Ийм нэгэн амьдрал
Ги де Мопассан
Блерот бол миний хар багаасаа нөхөрлөсөн хамгийн дотны найз.Бид хоёрт бие биенээсээ нуух юм огтхон ч байгаагүй,зүрх сэтгэлээрээ нэгдэж нийлсэн ахан дүүсэг тууштай агаад хязгааргүй дотно харилцаатай хоёр байсан юм.Би түүний хайр сэтгэлийн бүх л нууцыг хуваалцдаг байлаа.Түүнийг гэрлэх болсон тухайгаа надад хэлэхэд надаас урваж буй мэт санагдаж би гомдож байсан санагдана.
Миний хувь урьд өмнө нь байсан бидний харилцаанд ямар нэг зай завсар гарах юм шиг л санагдаж байв.Юу гэвэл,түүний эхнэр бид хоёрын хооронд орж ирнэ.Тэр хоёрын хайр сэтгэл,хамтын амьдрал хоёр эр хүний нөхөрлөлд нөлөөлөлх нь гарцаагүй бөгөөд салж сарнисан ч тэрхүү ангал,зай завсар байсаар байх нь тодорхой санагдаж байв.Эхнэр нөхөр хоёр өөрсдийн нууц харилцааагаа хэн нэгэнтэй хуваалцахгүй нь ойлгомжтой.Гэвч гэр бүлийн дотно харилцаа,халуун дулаан үнсэлт эхнэрийн сэтгэл урвахын цагт өөрчлөгдөх явдал бий нь бий.
Блеротын хуримыг би өчигдөр болоод өнгөрсөн мэт тодорхой санаж байна. Тэднийг гэр бүлийн батламжин дээр гарын үсэг зурсан ёслолд би нэг их ач холбогдол өгөөгүй,харин энгийн арга хэмжээ,сүмд очих хоёрт нь л явалцсан юмдаг. Эхнэрийг нь би өмнө нь огт харж байгаагүй,нэг тийм өндөр туранхай, цонхигор царай,цайвар гар, бас тийм үстэй байдаг л нэг охин харагдаж байв.Тэрээр жаахан тэнцвэр муутай,явахдаа усан онгоцон дээр явж байгаa мэт явах боловч цаанаа л нэг донжтой,эелдэг бүсгүй болох нь анзаарагдаж байлаа.Блеротын хувьд бол харин түүнд маш их хайртай юм шиг надад санагдаж байв.Тэрээр олддоггүй юм олдчиxсон юм шиг эхнэрээ байнга гөлрөөд байгаа нь надад нэг л таалагдаж өгөхүй байлаа.Хурим болоод өнгөрснөөс хэд хоногийн дараа уулзахаар очиход тэрээр "ямархан аз жаргалтай байгааг минь чи мэддэг ч болоосой.Би түүнд ухаангүй хайртай.Харин тэр..."Тэр өгүүлбэрээ төгсгөж чадсангүй,хурууныхаа өндөгийг урууландаа хүргэж “гайхалтай,ялдамхан,төгс төгөлдөр” гэсэн дохио үзүүлээд сэтгэл нь үнэнхүү хангалуун байгаагаа илэрхийлэв.
Би инээд алдаж "чухам юугаараа,бүх юмаар юу?"гэж асуув." Юм болгоноороо гээд л бодчиход болно "гэж тэр хариулав.Дараа нь тэр намайг эхнэртэйгээ танилцуулсан юм.Тун зүгэээр,ер нь л байгаагаараа бүсгүй санагдсаны дээр тэр намайг гэртээ өөрийнхөө гэрт байгаа юм шиг байхыг хүслээ.Энэ үед яагаад ч юм бэ,миний хувьд Блерот миний өнө эртний найз байгаагүй юм шиг сонин сэтгэгдэл төрж байв.Бидний үерхэл нөхөрлөл нэг тийм хачин болчихсон ч юм шиг санагдаад хоорондоо хэд гурван үг солихоос хэтэрсэнгүй.
Тэр уулзалтын дараахан би Зүүн Eвропоор явах болж Орос,Герман, Швед ороод жил хагас орчим Парист байгаагүй юм.Ирснээсээ хойш нэг өглөө салхинд гараад өргөн чөлөө даган алхаж байсан чинь турж эцэж,хацар нь хонхойсон цонхигор царайтай хэрвээ тэр булиа чийрэг,улаа бутарсан царайтай байсансан бол Блерот байж болохоор хачин адилхан хүн өөдөөс ирж явдаг юм байна.Би тэр хүнийг харуутаа "арай Блерот биш байгаа даа?" гэж өөрөө өөрөөсөө асуулаа.Гэтэл тэр намайг харуутаа гараа алдлан гүйж ирж хоёул гудамжинд тэврэлддэг байгаа.
Бид хоёр тийнхүү уулзалдаж Руе Доoроос Воодвилле театр хүртэл нэг,хоёр удаа алхаж,тэгж явах зуураа би ам нээж "чи минь зүгээр үү?Ямар нэг өвчин тусаагүй биз?"гэж асуув.
" Миний бие нэг л сайнгүй байх шиг санагдах болоод байгаа "гэж тэр хариулав.Тэр нэг их удалгүй үхэх гэж байгаа хүн шиг санагдаж хуучин нөхрөө би өмнө нь хэзээ ч өрөвдөж байгаагүйгээр өрөвдлөө.Би гарыг нь чангаар атгаж
"Юу болох нь энэ вэ?Өвчин тусаа юу?"гэж асуув.
"Зүгээр дээ,жаахан ядраад"
"Эмч юу гэж байна?"
" Сульдаа гэсэн.Шувууны төрлийн мах идэж болохгүй,харин төмрөөр
баялаг эмийн ханд ууж байхыг зөвлөсөн".Надад ямар нэг сэжиг төрөөд
“Чи ер нь ингэхэд сэтгэл санаагаар ямар байна?”гэж асуув.
" Хангалуун байгаа.Манай эхнэр сайхан бүсгүй.Тийм болохоор би түүнд улам л хайртай болж аз жаргалтай амьдарч байгаа."Мань эр ийнхүү хэлэхдээ бяцхан улайж ичингүйрэн цаашид энэ талаар юм асуух вий гэж эмээсэн байдалтай байхыг анзаарангуутаа гараас нь хөтөлж тэр үед хүн цөөтэй байгаад байдаг нэг кафе руу орцгоов.Би түүнийг ширээнд суулгаад нүүр рүү нь эгцлэн харж
"Миний найз яг үнэнийг хэлчих " гэв.
"Надад хэлээд байх юм байхгүй ээ" гэж тэр ээрүүтлээ.
" Чи худлаа яриад л байна даа" гэж би тулгаад" чамайг харахад ямар нэг өвчин, магадгүй мэдрэлийн талын согог туссан юм шиг санагдаж байна.Тэгээд чи сэтгэл зовоосон тэр юмаа зүрхэлж хэн нэгэнд хэлж чадахгүй байх шиг л санагдах юм.Ийм байдалд хүргээд байгаа юмыг чинь би хэлүүлмээр байна.Чи ярьчихгүй юм уу?" гэв. Дахиад л нөхрийн царай улайж,энэ удаа бүр час улаан болж "энэ бол хэтэрхий тэнэг хэрэг л дээ.Гэхдээ би...би...би нэг тийм юм хийчихсэн юм аа." Тэгмэгц нь би өлгөн авч
" Юу хийчихсэн гэж.Яриач" гэв.Эхнэр маань намайг сүйтгэчихсэн хэрэг.Тэгээд л тэр " гэж мань эр огцомхон,бараг шулуудчихсан хүний байдлаар хэлэв.Эхлээд би тэр үгнийх нь учрыг ойлгосонгүй."Тэр чамайг тийм хэцүү байдалд оруулчихсан юм уу? Яаж?Юу гэж наадхыг чинь ойлгoх вэ?" " Үгүй" гэж тэр доройхон хариулаад гэмт хэрэг хийчхээд хэргээ хүлээж байгаа амьтан шиг мунгинаж "би түүнд даанч их хайртай юм аа.Тэгээд л ийм юм болчихлоо" гэв.Би түүний ийнхүү мэгдэн сандрахыг хараад инээд хүрсэн боловч цааш яриулахын тулд " Чиний эхнэрээ хайрлах хайр чинь бага зэрэг нимгэрсэн юм шиг санагдах чинь"гэв.Тэрээр миний энэ үгэнд царай нь хувхай цайсан боловч бодол санаагаа ямар ч болов төвлөрүүлж "үгүй" гэж хариулаад" тийм байхын аргагүй.Харин тэр их хайрынхаа төлөө би л өөрөө сүйрч байгаа хэрэг.Энэ маань намай нэг ёсондоо алж байгаа болохоор би түүнээсээ үнэндээ айгаад байна" гэв."
Зарим өдөр,тухайлбал өнөөдрийн хувьд түүнээс салчихмаар,хаа нэг газар ертөнцийн хязгаарт ч юм уу явчихмаар,тэндээ удаан амьдарч байснаа нэг орой буцааад хүрээд ирмээр ч юм шиг янз бүрийн бодол төрж тавгүйтүүүлдэг л юм.Тэгж хүрч ирчихээд дээд давхар руугаа итгэл муутайхан өгсөж гараад хааалганыхаа хонхыг дарж ороход эхнэр минь нүсэр том сандлаасаа босож ирээд "чи минь ямар их оройтов доо" гэж хэлнэ. Би түүнийгээ үнсэж хамт хооллохоор сууцгаана.Ийнхүү хооллож суухдаа “би галт тэргэнд суугаад хаашаа хамаагүй явчихмаар санагдаад байгаа шүү” гэж эрс шууд хэлнэ.Бид хоёр тэгээд зочны өрөө рүүгээ орно,би их ядарсан байх болохоор сандлаасаа босч чадахгүй суугаад л,суугаад л,суугаад л,тэгснээ буугаад өгчихнө дөө." Би тэсэхгүй инээмсэглээтхэтэл " Чиний хувьд инээдтэй байж магадгүй.Гэхдээ би тун амаргүй байгаагаа л чамд ойлгуулах юм гэсэн юм."гэв. "чи aвгайтайгаа энэ талаар ойлголцож яагаад болоогүй юм бэ? Тэр жинхэнээсээ ад зэтгэр болчоогүй л юм бол ойлгох учиртай баймаар гэж би хэлэв.Тэр мөрөө хaвчлаа.чиний хэлдэг үнэн л дээ. Би түүнд хэлдэггүй юм аа,яагаад гэвэл би түүний мөн чанарыг ойлгодог болохоор .Чи янз бүрийн бүсгүйчүүдийг сонсдог л байлгүй,тэр бол гуравдахиа гэрлэчихээд байгаа хүн шүү дээ.За энэ ч яахав,нэгэнт ийм явдал болсон болохоор чиний инээдийг дахин хүргэх биз.Тэр явдал түүний ч,миний ч буруу биш байдаг.Тийм болохоор ямар шийд гаргахаа нэг л сайн мэдэхгүй байна.Түүний хувьд угаасаа тийм хүн болохоор түүгээрээ л байгаа хэрэг.Эртний анд минь чамд ойлгуулах гэж хэлэхэд тэр бол тогтворгүй араншинтай л хүн л дээ.Тэр түүнийгээ мэддэггүй юм,тэгэхдээ надад бол мэдрэгддэг л юм.Тэгээд ч миний хувьд хүнд тусдаг байх.
Миний эхнэр бол аядуу зөөлөн,өрөвч нинжин сэтгэлтэй атлаа гэр бүлийн харилцааны хувьд намайг яаж ийгээд ашиглаж дyусгах л бодолтой хүн.Сургуулийн жаахан охин шиг мэдлэг нимгэн,ер нь юу ч мэдэхгүй хөөрхийлөлтэй нэгэн шиг санагддаг юм.Чамд ойлгуулах ёстой зүйл бол сүйрч байгаа амьдралынхаа төлөө өдөр болгон ямар нэг тодорхой шийдвэр гаргаж байхгүй бол болохгүй болчихож байгаа юм.Би түүний харцнаас нь, шунал тачаал илэрхийлсэн уруулаас нь намайгаа дөнгөчих хэмжээний дүр зураг олж хараад ингээд би дуусч байгаа хэрэг үү,цаашдаа илүү аймшиг дагуулсан үнсэлтийг нь эзэмдэж чадахаа больж байгаа хэрэг үү гэхчлэн бодоод өнөөдрийнх шиг хэрүүл,уруул хийж гадагшаа гараад үхлийн тухай бодож баахан дэмий явдаг,тэгээд би хожигдож,бүх юм дуусчээ л гэж өөртөө хэлдэг дээ.Би мэдрэлийн хувьд хүндээр өвчилж түүнээсээ болоод өчигдөр Пере Лачайсе-д байдаг оршуулгын газар руу очсон.Тэнд даалуу шиг эгнэсэн оршуулгыг хараад”би ч удахгүй энд ирнэ дээ” гэх бодол төрдөг юм байна лээ.Дараа нь гэртээ хариад хэрхэн өвчтэй болж жүжиглэхээ баахан бодсон боловч тодорхой хариулт олж чадаагүй,өө тийм! хүн мэдэхгүй нэг арга байна,архаг тамхичин никотиноор биеэ хэрхэн хордуулдаг тухай бодсон юм байна.Тэр тамхичин тамхинаас гарах гэсэн өчнөөн бүтэлгүй оролдлогынхоо тухай хэлж өгөөд "бүтэхгүй юм байна лээ,тамхинаас салсны оронд үхсэн нь дээр юм билээ" гэж хэлж таарна.Eр нь ч тэр нь надад болно доо.Хэрвээ тийм болчихвол тэр дадал хэвшлийнхээ золиосонд өөрийгөө өгч байж салж таарна." Ийнхүү яриад тэр босч надад гараа өглөө.Tэр үед хайр халамжгүй эхнэрийг нь үзэн ядсандаа түүний гарыг хайш яйшхин чангаар атгасан санагддаг юм.Түүнийг хүрмээ товчлонгоо гарч явахад нь хойноос нь нэлээд хэрцгийгээр " чамд ингэж үхсэнээс тэр эхнэрээ хаясан чинь дэээр биш үү,бурханы өмнөөс хэлэхэд нээрээ тэр нь шулуун биз дээ" гэхэд тэр мөрөө хавчисхийгээд хариу хэлэлгүй явчихав.Зургаан сар би түүнтэй уулзалдсангүй.Өглөө болгон би түүний оршуулганд очих урилга гэмээр ч юм уу,сураг ажиг хүлээдэг байсан боловч түүний арчаагүй байдал,бас эхнэрт нь дургүй хүрсэн зэрэг олон юм шалтгаалаад гэр рүү нь очих хүсэл огт төрөөгүй юм.
Хаврын нэг сайхан өглөө Eлесейн гудамжаар алхаж явлаа.Нүд сэтгэл сэргэж,урам зориг орсон баяр баясгалантай тийм нэг сайхан өглөөсөн. Гэв гэнэт хэн нэгэн миний далан дээр алгадаж эргэн харвал харин хуучин нөхөр маань улаа бутарчихсан,чийрэг булиа төрхөөрөө гоё амьтан зогсож байдаг юм байна.Тэр сэтгэл хангалуун байдлаа илэрхийлэн надад хоёр гараа өгч "ааштай гайхал чи ингээд явж байдаг" гэж дуу алдлаа.Би ч аянганд цохиулсан юм шиг болохгүй хаачих вэ."За тийм байна.Сайхан нохой чи!Сүүлийн зургаан сар шал өөр болсон байна шүү,баяр хүргэе!" гэв.Түүний царай нэг улайж ирснээ ичингүйрэн инээмсэглэж "тэгэх нь тэгсээн,гэхдээ л " гэв.Би түүнийг гайгүй сайн тогтоож харахад тэр бяцхан эвгүйцэх шиг санагдахаар нь” чи дажгүй болсон байна шүү дээ,бүрэн эмчлүүлсэн биз дээ? "гэж асуув.Тэр жаахан ээрүүтэн" тийм ээ,баярлалаа" гэж хариулав. Тэгснээ дууныхаа өнгийг өөрчилж "чамтай уулзсан нь сайн хэрэг боллоо,найз минь Одоо байнга уулзалдаж байх байх гэж бодож байна" гэж хэлэв.Би"чи зургаан сарын өмнө уулзсанаа лав санаж байж таарна.Би бодож байсан шүү..би бодож..базаахгүй юм болох вий гэж. Харин одоо.?."гэхэд тэр "энэ талаар дахиж яриад хэрэггүй" гэж түгшсэн байдалтай хариулав."Тэгэхэд ярьж байсныг минь мартахыг чамаас гуйя.Тэр явдлын хувьд намайг зүгээр л орхичих.Харин би чамайг өнөөдөр явуулмааргүй байна.Манайд очиж хамт хоол идэх ёстой шүү "гэв. Гэнэтийн энэ урилгад жаахан цочирдсон боловч сайхь хэрэг явдлын учрыг тайлахад тус болохыг нь бодоод зөвшөөрлөө.
Эхнэр нь намайг бүхнээс хүндэтгэлтэйгээр тосон авч байгаагаас нь ч харсан,ер нь хамгийн боломжийн эхнэр байсан,тийм ч байгаа нь анзаарагдлаа. Түүний цагаахан эмзэг турьхан урт гар,хүзүү,бас хацар гоо,туйлын үзэсгэлэнтэй, хүмүүжилтэй дүр төрх,тэнцвэр муутай мэт санагдах явдал суудал нь ч гоё санагдаж байв.Блерот эхнэрийнхээ духан дээр зөөлөн үнсэж "Лусеин ирээгүй байгаа юм уу?"гэж асуув."Aлга л байна " гэж тэр зөөлөн тунгалаг хоолойгоор хариулснаа "байнга хожигдож байдагийг нь чи эс андах биш дээ" гэв.
Яг тэр үед үүдний хонх дуугарч өндөр эр орж ирлээ.Тэр бараан царайтай тачирхан сахалтай,орчин үеийн Геркулес баатар шиг надад санагдав. Бид харилцан бие биенээ танилцуулав.Түүнийг Лусиен Делабарре гэдэг аж.Блерот тэр хоёр хэзээ язааны найз нөхөд шиг гар барилцсаны дараа бид хооллоцгоолоо.Энэ удаагийн бидний хооллолт ямар нэг биеэ барьсан байдалгүй хамгийн сэтгэл хангалуун үйл явдал болж өнгөрөв.Найз маань надтай хуучны өнгөрсөн явдлаа байнга ярьж юм л бол" чи мэдэж байгаа даа,нэг тийм юм болсныг,эртний найз минь" гэх бөгөөд би ч бас "эртний найз минь" гэсээр нэг "эртний найз" -ынхаа ярианы үед нөгөөх гэнэт дуу алдан “би чамтай дахин уулзсандаа ямар их баярласан гээч.Тэр уулзалт миний өнгөрсөн үеийг минь буцааж авчирч өгсөн шүү” гэв.Би нөгөө зочин эхнэр хоёр руу нь харлаа.Тэд түүний үгэнд нэг их ач холбогдол өгөхгүй байх шиг байсан боловч нэг,хоёр удаа нууцхан харц солилцоод авах нь анзаарагдав.Хооллож дуусуут Блерос эхнэртээ хандан "миний хонгор оо,Би Пиерртэйгээ дөнгөж уулзаад байна,тийм болохоор гаргаж өгөөд бага залуугийнхаа явдлыг ярьж өргөн чөлөөгөөр жаахан явж байгаад ирье.Би чамайг их сайн найзтайгаа орхиж байгаа шүү дээ" гэв.
Залуу бүсгүй инээмсэглэн надтай гар барингаа" наадхаа битгий удаагаарай" гэлээ.
Бид хоёр хөтлөлцөж явсан боловч миний хувьд яг юу болсныг мэдмээр байсан болохоор жаахан зогсосхийж" чамд юу тохиолдсон юм бэ,хэлээч" гэв.Тэр миний асуултыг шууд тасалдуулснаа юу ч болоогүй юм шиг" тэгээд л зогсчих.Наад асуудлаа тэр чигээр нь орхичих" гэв.Тэгснээ тэр өөртөө хэлж байгаа юм шиг аяарханаар "эцсийн эцэст ийм юм болохыг нь урьчилж мэдсэнсэн бол миний тэр явдал туйлын тэнэг хэрэг байсан юм байна лээ" гэв.Би түүнийг дахиж шахаж шавдуулсангүй.Бид алхаагааа хурдасгангаа өөр юм ярив.Гэтэл нөхөр маань гэв гэнэтхэн миний чихэнд "хоюулаа нэг лонх физз архи,бас охид авна байгаа,аан" гэж шивнэв.Би инээдээ барьж чадсангүй,”чи тэгмээр байгаа бол тэгье л дээ"гэв.
Орчуулсан Т.Дашбалдан




















.jpg)








































































