөх гэхээсээ илүүтэй туслах багшийн өглөө, оройны цэвэрлэгээ, үйлчилгээг шалгах л үндсэн үүрэгтэй гэнэ. Олонх цэцэрлэг эмчээ эрүүл ахуйчаар ажиллуулдаг нь холбогдох хуульд ийм орон тоотой байхыг зааснаас үүдэлтэй. Энэ нь эмчийн үндсэн ажлыг хийлгэдэггүй гол шалтгаан аж. Төсөв мөнгөгүйгээс болоод эмч, эрүүл ахуйчийг хамтад нь ажиллуулах боломжгүйгээ цэцэрлэгийн удирдлагууд хэлж буй юм. Эмч нар ч цэцэрлэгт цэвэрлэгээ, үйлчилгээ шалгах гэж анагаахын их сургууль төгсөөгүй гэдгээ учирласан.
Архаг, суурь өвчний үндэс нь өсвөр насанд “үүрээ засдаг” гэдэг бол насан туршдаа эрүүл амьдрах дадал хэвшил цэцэрлэгт буюу бага насанд тавигддаг байна. Хоол боловсруулах болон дархлааны систем бүрэн хөгжиж боловсроход хүүхдийн хөдөлгөөн маш чухал үүрэгтэй. Тиймдээ ч бага насныхныхны өглөө, өдөр, оройн дэглэм, хооллолт, дасгал хөдөлгөөн, улиралд тохирсон чийрэгжүүлэлт хийлгэх, эдгээрийг өсөлт хөгжилтэй нь уялдуулан хянах нь ирээдүйн олон эрсдэлээс хамгаалахад тустай аж. Цэцэрлэг бүр хоол зүйч, хөдөлгөөн засалч, эрүүл ахуйч, эмчтэй байх стандарттай ч манайд ийн мөрдөгддөггүй.
Багш нарын хэлж буйгаар цэцэрлэгийн эмч туслах багш, угаагч, үйлчлэгч, бэлтгэгч, хоол зүйч, сэтгэл зүйч, эрүүл ахуйч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хүртэл хангуулж ажилладаг, нэр хүндгүй, цалин багатай ажил байдаг гэв. Зарим цэцэрлэгийн эмч бэлгэ тэмдэг төдий ажилладаг, мэдлэг, ур чадваргүй, түлэгдсэн хүүхдийн шарханд барааны саван түрхээд зогсдог нь бий аж. Мөн халуурсан хүүхэд үзүүлэх гэхээр “Цэцэрлэгийн эмч үзлэг хийдэггүй” хэмээгээд суудаг нь ч цөөнгүй гэнэ. Ханиад, томуутай хүүхдүүдээ эмнэлэг “чирч”, өчнөөн цаг дугаарлаж, нэмж халдвар авч байснаас цэцэрлэгийн эмчдээ үзүүлээд эмийн жор, чөлөөний хуудсаа ч бичүүлчихдэг бол хаана, хаанаа амар сан.
Тэгвэл үүрэг, хариуцлага сайтай, цэцэрлэгийн зарим эмч өглөө болгон хүүхэд нэг бүрийн ам, хоолойг давс, содын уусмалаар зайлуулахаас ажлаа эхэлдэг байна. Арваннэг болон тавдугаар сард өрхийн эмнэлгээсээ хүүхдийн тоогоор А аминдэм авч, насанд нь тохирсон тунгаар уулгана. Эрт илрүүлэг, үзлэг, хяналтыг ч зааврын дагуу хийдэг аж. Тиймээс ажлын байрны тодорхойлолтыг нь нэн даруй шинэчлэн боловсруулж, урьдчилан сэргийлэх чиглэлд илүү ойртуулах шаардлагатайг тэд хэлсэн.
Эцэг, эхчүүдээс цэцэрлэгүүдийг эмчтэй болгохыг дэмжиж байна уу гэж асуутал “Хүүхдэд ээлтэй нийгэм байсан бол аль эрт төр, хувийнх гэлтгүй бүх цэцэрлэг эмчтэй болчих байлаа. Гэвч улсын цөөхөн цэцэрлэг л эмчтэй. Орон тоог нь нэмээд утгаар нь ажиллуулбал эрүүл мэндийн салбарын ачааллыг мөн ч их хөнгөвчилнө дөө. Хуульчилсан ажил, үүргийг хийх ёстой хүн нь мэргэжлийн түвшинд чанартай, хүртээмжтэй үзүүлдэг болчихвол хүүхдүүд заавал эмнэлэг явах шаардлагагүй. Хүүхдийн гар, шүдийг зөв угаалгахаас эхлээд эрүүл иргэн өсгөж бойжуулахад цэцэрлэгийн эмчийн үүрэг маш их” гэсэн юм.

БОЛОВСРОЛЫН БҮХ БАЙГУУЛЛАГА НЬ ЭМЧТЭЙ ФИНЛАНДААС СУРАЛЦЪЯ
Олон улсад цэцэрлэг, сургуулийн эмч, эрүүл мэндийн ажилтны хүрэлцээ тухайн улс орны бодлого, санхүүжилтээс хамааран харилцан адилгүй байна. АНУ-д бүх цэцэрлэгт байнгын эмч байхгүй ч сургуулийн сувилагч буюу “School nurse” нь боловсролын байгууллагуудын түвшинд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж, хүүхдүүдийн эрүүл мэндийг үнэлж, архаг өвчтэйг нь хянах үүрэгтэй. Тус улсын зарим мужид 750-1000 сурагч тутамд нэг сувилагч ажилладаг
Канадад сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн ажилтан нь хүүхдийн бие махбод, сэтгэл зүй, хоол тэжээл, архаг өвчний хяналтад голлон анхаардаг. Боловсролын байгууллагуудад нь тус бүр нэг эмч ногдоно. Европын орнуудад сургуулийн эмч, сувилагчийн хүрэлцээ харьцангуй өндөр юм. Финландад бүх цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийг эмч, сувилагч, сэтгэл зүйч хамтран хариуцдаг. Нэг эмч дунджаар 600-800 хүүхдэд үйлчилдэг гэнэ. Манайх шиг хүүхдийн өвчлөл өндөртэй улс Финландаас суралцвал зүгээр сэн. Германы цэцэрлэгүүдэд АНУ-ынхтай адил зөвхөн сувилагч ажиллах дүрэмтэй бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд илүүтэй төвлөрдөг байна. Азийн орнуудад ч ижил төстэй зохицуулалтууд үйлчилдэг аж.
Манай улсын хувьд цэцэрлэг, сургуулийн эмчийн хүрэлцээ, чанар, ажлын ачааллын талаарх судалгаа дээр хэлсэнчлэн хомс байдаг нь хүний нөөцийн дутагдалтай холбоотой. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 13.1.2-т цэцэрлэгийн үйл ажиллагааг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхийг заасан байдаг. Эрүүл ахуйн тухай хуульд ч мөн бүх төрлийн боловсролын байгууллага ариун цэврийн шаардлагыг хангах үүрэгтэй бөгөөд үүнд эмч ажиллуулахыг холбогдох дүрэм журам, стандартад тусгажээ.
https://www.unuudur.mn/a/278397